“Хотын удирдлагууд хоноцын сэтгэлээр хандсан”

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

“Хотын удирдлагууд хоноцын сэтгэлээр хандсан”

Нийслэлийн АН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрөгч амралтын өдөр Төрийн ордноо боллоо. Тус нам анхан шатны байгууллагуудынхаа удирдах ажилтны зөвлөгөөнийг жилд хоёр удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн ээлжит зөвлөгөөнөөр Улаанбаатар хотыг хөгжүүлэх намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ, Нийслэлийн АН-аас хийсэн, эхлүүлсэн ажлуудын  талаар мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцууллаа.

Зөвлөгөөнд АН-ын удирдлагууд, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдсон нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид,  Засаг дарга нар, нийслэлийн намын Зөвлөлдөх хорооны гишүүд, “Ардчилсан ахмадын холбоо”, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны төлөөлөл, намын анхан шатны байгууллагуудын дарга нар, дүүргүүдийн АН-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд оролцжээ.

Нийслэлийн АН-ын дарга, хотын Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн хугацаанд намын “5 А” мөрийн хөтөлбөрийн хүрээнд  замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ, хотоо хур хогноос нь салгах менежмент, ногоон байгууламж тэлэх бодлого, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг цэгцлэх зэрэг ажил хэрэгжүүлснээ дурдсан байна. Тэрбээр “Хотын өмнөх удирдлагууд ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж, төрийн үүргийг хэзээ ч биелүүлж байгаагүй. Ялангуяа, захиргааны эрх мэдлийг өөртөө болон намын эрх ашиг сонирхлын төлөө ашиглаж, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг орхигдуулж ирсэн” гэжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Д.Баттулга намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнууддаа хандан уялдаа холбоотой, хариуцлагатай, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд сайн ажиллахыг сануулж байлаа. Мөн зөвлөлгөөний үеэр дүүргүүдийн АН-ын дарга нар тулгамдаж буй зарим асуудлаа  удирдлагуудынхаа чихэнд хүргэсэн байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж