
Дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг гэгдэх Wal-Mart групп Майк Дюкийн оронд Дуг МакМиллоныг ерөнхий захиралаар томилохоор болжээ. Өмнөх удирдлага болох Майк Дюк нь ирэх оны эхэнд тэтгэвэртээ гарах бөгөөд оронд нь ийнхүү томилохоор болсон байна. Өдгөө 47 настай МакМиллон ирэх хоёрдугаар сард албан ёсоор шинэ албандаа томилогдох юм. МакМиллон нь 1984 онд зуны амралтаараа Wal-Mart дэлгүүрт ажилладаг байжээ. Өнгөрсөн хугацаанд тэрээр орон нутгийн жижиг компаниудад бизнесийн зөвлөгөө өгдөг байсан юм. Хэдийгээр түүний оронд туршлагатай Билл Саймоны нэр яригдаж байсан ч ийнхүү олонхийн дэмжлэгээр МакМиллон сонгогдсон байна. “Би энэ газарт ажлын гараагаа эхэлж байсан. Одоо компанийн удирдлагад томилогдож байна. Энэ гайхалтай хэрэг. Гэхдээ хийх зүйл асар их байгаа гэдгийг санах хэрэгтэй” гэж Дуг МакМиллон ярьжээ. Дашрамд дурьдахад Wal-Mart-ын бүх сүлжээ дэлгүүрүүд өнгөрсөн жил 17 тэрбум долларын ашиг олсон байна.
Б.СҮХ