Үндсэн чиглэлийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Үндсэн чиглэлийн төслийг өргөн барив

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дараа оны үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулж, тавдугаар сарын 1-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх заалттай.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Монгол Улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж, түүнийг сайжруулах замаар улс орны хөгжлийг түргэтгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр төр, засгаас авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг түлхүү тусгасан. Ирэх оны үндсэн чиглэл нь Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд тэргүүлэх ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа ашигт малтмал, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, дэд бүтцийн хөгжлийг хангах, эдийн засгийн хүндрэлийн дараахь сэргэлтийг бататгах, эдийн засгийг төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг байх болно гэдгийг сайд онцлов. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь зургаан бүлэг, 21 зорилт, 142 арга хэмжээтэй агаад эдгээрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 3.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах юм байна. Мөн Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2012 оны төсвийн зарлагын хязгаар, 2013-2014 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Засгийн газраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хуулийн зарим зүйл, заалтын талаар олон санал ирүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын Төсвийн байнгын хорооноос иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналуудыг судлан үзэж, хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулахыг даалгасны дагуу яамд, агентлаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр албан ёсоор саналыг нь авч хуулийн төслийг боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн юм байна.

Хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд нэг сая, аймгийн төвийн суманд 600 мянга, бусад суманд 300 мянган төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвийн суманд 200 мянга, бусад суманд 100 мянган төгрөг, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300 мянга, аймгийн төвийн суманд 200 мянга, бусад суманд 100 мянга, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад нийслэлд 100 мянга, аймгийн төвийн суманд 70 мянга, бусад суманд 40 мянган төгрөг байхаар тусгажээ.

 Мөн химийн бодисын хор, аюулыг зэрэглэлээс хамааруулан Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг 10 сая төгрөг байхаар, бусад химийн бодисыг экспортлох, импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагын саналын дагуу тусгасан болохыг Сангийн сайд дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж