Мөн дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь нэг талаараа Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэг хэсэг. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хаа, гуяар нь салгаж хэлэлцэж байна. Цаад агуулгаараа бол энэ хууль улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбогдоно. Ийм нарийн асуудлыг хаа, гуяар нь салгах нь зохисгүй” гэх байр суурийг илэрхийлж олон асуудал орхигдуулсан байгаа нь аюултай байдал руу түлхэж байна гэсэн юм.
Түүнчлэн дээрх төслийн хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн барилгын материалд хүрмэн, боржин хоёрыг нэмж оруулах тухай саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгахад олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Ингэснээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд заасны дагуу барилгын материалд ашиглаж байгаа элс хайрга, дайрга, тоосгоны шаврыг хайх, олборлох бол тухайн компани нь аймаг, сум, нийслэлийн Засаг даргаас эрх авах, гэхдээ Эрдэс баялгийн зөвлөлд мөн тооцоо судалгааг илгээж байж, дээрх эрхийг авна гэсэн үндсэн заалт хэвээр үлдлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр завсарлага авсан учраас одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.