Алдагдалтай компаниудын даргыг ажлаас нь халъя

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Алдагдалтай компаниудын даргыг ажлаас нь халъя

Компани нь бараг дампуурлын ирмэгт ирчихсэн  атал дарга нь 200 саяын үнэтэй “Ланд” унаад явж байдаг сонгодог жишээ ганцхан Монголд л байна. Бусад оронд бол компаниа ашиггүй ажиллуулж ирснийхээ хувьд шонд өлгөгддөггүй юм аа гэхэд шоронд орох байсан нь гарцаагүй. Харин Монголд компанийнх нь орлого багасахын хэрээр даргын орлого томордог бичигдээгүй хууль үйлчилсээр ирсэн. Аудитын шалгалт оруулаад ч ашиггүй ажиллаж байгаа шалтгааныг нь тогтоож чаддаггүй.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн оролцоотой 94 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниудын 60 хувь нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд алдагдалтай ажиллаж иржээ. Гэтэл энэ олон жилийн турш байнгын алдагдалтай ажиллаж ирсэн хэрнээ эдгээр төрийн өмчит компаниуд дампуурчихалгүй дүүжигнээд байдаг нь сонин юм шүү. Төсвөөс тэрбум, тэрбумын дэмжлэг авдагч алдагдал нь бас л тэрбум, тэрбумаар  тоологдож ирсэн нь олон жил аль нэг албан тушаалтны ивээл дор хариуцлага хүлээдэг хүнгүй, хариуцлага тооцдог субьектгүй явсанд байгаа хэрэг. Хэрэв хувийн компаниуд ийм жишгээр ажиллаж ирсэн бол аль хэдийн “амьсгал хураачихсан”, дарга нь “Ланд” унах биш лааз өшиглөөд явах байсан байлгүй. Даанч төсвөөс тэжээлгэж байгаа тэдгээр компаниуд хэзээ ч дампуурахгүй. Хэн нэгэнд тэднийг дампууруулах сонирхол байхгүй. Бизнесийг нь тэтгэж, халаасыг нь зузаалдаг ганц уурхайгаа тийм  амархан хаалгах хүсэл хэнд ч байхгүй нь ойлгомжтой юм.
 
Дулааны III, IV цахилгаан станц, Багануур, Шивээ-Овоо, МИАТ, УБЦТС зэрэг төрийн өмчит 14 компанийн алдагдал сүүлийн гурван жилийн байдлаар 50 тэрбумд хүрчээ. Гэтэл дарга нарынх нь орлого сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, хамгийн үнэтэй машин унаж, хамгийн том байшинд амьдарч байна. Үүний сонгодог жишээг өнгөрсөн сард Дээд шүүхээс ял сонссон МИАТ-ын удирдлагуудын хэргээс харж болно.

Төрийн албаны дундаж дарга сард гурван саяын зарлага гардаг. Унаа тэрэг, шатахуун, утасны мөнгөнд  сардаа гурван сая, жилдээ 36 саяыг  дундаж даргын хэрэглээнд зориулж төсвөөс гаргаж байна. Дээрээс нь гадаад дотоод томилолт, хүлээн авалт, шагнал урамшуулал гээд нэмбэл чамгүй мөнгө хэрэгтэй болно. Энэ бүхнээс гадна, ил далдуур “идэж уусан”-ыг нь тооцвол олон оронтой тоогоор илэрхийлэгдэх нь гарцаагүй.

Төрийн нийт албанд нийтдээ 161612 хүн ажиллаж байна. Дээр нь төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байгаа 47653 хүнийг нэмбэл төсвөөс нийтдээ 210 орчим мянган хүн цалинждаг аж. Харамсалтай нь, төрийн албанд ажилладаг энэ олон хүний цалинг цагт нь тавихын тулд хувийн хэвшлийнхэн  хамаг байдгаараа чардайх болсон. Тэгэхээр алдагдалтай гэх нэрийн дор хэн нэгний ашгийн уурхай болсон төрийн өмчит компанийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх бус ашгаа өөрсдөө олж, хүмүүсээ цалинжуул гэдэг шаардлагыг тавибал ямар вэ. Бүр болохгүй байгааг нь татан буулгая.

Компани нь алдагдалтай, дарга нь ашигтай ажиллаж ирсэн төрийн өмчит компаниудыг татан буулгаснаар төсөвт учруулдаг дарамтаас хөнгөхөн салах боломжтой. Тэр тусмаа ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд ашигтай ажилласаар байхад төрийнхөн яагаад ашигтай ажиллаж чадахгүй байна вэ гэдэгт хариуцлага тооцох цаг болжээ. Ашгийг нь дарга хүртэж, алдагдлыг нь татвар төлөгчид нөхдөг байж болохгүй биз дээ.   Төр муу менежер гэдэг. Яагаад сайн менежер болохын төлөө  зүтгэл гаргаж болдоггүй юм. Тэнд мэдлэг муутай биш сэтгэл муутай хүн ажиллаж байгаа болохоор л тэр болов уу. Муу менежер гэдэгтэйгээ эвлэрсэн, энэ үгээр бамбай хийж хөрөнгө мөнгө тоншдог төрийн өмчит компаниудаа цөөлж, хувийн өмч болгоё. Илүү дарамт, илүү ачааллаасаа ийм хялбархан аргаар салах боломж  байсаар байхад энэ олон жил энэ олон  хурган даргыг эхнэр хүүхдийнх нь компанитай хамт тэжээх ямар шаардлагатайг  чөтгөр бүү мэд. 

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж