Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах”, 12.1.1 хэсэгт “Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж ажиллаж байна. Аав ээжүүд эргүүлийг 2 ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт хийж байгаа юм. Харин эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийсэн. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө олгохгүй бол тухайн байгууллагын удирдлагад Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт /Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол/ заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна. Хүүхэд, багачуудаа аливаа гэмт хэрэг халдлагаас хамгаалахад төр захиргаа, хууль хяналтын байгууллага, сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байгаа юм Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.