А.Бакей: Алтны нөөц ихэссэнээр төгрөгийн ханш тогтворжино

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

А.Бакей: Алтны нөөц ихэссэнээр төгрөгийн ханш тогтворжино

УИХ-ын ээлжит бус чуулганаас эхэлж Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн ч хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж чадаагүй байгаа билээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм. Иймд бид УИХ-ын гишүүн А.Бакейгаас дараах тодруулгыг хийлээ. 

-Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл дээр олонхийн бүлэг хоёр ч удаагаа завсарлага авчихлаа. Төслийн хэлэлцүүлгийг хэзээ үргэлжлүүлэх боломжтой вэ. Завсарлага авсан шалтгаан нь юу вэ? 

-Засгийн газраас Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Оюутолгойн ордоос зэс төдийгүй алт олборлож тэр хэрээр Монгол Улсын валютын санд нөөц бүрдүүлэх боломжтой гэж үзсэн байдаг. Тодруулж хэлбэл, Оюутолгойгоос олборлож байгаа алтыг бүрэн хэмжээгээр Монгол Улсаар дамжуулж гадагшаа гаргах, валютын урсгалыг Монголдоо төвлөрүүлэх тэгж байж валютын ханшийн өөрчлөлтийн урсгалыг зохицуулах шаардлага байгаа. Энэ агуулгаар Засгийн газар хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлсэн. Гэхдээ алтанд ногдуулж байгаа нөөц ашигласны төлбөр 5 хувь байгааг 2.5 хувь болгон бууруулахаар заасан нь зарим улстөрийн хүнд хардлага төрүүлж байгаа. Оюутолгойд зориулж нөөц ашигласны төлбөрийн татварын хувь хэмжээг бууруулах нь гэж.Тийм учраас энэ асуудалд УИХ дахь Ардчилсан намын бүлэг их бодитой хандах ёстой гэж үзсэн. Тухайлбал, татварын хэмжээг бууруулснаар Оюутолгой төсөл алтаа Монголбанкинд тушаах баталгаа байна уу, үгүй юу. Үнэхээр тийм баталгаа байвал хуулийг даруй батлах ёстой. Хэрвээ тийм баталгаа байхгүй бол хэцүү. Энэ мэт олон асуудалтай холбогдож олонхийн бүлэг завсарлага авсан. Ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.

-Та хувьдаа хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Хоёрдугаарт, “Оюутолго”й компани зэсээ баяжмалаар экспортолж байгаа нөхцөлд алтыг ялгах бололцоогүй гэх? 

-Эргэлзээ төрж байгаа. Мэдээж алтыг Монголдоо цэвэршүүлээд экспортлох боломж байгаа бол хоёр гараа өргөөд дэмжинэ. Харамсалтай нь, “Оюутолгой” компанийн хувьд тийм боломж байхгүй учраас Хятад руу зөөгөөд тэнд цэвэршүүлээд буцаагаад Монголд тушаана гэх баталгаа байна уу гэдэг их эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Ер нь бол энэхүү төслийн хүрээнд алт тушаалт илүү боловсронгуй, ил тод болох бололцоо харагдаж байгаа.  Монголбанкинд тушаах алтны хэмжээ өссөнөөр валютын нөөц бүрдүүлэхэд жинтэй хувь оруулж тэр хэрээр Монгол Улсад төгрөг тогтворжихоос эхлээд олон талын ач холбогдол дагуулах тал ч бас бий.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж