
40 гаруй сая малтай хэрнээ малын гаралтай бүтээгдэхүүнийг гаднаас импортлох нь амин зуулга болох учиргүй бөгөөд гагцхүү менежментийн асуудал ажээ. Тиймээс энэ цагт бэлчээрийн мал аж ахуйгаас татгалзаж, эрчимжсэн фермерийн аж ахуйд шилжих хэрэгтэй талаар салбарынхан ярих боллоо. Бэлчээрийн мал аж ахуйгаар бол байгаль, цаг уурын бүрэн эрхшээлд байх, бэлчээрийн талбай сүйдэх, байгалийн бэлэн нөөцийг ашиглах техник технологид тулгуурласан техник технологийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй, цаашдаа зах зээлийн горимоор эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх боломжгүй болох ажээ. Фермерийн аж ахуйн нэг гол онцлог нь нэг эзний өмчид тулгуурласан, өрхийн гишүүдийн чинээлэг амьдралыг хангах, өв залгамжлуулсан шинжтэй бөгөөд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ байгалийн нөхцөлөөс шалтгаалахгүйгээр үйлдвэрлэх боломжтой юм байна.
Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр дэмжих хөрөнгө мөнгийг баталжээ. Тухайлбал, нийт 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл зарласнаас эрчимжсэн мал аж ахуйд 40 тэрбум төгрөгийг 35 иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээлээр зориулах юм байна. Эрчимжсэн, фермерийн аж ахуйн эхний шийдэл нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг чанартай, хүртээмжтэй болгохын тулд эрлийзжүүлэх бөгөөд ингэхдээ гадны шилмэл үүлдрийн малыг оруулж ирж, маллан, хээлтүүлгэд оруулах ажээ. Энэ дагуу 2011, 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын оролцоотойгоор Францаас нийт 414 үхэр импортолсон байдаг. Энэ жилийн хувьд ,хамгийн сүүлд Францаас 160 шилмэл үүлдрийн үхрийг “Мон дулаан трейд” ХХК өөрийн зардлаар өнгөрөгч есдүгээр сард оруулж ирсэн юм. Үүний 155 нь гунж, тав нь бух бөгөөд мах, сүүний чиглэлээр цаашдаа ашиглах бөгөөд одоогийн байдлаар Төв аймгийн Архуст суманд амжилттай маллаж байна. Франц нь фермерийн аж ахуйг үр дүнтэй ажиллуулж буй орны тоонд багтдаг бөгөөд үхэрнүүд нь хүйтэн, сэрүүнд тэсвэртэй, тэжээл голохгүй, өвчлөл бага, сүүний чиглэлээр өдөрт нэг үхрээс 25-30 литр сүү гаргах боломжтой ажээ. Харин бод мал үржүүлгэд орохдоо хугацаа их шаарддаг учраас Францаас авчирсан үхрийг нутгийн үхэртэй эрлийзжүүлэх ажлын үр дүн ойрын жилд гарахгүй ажээ. Энэ хүртэлх хугацаанд шилмэл үүлдрийн үхрийн ашиг шимийг нь хүртэхийн тулд сүүний чиглэлээр ашиглаж, жилдээ 8000 литр сүү гарган авч ашиглах бол нутгийн малтай хээлтүүлгэд оруулсны дараа махыг ашиглах юм байна. Мах, сүүний гарцыг нэмэгдүүлж, иргэдийн хэрэгцээг хангаж, импортыг халах зорилгоор нэг үхрийг арван сая төгрөгөөр худалдан авчээ. Арван сая төгрөгөөр нэг үхэр худалдан авч байхын оронд байгаа малаа тордоод явах нь дээр гэх шүүмжлэл багагүй гарсаар байна.
Ямартай ч мал аж ахуйн салбар дахь шинэчлэлийн бодит нэг шийдэл нь энэ болох бөгөөд цаашдаа шилмэл үүлдрийн малаас гарах ашиг шим болон эрлийзжүүлэх ажлын үр дүн ирэх жилээс тодорхой гарах юм байна. Хэтийн зорилго бол дээр хэлсэнчлэн дөрвөн улирлын туршид дотоодынхоо мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хэрэглэх замаар импортыг халах, бэлчээрийн талбайг хамгаалах, аж ахуйг орчин үеийн аргаар хөгжүүлэх юм.