&#34Эрдэм шинжилгээний тогтолцоог өөрчлөх шаардлагатай&#34

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

&#34Эрдэм шинжилгээний тогтолцоог өөрчлөх шаардлагатай&#34

Ж.Болдбаатар: Эрх зүйн шинэтгэлийг дагаад эрдэм шинжилгээ, сургалтын тогтолцоог өөрчлөх шаардлагатай

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.

-Удахгүй Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиох гэж байна. Хууль сахиулах салбарын тэргүүлэх эрдэмтэд Хууль сахиулахын их сургуульд харьяалагддаг. Тиймээс ойг угтаж ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Энэ жил шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож байгаа. Манай Их сургуулийн хувьд энэ баярын өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэнэ. Үүнтэй холбоотой ажлыг тодорхой төлөвлөгөө гарган үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ойг угтсан ажлын нэг бол эрдэмтэн, судлаачдын уулзалт-ярилцлага зохион байгуулсан. Мөн Шинжлэх ухааны академийн зарим хүрээлэнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулах гэж байна. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Хууль сахиулах салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 22-нд хийхээр төлөвлөж байна. Манай Их сургуультай холбоотой ажилладаг агентлагуудаас эрдэм шинжилгээний 70 гаруй илтгэл ирсэн. Үүнээс 10 илтгэлийг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.

-Засгийн газрын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хууль сахиулах байгууллагад тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Эрх зүйн шинэтгэл эрчимтэй явагдаж байгаа энэ үед зарим хууль батлагдаад байна. Шинэтгэлийн орчинд бид хуучнаасаа өөрөөр ажиллаж хууль сахиулах үйл ажиллагааны  шинжлэх ухааны хангалтыг нь хийх хэрэгтэй. Шинэ орчинд хэрхэн ажиллах талаар практик байгууллагад хандсан зөвлөмж боловсруулах, эрдэм шинжилгээ, сургалтын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ гэсэн хоёр гол зангилгаа асуудалд эрдэмтэн, судлаачдын ажил төвлөрч байна. 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө холбогдох эрх зүйн баримт бичиг  бэлэн болсон байх шаардлагатай. Манай их сургууль ирэх жил нэлээд хэдэн ажил төлөвлөсөн. Тухайлбал, “полиграф”, “электрон гав”, нисэгчгүй аппарат” зэрэг төсөл  боловсруулж байна.

-Электрон гав, нисэгчгүй аппаратыг гэмт хэрэг илрүүлэхэд хэрхэн ашиглах вэ. Эдгээр төхөөрөмжийг хууль сахиулах үйл ажиллагаанд ашигласнаар гэмт хэргийн илрүүлэлт сайжрах уу?

-Эдгээр төхөөрөмжийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, хил хамгаалах, гал түймэртэй тэмцэх, гамшгийн бэрхшээлийг даван туулах зэрэг олон чиглэлээр ашиглах боломжтой.

Электрон гав нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын хэрэгсэл юм. Тухайлбал, Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд электрон гаваар захиргааны хяналтыг хэрэгжүүлэх заалт орсон. Энэ нь тухайн хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, оногдуулсан ялын хэрэгжилтийг хангах, түүнчлэн гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдолтой. Сансрын хиймэл дагуулын хяналтад байлгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрх нь хязгаарлагдсан зарим хүнийг хяналтад байлгаснаар гэмт хэргийн илрүүлэлт сайжирна. Мөн заавал цагдан хорихыг цагдаагийн байгууллага урьтал болголгүй таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл болгон ашиглах боломжтой. Монитор дээр тухайн хүн хориглосон газар явж байна уу гэдгийг хянана. Манай эрдэмтэн, судлаачид электрон гавыг өөрийн орны цаг агаарын нөхцөлд туршиж, стандарт, хэрэглэх  аргачлал боловсруулна.

Нисэгчгүй аппаратыг хүн хүч ажиллах боломж муутай үед ашиглаж өндөр уул, уурхайн гүнд эрэл хайгуул хийх, галт түймэр, үер усны аюулын үед хэрэглэдэг. Энэ нь нэгдүгээрт аюулгүй байдлыг хангах, нөгөө талаар хүн хүчийг хэмнэх ач холбогдолтой. Нисдэг тэргийг зарим талаар орлуулна гэсэн үг.

-Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн, судлаачид эрх зүйн шинэтгэлийн хүрээнд багагүй ачаа үүрч байгаа бололтой. Удахгүй батлагдах хуулийн төсөл боловсруулахад Та бүхний судалгааны ажил чиглэгдэж байгаа болов уу?

-Судалгааг угтаж хийх, зэрэгцүүлж хийх арга байдаг. Мөн араас нь хөөж ч хийдэг. Манай их сургуулийн эрдэмтэн судлаачдын хийж байгаа судалгааны ихэнх нь прогнозын үүсэл дээр угтаж хийсэн судалгаа байгаа. Тухайлбал, “Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого, чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг тавдугаар сард зохион байгуулахаас өмнө энэ сэдвийн дагуу судалгаа хийсэн байсан. Уг хурлаас гаргасан зөвлөмжид эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг түлхүү оруулсан.

-Цаашид ямар хуулийн төсөл дээр урьдчилсан судалгаа хийж байгаа вэ?

-Бид одоо мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих хуулийн төсөл боловсруулахад оролцож байна. Энэ дагуу хар тамхины гэмт хэргийн судалгаа хийсэн. Аливаа хуулийн төсөл боловсруулахдаа судалгааныхаа үр дүнг харгалзан үздэг. Хууль сахиулахын их сургууль Монгол Улсын Засгийн газар, ХЗЯ-ны шинэтгэлийн бодлогыг  дэмжин ажиллаж байгаа нь бидний хийсэн судалгаагаар илэрнэ. Удахгүй батлагдах хуулиудын онол, арга зүй, практикийн судалгааг бид хариуцаж байна.

-Хууль сахиулахын их сургуулийн хувьд судалгааны ажил хийх эрдэмтэн, судлаачид хэр хангалттай байдаг вэ?

-Удахгүй их сургуулийн дэргэд докторын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах асуудлыг шийдэгдэх байх. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг  тогтмолжуулснаар эрдэмтэн “төрүүлэх” ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. Манай Их сургуульд нэлээд олон докторант бий. Тэднийг докторын зэрэгтэй болгохоор ихээхэн анхаарч ажиллаж байна.

-Их сургуулийн дэргэд докторын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулснаар чанартай, чанаргүй олон доктор “төрүүлэх” нь гэсэн шүүмжлэл дагуулах байх даа?

-Бид нэгдүгээрт, тооны хойноос хөөцөлдөхөөс өөр аргагүй. Их сургууль 180 орчим багш, эрдэм шинжилгээний ажилтантай. Албан тушаал, орон тооноос үзэхэд 70 доктор, 55 профессор байх шаардлагатай. Харин өнөөдөр 30 доктор байна. Докторын зэрэг хамгаалуулах  зөвлөлийн ажлыг дүгнэх гол шалгуур нь мэдээж хэрэг төрүүлж байгаа эрдэмтдийн чанар. Бид БШУЯ-наас баталсан журмын хүрээнд чанарын нэмэлт шаардлага тавина. Тиймээс чанарын талаар нэг их эргэлзээ төрөхгүй байна. Мөн хууль сахиулах салбарын тэргүүлэх эрдэмтдийг Зөвлөлд оруулахаар санал гаргасан. Энэ асуудлыг БШУЯ удахгүй шийднэ гэж итгэж байна.

Д.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж