
Төслийн хүрээнд ЕБС, аж ахуйн нэгж, байгууллагууд дээр батерейнд зориулсан хогийн савыг байрлуулах ажил хийгдэж байгаа бөгөөд цугларсан батерейг байгальд хоргүй байдлаар устгалд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл http://battery-3r.blogspot.com блогийг сонирхоно уу.
Батерей бидний амьдралд
Батерей гэдэг нь цахилгаан хэрэгслийг энергээр хангахын тулд химийн энергийг цахилгааны энергид хувиргагч нэг төрлийн электрохимийн багаж юм. Өнөөдөр бидний хэрэглэж буй гар утас, хөгжим тоглуулагч, гар чийдэн, бүр хүүхдийн тоглоом хүртэл батерейгаар ажилладаг. Хэдийгээр батерейг амьдралаасаа салгахын аргагүй боловч батерейг худалдан авахын өмнө зөв сонгох, авсаны дараа зөв хэрэглэх, хэрэглэж дууссаны дараа дахин боловсруулалтанд оруулах, хэрэв дахин боловсруулах боломжгүй бол зөв буюу байгаль орчинд хор хөнөөлгүйгээр хаяж, устгах зэрэг асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй юм.
Өнөөдөр монголчууд батерейгаар ажилладаг цахилгаан бараа бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлээд цөөнгүй жилийн нүүр үзэж байна. Гэтэл бидний дунд зайг шууд л хогийн саванд бусад хогнуудын хамт ил задгай хаядаг амьдралын буруу хэвшил нэгэнт тогтчихоод удаж байна. Үүнээс байгаль орчны олон тулгамдсан асуудлууд урган гардаг. Батерей нь найрлагандаа хүний удмын санд нөлөөлөх, сэтгэхүйн болон дотор эрхтнүүдийн хямрал үүсгэх мөн хорт хавдрын эх үүсвэр болдог мөнгөн ус, хар тугалга, кадми, никель зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой хүнд металлиудыг агуулдаг байна. Зайг ямар ч хяналт зохицуулалтгүйгээр хаях нь ус, хөрс, агаарын бохирдлыг үүсгэдэг.
Тухайлбал, жирийн нэг Америк иргэн жилд дунджаар 10 гэр ахуйн батерей /AA, AAA, C, D/, 2 товчин батерейг амьдрал ахуйдаа ашигладаг. АНУ-д жилд дунджаар 179,000 тонн батерей хаягддаг. АНУ-ын хот орчмын хогийн цэгийн мөнгөн усны бохирдлын 50%, кадмийн бохирдлын 50-иас дээш хувь нь зөвхөн батерейг хяналт зохицуулалтгүй хаясантай холбоотой. Үүнээс үүдэн 1996 онд АНУ батерей зохицуулалтын хуулийг батлан гаргасан бөгөөд үүний хүрээнд иргэдийн дунд батерейны зөв сонголт, хэрэглээ, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл түгээх, хэрэглэж дууссан батерейг цуглуулах, нэг удаагийн батерейнаас илүүтэйгээр дахин цэнэглэдэг батерейг сонгох, батерейны дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлэхээр тогтжээ. Өнөөдөр дэлхийн ихэнх хөгжингүй болон хөгжиж буй орнуудад батерейг тусгай журмын дагуу дахин боловсруулалтанд оруулж, зөв технологийн дагуу устгалд оруулж байна.
Өнөөдөр Монгол улсад зайнаас үүсч буй аюултай хог хаягдлыг шийдвэрлэх үр дүнтэй ямар ч зохицуулалт алга байна. Мөн үүнээс гадна иргэдийн дунд зайны цэнэг дуусахад дахин цэнэг оруулах зорилгоор зайг шүдээрээ хазах, чийгтэй газар булах, хүүхдүүд зайгаар тоглох, гал руу хийх, хогтой нийлүүлээд шууд хаях зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой буруу үйлдлүүд байсаар байна.