
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ УИХ-д мэдүүлээд байгаа ч энэ асуудлыг хэлэлцэхгүй багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс Р.Амаржаргал гишүүний Төрийн байгуулалтын байнгын хороонд гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хэлэлцэж өгөх хүсэлт гаргасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх эсэхээр гишүүдээс санал авч, байр суурийг нь сонссон юм. Зарим гишүүд Р.Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ардчилсан нам намын дотоод асуудлаа бүлгийн хуралдаан дээр ярих ёстой. Энэ бол нам бусчуудын хурал буюу байнгын хорооны хуралдаан. Тиймээс энэ асуудалд нам гэж хандахгүйгээр хэлэлцээд, шийдвэрлээд явах ёстой" гэлээ. Мөн УИХ-ын дэд дарга М.Энхболд "УИХ-д өгсөн өргөдлөө шийдүүлэх талаар зүй ёсны шаардлага тавьж байна. Энэ хүсэлтийг нь байнгын хороо шийдвэрлээд УИХ-д оруулах ёстой. АН-аас нэр дэвшиж, сонгогдсон хүн гэдгийг байнгын хороон дээр ярих хэрэггүй. Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ хувьд УИХ-д хариуцлага хүлээж сууж чадахгүй гээд өргөдлөө өгч байгаа. Үүнийг нь нам руу татаж, шийдэл гаргах зохимжгүй. Энэ асуудлыг санал хурааж, шийдэх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Гэвч байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хэлэлцэхийг дэмжих үү гэсэн томъёоллоор санал хурааж, нийт 10 гишүүний дөрөв нь дэмжсэнээр энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөлөөр шийдвэрлэж, баталсны дараа байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх ёстой гэж хойшлуулсан юм.
Үүний дараа байнгын хорооны хуралдаан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн олонийн саналаар энэ төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.