Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.24-нд нийтлэгдсэн

Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт эхэллээ

Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Монголын талын буюу УИХ дахь эмэгтэй гишүүдийн зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалт хоёр үндсэн сэдэв хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үдээс өмнөх хуралдаанаар “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бол үдээс хойшхи хуралдаан “Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын сүлжээг хөгжүүлэх нь: Дэлхийн эмэгтэйчүүдийн 2015 оны бага хурал” сэдвээр үргэлжилнэ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны ээлжит чуулганаас баталсан Ардчиллын боловсролын асуудлаарх тогтоолыг хэрэгжүүлэхэд Азийн эмэгтэйчүүд юу хийж болох, юу хийх шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлгийн явцад ярилцана. НҮБ-ын дээрх тогтоолыг Монгол Улс санаачилсан учраас үүнийг бодит үр дүнд хүргэх талаар анхааран ажиллаж байгаа юм.

Чуулга уулзалтын нээлтэд Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ “Манай гадаад бодлогын нэг чухал тэргүүлэх зорилт бол Зүүн хойд Азийн улс орнуудын хооронд энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, хамтын ажиллагааны тодорхой механизм бий болгох явдал юм.Бид манай 6 оронд тулгарч буй нийтлэг асуудлууд, бидний нийтлэг ашиг сонирхлын сэдвүүдээр яриа хэлцээ өрнүүлж, эдгээр асуудлаар хамтран ажиллавал бие биендээ харилцан туслаж, хамтын хүчээр улс орноо хөгжүүлэх боломж илүү их байх юм.

Зүүн хойд Азийн орнууд бүгд энх тайвныг бэхжүүлж, хөгжил дэвшилдээ амжилт олохын төлөө зүтгэж байна. НҮБ 2012 онд Монгол Улсын санаачилгаар санал нэгтэй баталсан «Ардчиллын боловсролын тухай» тогтоолдоо «Боловсрол нь ардчилсан институциудыг бэхжүүлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор Мянганы Хөгжлийн зорилтуудад хүрэх, хүний чадавхийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэхэд нэн чухал болохыг хүлээн зөвшөөрсөн» билээ. Иймд боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулах тухай сэдвээр та бүхэн зөвлөлдөх гэж байгаа нь туйлын цаг үеээ олсон алхам юм.
   Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид энэ чиглэлээр нэгдэж ажиллахаар шийдвэл парламентын эмэгтэй гишүүд өөрсдийн хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьсон, бүс нутагтаа төдийгүй, дэлхий дахинаа анхдагч санаачилгын нэг болох юм” гэж онцоллоо.

Чуулга уулзалтын үдээс хойш хэлэлцүүлгийн явцад Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурлыг дахин сэргээх талаар ярилцахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээ хамгийн сүүлд 1995 онд Бээжин хотод зохиогдсоноос хойш тасраад байгаа аж.

Чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ-ын төлөөлөгчдөөс гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцож байна. Японы эмэгтэй парламентчид ирэхээр товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас боломжгүй болсноо мэдэгджээ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж