Дарьганга – түүх соёл байгалийн баян бүрд

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Дарьганга – түүх соёл байгалийн баян бүрд

“Дарьганга: түүх соёл, байгаль экологи” үзэсгэлэнгийн хаалт маргааш Монголын үндэсний түүхийн музейд болно.

Монголын шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Сувдан сондор – 9” соёл эрдэм шинжилгээний баг өнгөрсөн 8-р сард Дарьганга нутгаар судалгааны аялал хийгээд ирсэн бөгөөд “Дарьганга: түүх соёл, байгаль экологи” үзэсгэлэнг гаргаж Дарьгангын хээр талаас олж ирсэн эрдэм шинжилгээний сан хөмрөгийнхөө үүцийг дэлгэлээ.

“Сувдан Сондор-9” соёл эрдэм шинжилгээний энэхүү аялалыг Соёл, Яруу найргийн Академи Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж, Нью Жуулчин Турс ХХК дэмжин оролцсон байна. 

Үзэсгэлэнд 100 гаруй онц сонирхолтой гэрэл зураг, хэд хэдэн чухал археологийн олдворыг дэлгэжээ. Эртний чулуун туульс гэж нэрлэж болох Дарьгангын чулуун хөргүүдийн дүр зургийг зөвхөн энэ үзэсгэлэнгээс л нэгэн доор тольдон үзэх бололцоотой бөгөөд “Хөргийн хөндий” хэмээх газраас 1000 гаруй жилийн тэртээ урласан гэж үзэж буй чулуун хөргийг шинээр олсноо үзэсгэлэнгийн хананаа толилуулжээ.

“Сувдан сондор – 9” аялалын багийнхан эртний хүний өлгий гэгдэх Онгон элсний Шар бүрдэнд 1 цаг орчим ил хайгуул хийх үедээ эдүгээгээс 10000 жилийн өмнө үе буюу хуучин чулуун зэвсгийн үеийн чулуу урлалын томоохон бууц байх орчмоос олон сонирхолтой олдвор олсноо үзэсгэлэнд дээжлэн дэлгэсэн нь сонирхол татаж байлаа.


Шинээр олдсон чулуун хөрөг

Дарьганга нутгийн өндөр настан, гавьяат багш С.Лувсанноров, зохиолч Г.Мэнд-Ооёо нарын цуглуулгын сан хөмрөг дэх чулуун болон хүрэл зэвсгийн үеийн зарим ховор олдворуудыг, түүхэн дурсгалуудын гэрэл зургуудтай харьцуулан дэлгэж үзүүлсэн байна. Тухайлбал үзмэрийн хорго дахь Онгон элснээс олдсон хүрэл зэвсгийн үе буюу 7000 орчим жилийн тэртээ урласан болов уу гэж үзэж буй хүрэл онго, XIII зууны ихэсийн дурсгал болох Алтан-Овооны хаан хөрөг дэх бүсний арлын хээ чимэглэл хоорондоо төсөөтэй байгаа нь соёлын удамшилтай холбоотой байх гэж судлаачид үзэж байв.

Мөн Наран сумын нутаг дахь Хүнт ухаа, Онгон сумын нутаг дахь Таван толгойн чулуун хөргүүд маш их эвдрэлтэй байгаа бөгөөд яаралтай хамгаалах шаардлагатай байгаа нь үзэсгэлэнгийн танхимаас тод харагдаж байв.

Өөр нэг сонирхол татсан зүйл бол “Сувдан сондор – 9” аялалынхан Шилийн богд ууланд мод тарьсан бөгөөд онгон дагшин уул ус руу нүд сэтгэл бэлчээн, амарч зугаалж, аялаж яваа хэн боловч байгаль дэлхийд мөрөө гаргаж, зам харгуй, өвс ургамалыг нь ямар нэг хэмжээгээр хөндөж буй учраас мод тарьж байхыг уг үйл явдлаараа өргөн олон нийтэд уриалж байгаа аж.

Ийнхүү Шилийн Богд, Ганга нуур луу аялан явах хэн боловч уг нутаг усанд зориулж нэгээс доошгүй мод тарих буюу мод тарих ажлын зардлаа хураамж болгон төлж байх жишиг үүгээр тогтож байгаа юм байна.

 “Сувдан сондор – 9” аялалын багийн гишүүн, уран барималч С.Бадрал Дарьгангын чулуун хөргүүдийн багасгасан барималуудыг бүтээж “Дарьганга: түүх соёл, байгаль экологи” үзэсгэлэнгийн танхимыг чимсэн харагдана.

Ийнхүү Дарьгангын түүх соёл, байгаль экологийн талаарх олон үнэ цэнэтэй мэдээллийг нэг доороос авах бололцоог олгож байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл гаргах ажээ.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж