
Эдийн засгийн байдал хүндэрч Монголд орж ирэх хөрөнгө оруулалт царцан, дотоодын зах зээлд долларын хомсдол үүссэн шалтгааны хангалттай ярилаа. Нийлүүлэлт нь хумигдаж, эрэлт нь ихсэхэд аливаа бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ жамыг дагаад өсдөг ёстой. Энэ ч утгаараа нийлүүлэлт муудаж, эрэлт ихэсчихээд байгаа нөхцөлд ам.долларын ханш өсөх нь гарцаагүй. Харин одоо ярихаас илүү хийх ажил зөндөө байна.
Ам.долларын ханшийг яаж барих вэ гэдэг алтны нөөцөө яаж нэмэгдүүлэхээс шууд хамаарна. Тиймээс алтны нөөцөө нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар нэгэн хуулийн төслийг санаачилж, УИХ-д барьсан нь улс төрийн хүрээнийхний дунд багагүй хардалтыг үүсгээд байна.
Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөлд тусгагдсанаар алтны салбарынхнаас авах татвар таван хувиас 2,5 хувь болж буурч байгаа юм. Гэтэл энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн “Оюутолгой”-д зориулсан хөнгөлөлтийг Засгийн газар бий болголоо гэх шүүмжлэлийг дагуулаад буй. “Оюутолгой”-н хувьд Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч, алт зэсийн томоохон ордын гол хувь эзэмшигч гэдэг нь үнэн. Гэхдээ Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төсөл энэ удаад “Оюутолгой”-д ямар ч хамааралгүй. Тодорхой хэлбэл, “Оюутолгой” компани энэ хуулийн дагуу ямар ч хөнгөлөлт эдлэхгүй гэсэн үг юм.
“Оюутолгой” компани одоогоор зэсээ баяжуулж гадагшаагаа экспортод гаргаж буйг Монголын улстөрчид сайн мэдэж байгаа байх. Учир нь “Оюутолгой” бол тэдний хувьд анхаарлынх нь цэг шүү дээ. Зэсийн баяжмал гэж юуг хэлдгийг сөрөг хүчнийхэн сайн мэдэж байгаа. Гэтэл яагаад ийм тоглолт хийгээд байгаагийн цаад учрыг мэдэхгүй юм. Харин зэсийн баяжмал гэдэг маань цэвэр алт гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна лээ. Нэг тонн хүдэр нь 0.54 хувийн зэс, 0.85 гр алтны агууламжтай гэхээр зэс нэг газраас, алтыг нь нөгөө газраас ухаад авчихна гэж ойлгож болохгүй юм байна. Зэсийн баяжмал гэдэг алт, мөнгө гэсэн химийн эленментүүдийн холилдол бөгөөд алтны агууламж нь хэр байхаас, алтаа хэр зардалтайгаар салгаж авах вэ гэдгээс үнэ нь тогтоогддог аж. дэлхийн зах зээлд хэрэглэж ирсэн жишиг хувилбар гэнэ лээ. Нөөц ашигласны төлбөрт “Оюутолгой” таван хувийн татвар төлдөг. Тэрхүү таван хувийн татварыг Монгол Улс зэсийн хүдрээс нь бус баяжмалаас нь тооцож авахдаа, алтны мөнгөний агууламжаар нь үнэлгээг нь тогтоогоод авчихдаг болохоор Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хууль батлагдсан тохиолдолд “Рио-Тинто” ганцаар хожих нь гэсэн хардлага учир дуталдалтай юм. Тэгэхээр аль ч талаас нь тооцоод үзэхээр алтны татварын хөнгөлөлтөд “Оюутолгой” сохор зоосны ч хөнгөлөлт эдлэхээргүй болж таарч байна. Үүнийг ч эдийн засгийн хүрээнийнхэн баталж байгаа шүү дээ.
Тэгэхээр УИХ-аар хэлэлцэж эхлэнгүүтээ завсарлага авах шалтгаан нь болсон энэхүү татварын хөнгөлөлт бол алтны шороон болон үндсэн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад олгож буй боломж. Өнгөрсөн хугацаанд хуулийн гажуудлаас болж хууль бусаар гадагшилж байгаа алтны далд худалдааг ил болгох гэсэн зорилго гэдгийг яагаад сөрөг хүчнийхэн олж харахгүй байна вэ. Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгож, хар захаас урсч байгаа алтыг дотоодоо шингээж чадвал Монгол Улсын валютын нөөц 2,1 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Айлаас гуйхаар авдраа уудал гэдэг биз дээ.