Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Увсын төсөв 11 тэрбум

Авлигагүй төсөв. Ирэх оны төсвийг Ерөнхий сайд ингэж хэлсэн. Гэхдээ одоо хэр нь төсвийн задаргааг Сангийн яам хав дарсан хэвээр. МАН ирэх оны төсвөөр өөрт тулгамдсан олон асуудлыг барьцаалж байсан ч монголчуудын тогтсон уламжлалыг эвдэхгүй гэсэн эрхмүүд морин цагт багтаан эх орны ирэх жилийн төсвийн хуулийг батлав. Өнгөрсөн өдөр нь завсарлага энэ тэрээр айлгаж байсан МАН-чууд энэ цагт инээд хөөртэйгөөр ирэх оны төсвийг батлалцав. Учир юу хэмээвээс өнгөрсөн орой нь МАН-чуудыг төсөвт орон нутагтаа хэрэгтэй, хийнэ гэж амласан юу байна, түүнийгээ тусгуулах давуу эрхийг олгосонтой холбоотой юмсанж. Авлигагүй төсөвт шүү. Хэрэгтэйгээс эхлээд хэрэггүй хогийг ч болтугай амласан сөрөг хүчнийхэн уухайн тас түүнийг дэмжсэн нь ойлгомжтой. Гэхдээ хоёрхон хүнийг эс тооцвол шүү дээ. Нутгийн сонгогчидтой уулзахдаа элдвээр хэлүүлэх болсон тэр хоёр эрхмийг арай муухайгаар ардын болон ардчилсан үзэлтнүүд “жийв”. Авлигагүй төсөв баталж байгаа учраас авлига өгч сонгогдсон хоёр эрхмийн нутагт хамгийн бага төсвийг эрх баригчид хуваарилав. Увс аймгийн 2014 оны төсөв ердөө 11 тэрбум төгрөг.  Сумаар нь хуваавал дунджаар 570 орчим сая төгрөг нэг суманд оногдоно. Гэтэл гуравхан сумтай /багаа хүчээр сум болгосон/ Орхон аймагт үүнийг тав дахин нугалсантай тэнцэхүйц төсөв баталжээ. Ийм л юм болж. Гэхдээ сайдуудын аймагт хамгийн их төсвийг тусгасан юмсанж. Ганцхан жишээ дурдахад, Хөвсгөл аймагт л гэхэд 60 хол давсан тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна. Цаашаа Баянхонгор, Говь-Алтай гээд мундаг төсөвтэй, өртөг өндөртэй аймгуудыг дурдаж болох ч гарт баригдах баримт байхгүй учраас ингэсгээд орхиё.

Ямартай ч аймгуудын төсөв багцаагаар Увсаас 4-7 дахин илүү батлагджээ. Тиймээс ч аймгийн Засаг дарга нар орон нутагтаа ирэх оныхоо бүтээн байгуулалт, төсвийн зарцуулалт хийгээд орлогыг хэлэлцэж буй энэ мөчид Увс аймгийн Засаг дарга бадар барин яамдаар гүйж явна.

Увсад үүссэн нэгэн хүндрэлтэй нөхцөл байдал нь УИХ-д сонгогдсон хоёр гишүүн шинэ /Хуучин Засаг дарга Цасчихэр нь төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэргээр саяхан шүүхээс ял авсан/ Засаг даргатайгаа ямар ч холбоо барьдаггүй явдал. Уг нь сонгогдсон гишүүн төсвөөр нутагтаа аль болох хөрөнгө оруулалт татаж, түүнийгээ өөрийн хүч чадлаар тусгуулсан гэж ярьж явдаг бол энд арай өөр зүйл яригдана. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нутагтаа очоод иргэдэд нь юу тулгамдаж буйг судалъя гэхнээ “Мөнгө тарааж олон аавын хүүхдийг ялд унагачихаад өөрсдөө гэмгүй мэт яваа цэвдэг сэтгэлтэн”-ээрээ дуудуулах учраас тийшээ зүг чигээ гаргахаа больжээ. Тиймээс аймгийнхаа Засаг даргатай ч харилцахаа больж. Нэгэнт сонгуулиар мөнгө тараасан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон ч өөрсдөө мултарч чадсан энэ эрхмүүд орон нутгийнхаа төсөвт анхаарал хандуулах талаар бодохоо ч байжээ. Тиймээс ч түүхэнд тэмдэглэхүйц хамгийн бага төсвийг Увс аймагт батлав. Энэ хоёр эрхэм үүнийг эсэргүүцье гэхнээ өмнөөс нь шүүхийн шийдвэр ярьж барьцаалах бишгүй олон хүн эрх баригчдад бий. Гэхдээ нутгийн олноо бодсон бол түүнийг эсэргүүцэн, хувьдаа биш Монгол Улсын засаг захиргааны нэгжийн төлөө сөрөн зогсч буйгаа ойлгуулж, суудлаараа ч болов солиод төсвийг нь дөмөгхөн батлуулах байв.  Харамсалтай нь тэдэнд тийм зүрх, зориг гэхээс илүүтэй зөөлөн сэнтий нь үнэтэй байсан болохоор төсвийг нь байж боломгүй хамгийн бага түвшинд батлуулжээ.

Үгүйдээ батлуулсан хойно нь өөрсдийнхөө суудалтай зууралдаж шүүхийн шийдвэрийг гуйвуулсан шигээ мэдэгдэл хийж болох байлаа. Даанч сонгогдсон аймагт нь бага төсөв хуваарилна уу , үгүй юу тэдэнд падлийгүй юмсанж. Үүнээс нь болоод Увс аймагт нэн тулгамдсан дэд бүтэц, эрчим хүчний асуудлаа дараагийн жилд шийдэж чадахгүйд хүрчээ. Сонгуулиар мөнгө тарааж, нутаг усаар нь доромжилсон хоёр эрхэм нэгэнтээ шийдчихсэн төсвийг нь хүртэл байж болох хамгийн багаар батлуулчихаад төрд тэр нутгийг төлөөлөөд сууж байна. Ард түмнээ сонсохоор эрхэм гишүүд намын даргаа дагаад орон нутгаар “айлчилж” буй. Харин хамгийн бага төсвийг батлуулсан гэдгийг нь сонсоод ард түмэн нь халуун алга ташилтаар хүлээн авах болов уу, хага цохиод хөөх болов уу?!

Авлигагүй төсөв авлига өгч сонгогдсон гишүүдэд биш аргаа барсан иргэдэд ирэх жил нөлөөлөх нигууртайг энэ удаагийн Увсын төсөв батлах мэт…

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж