Д.Батсүх бусад руу мэс гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Д.Батсүх бусад руу мэс гаргажээ

Төрийн албан тушаалтан бусадтай бүдүүлэг харилцаж, сүрдүүлдэг байдал өнөөг хүртэл байгаа нь харамсалтай

Өнөөгийн нийгэмд танил­тай, мөнгөтэй, дарга сэтэр зүүсэн болгон монголын хуу­­лийг гууль болгон, ёс зүй­гүй авирлаж, дуртай хүнээ зодож, танхайрч бол­дог гэж боддог бололтой.

Өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж бай­сан эрхмүүд жирийн ир­гэнийг зодож бэртээх явд­лууд гарч байсан. Үүнийг давтах мэт энэ сарын 15-ны өдөр Дархан-Уул айм­гийн орон нутгийн өм­чийн албаны дарга Д.Батсүх гэгч ажлаа хийхээр очсон гур­ван хүн рүү хутга барин, танхайрч тэднийг “Ална” хэмээн сүрдүүлсэн талаар эх сур­валжууд мэдээллэв.

Мань хүн өмнө нь тус айм­гийн Засаг даргын ор­логчийн албан тушаалыг хашиж байсан нэгэн. Ийм хариуцлагатай албыг ха­шиж байсан эрхэм ажлаа хийх гэж очсон хүмүүс рүү хутга барин танхайрсан нь төрийн алба хашдаг энэ эрхэмд байх ёстой жирийн үзэгдэл гэж хэлж болохоор байгаа юм.

Болсон явдлыг сийрүүл­бэл, тухайн өдөр тус аймгийн гэрэл борлуулах газрын гурван ажилтан Д.Батсүхийн эзэмшлийн хашаанаас 220 вольтын эрчим хүч татахаар очжээ.

Гэтэл ааг омог ихтэй “хурган” дарга Д.Батсүх тэдний үгийг ч сонсол­гүй цахилгаан татах зөвшөөр­лийн бичгийг нь урж “Та нар муусайнууд миний эзэм­ш­­лийн газар руу дураараа халддаг хэн бэ. Та нарыг алаад өгье” хэмээн гэр рүүгээ орж цагаан өнгө­тэй, никель хутга барин дайр­хад нь очсон гурван залуу ум хумгүй зугатан гарч хашааных нь хаалгыг дарснаар тэд түүний хүйтэн мэсэнд өртөлгүй өнгөрсөн байна.

Тухайн үед тэр хавиар явж байсан иргэд цагдаа дуудахыг зөвлөсөнд залуус сандарсандаа юу хэлж байгааг нь ойлгоогүй гэнэ.

Бид айлын хашаанд хулгай хийх гэж ороогүй

Энэ талаар эх сурвалжууд хэлсэн бөгөөд “Тэр үед Д.Батсүх гуайг ийм ёс зүй­гүй авирлана гэж бо­доогүй. Учир нь энэ хүн чинь манай аймгийн Засаг даргын орлогчийн албыг хашиж байсан нэр төртэй хүн шүү дээ.

Гэхдээ бид энэ тухай аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарт хаяглан гомдол гаргасан. Гэвч айм­гийн удирдлагууд хутга барин танхайрсан Д.Батсүхэд ямар ч арга хэмжээ аваагүй юм шиг байна билээ.

Төрийн албан хаагч хүн ийм ёс зүйгүй авирлаж болдог юм уу. Бид ажлаа хийж явсан болохоос биш айлын хашаанд дураараа орсон хүмүүс биш шүү дээ. Тухайн үед бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгддэг байж дээ гэж л бодож байна.

Гэхдээ энэ хүний нэр дээр өргөдөл, гомдол гаргаж байхад яагаад арга хэмжээ авалгүй толгойг нь илсэн юм бол гэдэг л сонин байна. Болсон үйл явдал ерөөсөө л энэ” гэв. Ямартай ч хохирогч бол­сон гурван залуу эл хэргийн тухай аймгийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүст мэдэгдсэн атал тэд Д.Батсүхийн толгойг нь илээд өнгөрч байгаа нь айм­гийн удирдлагууд орон нутгийн иргэдийнхээ санал гомдлыг авч хэлэлцдэггүй гэдгийг харуулж буй юм.

Д.Батсүхийн эзэмшил гэж нэрлэж буй газар нь аймагтаа л тансаг зэрэглэлд ордог “А” зэрэглэлийнх. Энд тухайн үеийн аймгийн удирдлагууд болон агентлагийн дарга нар амьдардаг гэдгийг тэндхийн оршин суугчид бүгд хэлдэг.

Учир нь тэнд жирийн иргэн биш дандаа аймгийн үе үеийн удирдлагууд өөрс­дийн эрх мэдлийн хүрээнд тус газарт бөөнөөрөө тансаг зэрэглэлийн хаусууд барьсан юм билээ. Тиймээс л Д.Батсүх “Миний эзэмшил газар” хэмээн омогдож байгаа юм гэж нутгийн иргэд нь хэлж байсан.

ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн: Нэг талыг хэт барьсан мэ­дээлэл байна

Түүнд ямар арга хэм­жээ авсан талаар тус айм­гийн ИТХ-ын дарга Ч.Цэнд­сүрэнгээс асуухад “Нэг талыг хэт барьсан мэ­дээ­­лэл байна. Хэн, хаанаас ийм мэдээлэл өгөөд байгаа юм. Гэх­­дээ наад асуудлыг чинь өнгөрсөн долоо хоногт л өг­сөн байх. Тиймээс ийм хур­дан хариу шийд гардаггүй юм” гэх тайлбарыг өгч байх юм.

Энэ бол ИТХ-ын даргын хэлсэн үг. Тэрбээр эхэндээ мэдэхгүй, нэг талыг барьсан мэдээлэл байна гэсэн мөртлөө өнгөрсөн долоо хоногт тэдгээр хүмүүс гомдлоо гаргасан байх гэж мэдэн будилав.

Өөрөөр хэлбэл хар ажилчин бол хамаагүй, харин дарга цэрэг нараа өмөөрнө шүү гэдэгтэй утга ижил үгийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хэлж байв.

Д.Батсүх: Засаг даргад гомдол гаргасан тухайд би мэдээгүй явж байна

Түүнтэй холбогдсоны да­раа хутга барьж танхайр­сан гэх Д.Батсүхийн 9937….. дугаарын утас руу холбогдож болсон явдлыг асуухад “Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд би гэртээ амарч байтал гэнэт л тагтны доогуур шороо бужигнаад ирсэн. Би ч юу болов гээд гайхаад, гараад хартал хоёр залуу хашааны доогуур газар ухаж цахилгаан авах гэсэн юм гэж хэлсэн. Учир нь энэ миний эзэмшлийн хашаа төдийгүй дөрвөн айлын цахилгаан нэг дор байдаг учраас би “Болохгүй ээ та нар боль” гэж хэлээд явуулсан. Гэтэл дахин энэ сарын 15-нд гурван залуу ирж хашаан дотор байдаг шон руу авирч цахилгаан татахыг завдсан. Энэ үед нь би гэрээсээ гарч очоод “Та нар болиоч дээ” л гэж хэлсэн. Түүнээс хутга мэс бариад дайраагүй. Эдгээр залуустай уулзъя гэж бодсон ч хаана ажилладгийг нь мэдэхгүй учраас холбогдож чадаагүй. Засаг даргад гом­­дол гаргасан тухайд би мэдээгүй явж байна. Одоо эд мөрийн баримт гээд тэдний орхисон кабелийн утас энэ тэр нь бүгд байгаа. Өргөдөл гомдол гаргасан бол ах нь тэр хүмүүстэй уулзаж учраа олох болноо” гэв. Ямартай ч тэрбээр эх сурвалжуудын хэлсэн бүх зүйлийг үгүйсгэж Засаг даргад нь гомдол гаргасныг ч мэдээгүй гэдгээ хэлж байв.

Аймгийн За­саг дарга С.Насанбат: Д.Батсүхийн та­лаарх гомдол ирсэн нь үнэн

Ингээд тус аймгийн За­саг дарга С.Насанбаттай холбогдож энэ талаар асуу­хад “Д.Батсүхийн та­лаарх гомдол ирсэн нь үнэн. Энэ асуудлыг аймгийн Там­гын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга Ч.Чүлтэмбат гэдэг даргад шалга гэж өгсөн. Тиймээс одоо ийм, тийм гэж хэлэх зүйл алга. Тэгээд ч энэ асууд­лыг би биш ИТХ-аар авч хэлэлцэн, шийддэг юм. Өмчийн алба ИТХ-д харьяалагддаг учраас тэд­ний хүрээнд байх ёстой. Өргөдлийн хариуд бид то­дорхой шийдэлд хүрсний да­раа тэдгээр хүмүүстэй уулзая гэж бодож байгаа” гэв.

Хэдийгээр Засаг дарга нь “одоогоор өргөдлийн хариу гараагүй” гэж байгаа ч эх сурвалжууд ИТХ нь хуралдаж Д.Батсүхэд ямар ч арга хэмжээ аваагүй хэмээн мэдэгдэж байсан. Уг нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар бол “Төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан ир­гэд­тэй төлөв төвшин ха­рил­цах” гэх мэт журам то­доос тод бичигдсэн байх юм.

Гэтэл ажлаа хийх гэж ирсэн албан хаагчийг босго ч давуулахгүйгээр “Ална” хэмээн хутга барин дайрсан нь төрийн албан хаагч тө­­дийгүй хариуцлагатай алба хашиж явсан, одоо ч хашиж байгаа энэ эрхэмд Дархан-Уул аймгийн удирдлагууд хэр­­­­­хэн, ямар арга хэмжээ авсныг эргэн мэдээллэх болно.

Р.САРУУЛ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж