
Тус зөвлөлөөс тогтоол гаргаж, ирэх арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл талуудыг шалгаж, асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгожээ. Тогтоолд, "МҮОНРТ-ийн нэр бүхий ажилтнууд, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нарын хооронд үүссэн ноцтой зөрчлийн шалтгааныг судалж арилгах талаар албан үүрэг, эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авч үр дүнг нь 2013 оны арванхоёрдугаар сарын 2-ны дотор Үндэсний зөвлөлд мэдээлэхийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт үүрэг болгосугай" гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвлөлөөс заасан хугацаанд талуудын маргааныг судалж, шалган, асуудлыг шийдвэрлэх бөгөөд МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар арванхоёрдугаар сарын 2-ноос хойш шийдвэрээ танилцуулах ажээ. Энэ талаар МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяраас тодруулахад, “Би одоогоор өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Ажлаас чөлөөлөгдөх талаар ямар нэг шийдвэр гараагүй. Энэ асуудлыг ирэх сарын 2-н хүртэл шийдвэрлэх чиглэлийг Үндэсний зөвлөл гаргасан” гэлээ.
