Алтны татварын хөнгөлөлт “Оюу толгой”-д хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Алтны татварын хөнгөлөлт “Оюу толгой”-д хамаарахгүй

-АЛТНЫ ТАТВАРЫГ ХӨНГӨЛБӨЛ ДОЛЛАРЫН НӨӨЦ 2.1 ТЭРБУМААР НЭМЭГДЭНЭ-

Долларгүй яана аа, ханш нь ч өгсөөд хэрэг алга аа гэж хүн бүр л бол­гоомжилж байна. Гурав­хан са­рын дотор төгрө­гийн ханш нь хорин хувь уначихсан Монгол гэдэг улсад гадаадын хөрөнгө оруулалт гэж гавьтай юм орж ирэхгүй байгаа.  Дээр нь "Чингэс" бондоос бос­госон хэдэн доллараа зам энэ тэрд зарж үрээд эхэлчихсэн.  Тэгэхээр дол­­ларын нөөц багасах нь тодорхой. Тэр хэрээр долларын ханш өсөх нь зах зээлийн хууль. Дол­ларын хомсдлоос гаргаж мэдэх нэг хуулийн төсөл УИХ-д ороод ирчихсэн. Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслийг уг нь бол ийм тайл­бартай­гаар УИХ-д оруулж ирсэн юм. Хууль тогтоогчид удах­гүй хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Улстөрчид сүү­лийн үед "Энэ хуулийг Рио Тинтод зориулсан болохоор батлаад яах юм" гэх хардангуй үгийг давтамжтай унагах бол­лоо. Сүүлд гэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "Зас­гийн газар Оюу толгойд татварын хөнгөлөлт эд­лүүлдэг учраас дахин татвар хөнгөлөлт эдлүү­лэх шаард­лагагүй гэж МАН-ын бүлэг үзэж бай­на" гэж ирээд баахан юм ярив. Эрхэм гишүүн мэдэх­гүйдээ ингэж яриад байна уу, эсвэл мэдсэн хэрнээ ултөржиж, албаар ийм юм асуудал сөхсөн үү, мэдэхгүй. Ямартай ч эдийн засаг талаас нь яаж ч харсан хэтэр­хий гэнэн тайлбар.

Алтны худалдаанд ил тод байд­лыг бий болгох хуулийн төсөлд татварын хөнгөлөлт эдлүүлнэ гээд тусгачихсан. Алтнаас авах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өнөөдөр таван хувь бай­гаа. Төсөл батлагдвал татварын энэ тоо 2,5 хувь болж буурна. Бас өсөн нэмэгдэх нөөцийн төл­бөрийг тэглэх асуудал яригдаж буй. Гэхдээ энэ хөнгөлөлтийг алтаа Мон­голбанкинд тушаасан аж ахуйн нэгж эдэлнэ. Нэг ёсондоо алтныхаа нөө­цийг нэмэгдүүлэх гэсэн бодлогын хүрээнд яриад байгаа төсөл л дөө. Хэр­вээ алтны сал­барын­хныг одоо яриад байгаа шиг дэмжчихвэл 54.2 тэрбум тонн алт тушаана гэж алт олборлогчид ам­лаад бай­гаа.  Энэ хэрийн алтыг багаар бодоход л 2.1 тэрбум ам.дол­лар. Алт бол доллар. Тэгэхээр эдийн засагт яалт ч үгүй  нөлөөлөхөөр бодлогын дэмжлэг хэлэлцүүлгийн өмнөх шатандаа байна.

Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энх­болдын үгэнд бяцхан тод­руулга хийе. Мань эр "Рио" энэ хөнгөлөлтөд хамрагдчихна гэж хар­даад байгаа. Оюу толгойд зориул­сан хууль гэсэн мэссэжийг олон нийтэд өгөөд буй. Өнөөдөр Оюу толгойн баяжуулах үйлд­вэрээс зэсийн баяжмал гарч байгаа. Зэсийн баяж­малын хувьд  дотроо алт, мөнгөний тодорхой хольц­той. Зэсийн баяж­мал гэж цул юман дотор алт, мөнгө гэсэн  элемент холилдоод байж байгаа гэсэн үг. Түүнээс биш зэс нь тусдаа, алт нь бас тусдаа гараад ирэхгүй.

Оюутолгойн зэсийн баяжмалыг худалдаа­ла­хад алт, мөнгөний орц ямар байгааг нь эхлээд тогтоодог. Алт, мөнгөнийх нь үнэлгээг ялгаж тооцоод баяжмалынхаа үнэлгээн дээр нэмдэг юм. Ухаан­даа Оюу толгой баяж­малыг нь авах гэж байгаа хүнд  "Танайд өгч байгаа манай зэсийн баяжмал дотор төчнөөн тонн алт, мөнгө байна. Алт, мөнгө­ний одоо­гийн ханш тэд байгаа. Бид энийгээ нэмээд  худалдана" гээд үнээ тохир­дог. Дараа нь баяжмалаас цэвэр алт, мөнгө гаргаж авах хүртэл ямар зардал гарахыг нь тооцож, тэр өртгийг нь хасч байж эцсийн үнээ гаргадаг. Зэсийн баяж­малын худал­дааг энгий­нээр тайлбарлавал нэг иймэрхүү процесстой.

Зэсийн баяжмалаас  бусад эрдэс шиг  ашигт малтмалын нөөц ашиг­ласны төлбөр гэж таван хувийн татвар авдаг. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд манайд ашигт малт­малын нөөц ашигласны төлбөрийг баяж­малын борлуулсан үнээс авдаг. Баяжмалын үнэ дотроо алт, мөн­гөнийх нь үнэл­гээг нэмээд оруул­чихаж байгаа болохоор "Рио" алт, мөнгөндөө таван хувийн татвар төлж байна гэсэн үг. Тэгэхээр татва­рын 2,5 хувийн хөнгө­лөл­төд аль ч талаас нь хар­сан хамраг­дахгүй. Ганц зэсийн баяжмал дээр ч биш цайр зэрэг бусад баяжмал дээр ч хэрэгтэй элементийнх нь үнэлгээг нэмж тооцдог. Энэ бол дэлхийн худалдааны жи­шиг.  "Рио" ч тэр жишгээр явж байгаа.

Харин Оюу толгой дээр зэс хайлах үйлдвэр барьж, алтыг нь ялгаад  Монгол банкинд тушаах гэж байгаа бол одоогийн яригдаж буй алтны тат­варын хөнгөлөлт "Рио"-д хамаатай болоод ирнэ. Тийм бол ингэж хардах бүрэн үндэстэй.

УИХ дээр одоо яриг­дах гэж байгаа хуулийн төсөл  бол алтны шороон болон үндсэн ордын цэ­вэр алт үйлдвэрлэгчдэд зориулсан бодлогын дэмж­лэг. Цагтаа 24 тонн алтыг нэг жилд олборло­чихдог байсан Монгол Улс Гэнэтийн аш­гийн тат­ва­рын хууль гарснаас хойш зургаан тонн алт олборлодог болж хувир­сан. Үнэн хэрэгтээ олбор­лосон алтны ихэнхийг  хулгайгаар хил давуулсан байдаг. Энэ алдааг засах зорилготой хуулийн төс­лийн хэлэлцэх эсэхийг УИХ ирэх долоо хоногт шийднэ.  Хэрвээ энэ хууль батлагдвал ирэх онд алтны нөөц ашигласны төлбөрт төсөвт орж ирэх байсан 155.7 сая ам дол­лар алтныханд үлдэнэ. Үүний хариуд манай улс валютын нөөцөө 2.1 тэр­бум ам.доллараар нэм­нэ. Чингэс бон­дын мөн­гийг бараг хоёр нуга­лахаар их мөнгө.

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж