
УИХ-аас баталсан тогтоолын дагуу “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүддээ нэрлэсэн үнээр арилжаалахаар заасан. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс 50 мянга гаруй аж ахуйн нэгжийг судалж, үзэхэд ердөө 2700 компанийн эзэд л тэрхүү хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс улбаалж, Засгийн газрын гишүүдийн дунд “2700 компанийн эзэнд “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг нэрлэсэн үнээр арилжаалах нь шударга бус хуваарилалт болно гэсэн яриа ч гараад амжиж.
Мөн УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нар УИХ-аас баталсан тогтоолд өөрчлөлт оруулах замаар үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь арилжаалахаар заасан “Эрдэнэс тавантолгой”-н 10 хувийн хувьцааг Монголын нийт иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх нь илүү шударга шийдэл болно хэмээн үзэж, төсөл санаачлан боловсруулжээ. Тиймээс эл асуудал УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх болж байна.