
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Азийн бүсийн хөтөлбөрийн менежер Матиу Прингл, Сураина Паша нар Эрүү шүүлтийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орох, уг протоколын үйлчлэлийн талаарх Монгол болон дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлох баримт жишээг танилцуулав.
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орох асуудлаар Засгийн газрыг төлөөлж, уг конвенцийн нэмэлт протоколын ажлын хэсэг, ХЗДХЯ-ны ажилтан Г.Билгүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж, “Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар байр сууриа илэрхийллээ.
Манай улс НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орохын тулд нэлээд бэлтгэл, зохицуулалтыг хийх бөгөөд юуны өмнө Эрүүдэн шүүхийн эсрэг урьдчилан сэргийлэх Үндэсний механизмыг байгуулах тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын удирдамжийг ажил хэрэг болгох шаардлага урган гарах юм. “Ял завших явдал болон сэжигтнийг эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдлыг таслан зогсоох, ийм үйлдэл хийсэн хэнийг ч бай мөрдөн шалгаж, шаардлагатай бол яллах, шүүх, үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд, хөнгөнд нь таарсан ял оногдуулж байхыг оролцогч улсаас хүсч байна. Оролцогч улс нь эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал гаргагчдыг ял завшихаас сэргийлэх үүднээс үр дүнтэй, хараат бус мөрдөн шалгах механизм байгуулах хэрэгтэй байна” гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Хүний эрхийн үндэсний комисс хүчээ зузаатгаж, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн, хараат бус, бие даасан, мэргэжлийн эрх зүйчдийн багаас бүрдсэн Эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний механизмыг байгуулж, хяналт, шалгалтын үүргийг хэнээс ч хараат бусаар, бүрэн дүүрэн гүйцэтгэх боломжтойгоо илэрхийлж байгаа юм. Энэ нь хамгийн үр өгөөжтэй, зөв шийдэл болохыг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг илтгэлдээ дурьдаж байлаа.
Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй“ гэж заасныг нэн даруй хүчингүй болгох, дээд шатны албан тушаалтны тушаал нь эрүүдэн шүүх аливаа үйлдлийг зөвтгөх шалтаг болохгүй гэсэн агуулгаар оролцогч улс хууль, тогтоомжоо өөрчлөх нь зүйтэй” гэсэн агуулгатай “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц”-ийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, уг конвенцийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орох асуудлыг авч хэлэлцэх талаар Хүний эрхийн үндэсний комиссоос 2011 онд гаргасан “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэл”-д зөвлөмж болгон тусгасан билээ.