
Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдэлт өвчнөөр 1200 гаруй хүн хандсан байна. Үүний 850 орчим тохиолдол буюу 69 хувь нь зөвхөн 0-4 насны хүүхдүүд байна. Тэгвэл бага насны хүүхдийн түлэгдэлт өвчин яагаад тэргүүн байрт жагсч байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс судласан бөгөөд энэ талаар тус төвийн мэргэжилтэн Б.Сувд “ халуун тогоог гэр хорооллынхон ихээр хэрэглэж байгаа нь хүүхдийг түлэх нэгэн эрсдэл болж байна. Хятад тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн нас барах магадлал нь өндөр.Тус тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт байршуулан хоол цай хийдэг. Тус тогооны таг нимгэн болохоор хоол, цай дэврэхэд түлэгдэх аюул өндөр байдаг. Ер нь цахилгаан хэрэгслийн тоо олон болох тусам хүүхдийн түлэгдэх эрсдэл нэмэгддэг. Эмнэлэг дээр очиход “Өө энэ хятад тогооны хүүхэд” гээд нэртэй болчихсон байна. Мөлхөж эхэлж буй 4-8 сартай хүүхдүүд, хөлд орж эхэлж буй 6-18 сартай хүүхэд, 12-оос доош насныхан илүү өртөж байна. 2011 онд хийсэн судалгаагаар түлэгдсэн нийт хүүхдүүдийн 75.3 хувь нь 7-24 сартай байсан. Түлэгдсэн хүүхдүүдийн 81 хувь нь нэг удаа, үлдсэн нь хоёр түүнээс дээш удаа түлэгдсэн байна. Авах арга хэмжээний хувьд өвдөлт намдаах эм өгөөд түлэгдсэн хэсгийг нь хүйтэн усанд дүрэх ёстой.Тэгээд шууд эмнэлэгт хандах хэрэгтэй.Анхны тусламж яаралтай үзүүлэхгүй бол түлэгдэлт нь улам л цаашаагаа нэмэгдээд байдаг юм. Гэтэл манайхан “Бумаагийн үе”-ээс л дор байна. 2012 онд нэг аймагт эгч ах нартайгаа байсан хүүхэд хятад тогоон дээр унаж түлэгдсэн байна. Гэтэл 80 хувь нь түлэгдсэн тэр хүүхдийг эмнэлэгт хүргэлгүйгээр гэрт нь ес хоног тарчлаасан байдаг. Эцэг эх нь эмнэлгийн тусламж үзүүлэхгүй хэрнээ лам авчирч ном уншуулсан гэж байгаа. Ес хоногийн дараа саахалт айлынх нь хүн хүүхэд уйлаад байхаар нь орж харчихаад түргэн тусламж дуудсан байна. Гэтэл түргэний эмч ирээд үзэх гэтэл нөгөө хүүхэд нас барчихсан байсан гэсэн. Тэгэхээр ийм хариуцлагагүй эцэг эхчүүдийг яах ёстой вэ гэдгийг нь ч хөндөх асуудал болоод байгаа юм. Манай улсын хувьд бол 60 хувиас дээш түлэгдэлттэй хүний олонхи нь нас барьж байгаа. Хавсарсан халдвартай ирж байгаа учраас тэр. Нойтон мах, элсэн чихэр, өндөгний шар түрхэх зэрэг түлэгдэлтийг сэдрээх зүйлсийг хэрэглэж, бохирдуулсан учраас амиа алдахад хүргэдэг байна” гэснийг ч бодох л ёстой болж байна.
Халуун тогооны хохирогчдоос гадна, цахилгааны залгуурны хохирогчид ч бас бийг мартаж болохгүй. Цахилгаанд түлэгдэх, залгуурны тогонд цохиулснаас үүдэлтэй түлэгдэлт нь тухайн үед нүдэнд харагдах байдал нь хөнгөн, анзаарагдахгүй мэт боловч арьсан доорх эд эсийг үхжүүлсэн, цаашид мэдээгүй болох, тэр ч бүү хэл амь насанд аюултай байдлыг бий болгодог байна.
Энэ мэтээр бид анзааралгүй явсаар. “Бумаа” шиг сэтгэсээр, харин багачууд эрсэдсээр.