өдөр тутмын “Өглөөний сонин” Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25,
Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан чөлөөт
хэвлэлийн үндэс суурийг тавилцсан эрхэм хүмүүсийн яриаг цувралаар хүргэж
байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Түүхийн ухааны доктор, Соёлын
гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, А.Баярмагнай уригдан оролцож чөлөөт
хэвлэлийн талаарх санал бодлоо солилцсоныг хүргэж байна.

ардчилсан хөдөлгөөн өрнөж, нийгмийн шилжилт хийгдсэн 1990-ээд онд
нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлсэн “Улаан-Од” сонины эрхлэгчээр
ажиллаж байсан таныг чөлөөт хэвлэлийн талаарх цуврал ярилцлагадаа
зайлшгүй урьж оролцуулах ёстой хүний нэг гэж сонгосон юм. Одоо эргээд
дурсахад Монголын нийгмийн байгууламжийг цоо шинээр өөрчлөн байгуулах
үйл хэрэг хэрхэн өрнөж, түүнд чөлөөт хэвлэл ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-1990-ээд
он бол Монголын нийгмийн хувьсгалт эргэлтийн үе юм. Яг л ийм үед аливаа
юмны мөн чанар тодорхой илэрч гардаг. Тэр үеийн нийгмийн сэтгэл зүйн
илрэл болж анхны чөлөөт хэвлэлүүд гарч эхэлсэн. Хамгийн эхлээд аливаа
хувьсгалыг хүлээж авах нийгмийн сэтгэлзүй заавал бүрэлдэн тогтдог
жамтай. Тэр сэтгэлзүй нь бүрдээгүй бол ямар ч хувьсгалыг хүлээж
авдаггүй. Ардчилсан хувьсгалыг Монголын нийгэм маш хүчтэй хүсэн хүлээж
байсан учир амжилтад хүрсэн хэрэг. Гэхдээ ардчиллыг эхлүүлсэн тэр
залуусын зориг зүтгэлийг үнэлэх ёстой. Өнөөдөр зарим хүмүүс “Тэд биш
гэхэд, өөр нэгэн эхлүүлэх л байсан” гэлцдэг. Үгүй, тэгээд та биш, би
биш чухам тэд л байхгүй юу. Монголын нийгэм ардчилсан хувьсгалыг тэгж их
талархан дэмжиж хүлээж авсан нь 70 жил ноёрхсон социалист нийгмийн гүнд
ардчиллын үр хөврөл аажмаар бүрэлдэн тогтож явсны л илрэл юм.
Монголчуудын нийгмийн сэтгэл зүйг зоригтой өөрчилж, ардчилал зах зээлийн
харилцаанд шилжихэд өнөөдөр үүсэн байгуулагдсаных нь 25 жилийн ойн
тухай ярьж байгаа чөлөөт хэвлэл үнэхээр залан чиглүүлэх, соён
гэгээрүүлэх түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
1980-1990-ээд оны
монголын сэхээтнүүдийн дийлэнх нь ардчилсан хувьсгалд үнэн чанартаа
бэлтгэгдчихсэн байсан. Социализмын онол бол үндсэндээ 1980-аад оны сүүлч
гэхэд мухардалд орчихоод байсан. Монголын сэхээтнүүдэд баруун Европ,
ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт их том нөлөө үзүүлсэн. Миний хувьд
1980-аад оны сүүлч хүртэл хөгжингүй социализмын онолд гүн бат итгэлтэй
явсан хүн. Монголын сэхээтнүүдээс социализм мухардалд орсныг П.Жасрай
гуай, Д.Бямбасүрэн гуай нар анх түрүүнд мэдэрсэн юм шиг ойлгогддог.
Намайг 1985 онд БНАГУ-д 21 хоног эхнэртэйгээ амарч байхад Польшийн
цэргийн академийн Улстөрийн хэлтсийн дарга, марксизмын том онолч хүн
бидний итгэдэг социалист нийгмийн хөгжил зогссон гэж ярихыг анх удаа
сонсоод үнэхээр их балмагдаж, бараг л шоконд орж байлаа. Тэр үед би тэр
хурандаагийн үгэнд үнэндээ итгээгүй ээ. Тэгээд хоёр жилийн дараа, урьд
өөрийнхөө сурч төгссөн Москвагийн Лениний нэрэмжит Цэрэг, улстөрийн
академийн дээд курст сурч байхад социалист орны Офицерууд надтай хамт
сурч байгаа нөхөд минь нөгөө л барууны үзлийг маш дэлгэрэнгүй ярилцдаг
байсан. Ийнхүү марксизм явцгүй болж байгаа юм байна гэдэг үзэл бодол
миний дотор 1987 оноос бүрэлдэж эхэлсэн юм. Тэгтэл манай хэвлэлүүдэд ч
мөн ийм өгүүллүүд гарах болсон.
-Таны үндсэн мэргэжил
сэтгүүлч. Харин Цэрэг, улстөрийн боловсролыг Москвад эзэмшсэн юм байна.
Ингэхэд сэтгүүлч мэргэжлийг хаана, хэдэн онд эзэмшсэн бэ?
-Би
1964 онд 20-хон настайдаа МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Тэр
чинь үндсэндээ 16-20 насандаа дөрвөн жил Марксизм, Ленинизмын онолыг
монгол хэл дээр үзсэн гэсэн үг л дээ. Тэгээд хувь заяагаар цэрэгт явж
цэргийн сонинд ажиллаж байгаад 1974 онд Москвагийн Цэрэг, улстөрийн
академид явж суралцан, 1978 онд төгсөж ирсэн. Ийнхүү хүний нийгмийн
хөгжлийн тухай цэгцтэй сургаал болох марксизм, ленинизмын онолыг 30-34
насандаа орос хэл дээр дахиад судалсан болохоор миний үзэл санаанд энэ
онол гүн бат шингэсэн байсан л даа. “Улаан-Од” сонины эрхлэгч байх үед
өөрчлөн байгуулалт эхэлж миний ойлголт, үзэл санаанд аажмаар өөрчлөлт
орж эхэлсэн юм.
-“Улаан-Од” сонины редакцийг мэргэжлийн
цэргийн сэтгүүлчдээр бүрдүүлэхэд таныг онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Энэ ажлыг ямар зарчим, бодлого баримтлан хэрэгжүүлсэн бэ?
-Би
1968 оны цэрэг л дээ. Тэр үед “Улаан-Од” сонины редакцид дээд
мэргэжилтэй хүн их цөөхөн байсан юм. Дандаа л практикийн сэтгүүлчид.
Москвагийн Улсын их сургуулийг төгссөн ганц хүн байсан. Ийм байдалтай
редакцид хоёр жил ажиллаад хойшоо академид явсан. Төгсөж ирээд эрхлэгч
болонгуутаа барьсан зарчим маань ерөөсөө л “Сонин хэвлэл бол нийгмийг
соён гэгээрүүлэгч, оюун санааны хөтөч учир тэнд мэргэжлийн чадварлаг
боловсон хүчин ажиллах ёстой” гэсэн зарчим л байсан. Хувь хүний хувьд ч
тэргүүний сэтгэлгээтэй сэхээтнүүд байх ёстой гэж үзээд цэргийн ангиудаас
шүлэг бичдэг, сэтгүүлч болох ирээдүйтэй залуучуудыг шилж сонгоод хойш
нь сургуульд явуулсан.
Тэр үеийн ЗХУ-ын цэргийн төв хэвлэл
“Красная звезда” сонины Ерөнхий эрхлэгч Н.Н.Макеев гуайн дэмжлэгтэйгээр
ясны цэргийн сэтгүүлчид бэлтгэе гэсэн зорилго тавиад ажилласан минь
буруудаагүй. Цэргийн ангиудаас шалгаруулалт хийж Ц.Элбэгдорж,
С.Баярмөнх, Б.Цэдэн, Г.Сумьяа нарын арван хэдэн хүн сонгож аваад Львовын
Цэрэг, улстөрийн дээд сургуульд цувуулан явуулж байлаа. Тэр байтугай
хөөрхий талийгаач О.Дашбалбар, Ц.Чимэддорж нарыг явуулах гэтэл тэр хоёр
“Цэргийн хүн болохгүй” гээд яваагүй юм. Ц.Чимэддорж тэр үед халагдах
цэрэг байсан. Дараахан нь радиод ажилд орчихсон, О.Дашбалбар Горькийд
явчихсан. Түүнээс гадна дотоодод дээд сургууль төгссөн Ц.Баяраа,
Л.Зоригт зэрэг авьяастай залуучуудыг редакцидаа авч байлаа. Миний дараа
“Улаан-Од” сонины эрхлэгч болсон Б.Чантуу Москвагийн академи төгссөн хүн
л дээ. Хариуцлагатай нарийн бичгийн дарга болгож байсан. Миний
сургуульд явуулсан залуучууд төдхөн цуваад төгсөөд ирсэн. “Улаан-Од”
сонины редакцид боловсролтой, эрч хүчтэй, чадварлаг, цэргийн сэтгүүлчид
цугларсан, туршлагатай ахмадууд ч байсан. “Орчин үеийн офицер бол эхлээд
тэргүүний сэхээтэн, дараа нь цэргийн чадварлаг мэргэжилтэн байх ёстой”
гэсэн үзэл санааг монголын ардын армийн даргалах бүрэлдэхүүнд
төлөвшүүлэхэд тэд их үүрэг гүйцэтгэсэн юм шүү. Одоо энэ Гадаад
харилцааны сайд Л.Болдын аав С.Лувсанвандан багштай хамтраад “Цэргийн
албаны гоо зүй” гэсэн цуврал хичээл явуулж байлаа. Сонины жижигхэн
мэдээг хүртэл мэргэжлийн түвшинд, гоо зүйн мэдрэмжтэй бичих ёстой гэсэн
өндөр шаардлага тавьдаг байсан. Залуу байхад бүх талын мэдрэмж их хурц
байдаг л даа. Тийм ч учраас тэр үед “Улаан-Од” сонинд ажиллаж байсан
мэдрэмжтэй, авьяастай, боловсролтой сэтгүүлчид Монголын нийгмийн
сэтгэлзүйг цоо шинэ харилцаанд бэлтгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
-“Улаан-Од”
сонинд зөвхөн Львовийн Цэрэг, улстөрийн дээд сургуулийг төгссөн орос
хэлтэй сэтгүүлчид л ажиллаж байсан уу. Яагаад ингэж асуув гэхээр зарим
дугаарт нь Герман, Польш гээд барууны хэвлэлүүдэд гарсан шуугиантай
материалыг орчуулан гаргадаг байсныг санаж байна л даа?
-Манай
редакцид оросоос гадна герман хэлтэй хүн хүртэл ажиллаж байсан. Тэр
герман хэлтэй З.Дашдондов бол маш өндөр боловсролтой, Европт болж байгаа
гол үйл явдлын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байдаг байсан.
Тэр үеийн манай сонины редакцийн талаар дипломатч, нийтлэлч Д.Баярхүү
“Би” гэдэг номондоо чин халуун сэтгэлээр, үнэхээр сайхан бичсэн байна
лээ.
-Таныг “Улаан-Од” сонины эрхлэгчийн ажлаа өгчихөөд Батлан
хамгаалах яаманд генералын орон тоон дээр, хэлтсийн даргаар ажиллаж
байсан гэсэн. Энэ нь ардчилсан хувьсгалын өмнөхөн болсон хэрэг үү?
-За
тэр яах вэ. Армийн ар талын газрын Улстөрийн хэлтсийн даргаар дөрвөн
жил ажилласныг л хэлж байх шиг байна. “Улаан-Од” сонинд залуучуудтай
бужигнаад, өөрчлөлт шинэчлэлтийн талаар дуугараад эхлэхээр хуучинсаг
үзэлтэй, хов хөөцөлддөг зарим хүн дээш, доош нь алтан хошуу өргөснөөр
Армийн ар талын газар очсон хэрэг. Гэхдээ сонинд байхдаа 69 унадаг
байсан бол тэнд хар машин унадаг, түүгээр хуурч байгаа юм. Тэр газар ч
сайхан залуучуудтай ажилласан даа. Надаас сонины эрхлэгчийн ажлыг хүлээн
авсан Б.Чантуу 1986-1990 онд үнэхээр дайчин, шуурхай ажилласан.
Өөрчлөлт шинэчлэлтийн талаар хангалттай сонсож, тэрхүү уур амьсгал тархи
толгойд нь гүнзгий суусан залуучууд ёстой бужигнуулсан даа. Манай
Л.Зоригт хэлмэгдүүлэлтийн талаар, Ц.Баяраа Монгол цэргийн ирээдүйн
хөгжлийн талаар үнэхээр шинэлэг нийтлэл, сурвалжлагууд бичиж байсан.
Хэдийгээр сонин нийтлэлийн бодлогоороо тэр үеийн нийгэмд шуугиан тарьсан
ч хуучинсаг үзэлтнүүдээс өөрийгөө хамгаалах тал дээр дорвитой ажиллаж
чадаагүй юм. Ингээд 1990 оны сүүлчээр Ерөнхий эрхлэгч Б.Чантууг халж,
тэтгэвэрт гаргаад намайг эргүүлээд сонины эрхлэгчээр тавьж байлаа.
-Тэр
үеэс л “Улаан-Од” сонин байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болоод ирсэн
санагддаг юм. Нийтлэлийн бодлого ч ихээхэн суларсан байх даа?
-Ардчиллын
эхний он жилүүдэд янз бүрийн хийрхэгчид, их мэдэгчид салбар бүрт
тодорч, тэд их балаг тарьсан шүү дээ. Ардчилсан хувьсгалыг удирдсан
залуучуудад ч зарим үед туршлага, эв нэгдэл ихээхэн дутагдаж өөрсдийгөө
хамгаалах тал дээр багагүй алдаа гаргасан. Үүнийг нь овжноор ашигласан
этгээдүүд олон бий. Ардчиллын лидерүүд одоо л эхнээсээ 50 гарч, хашир
сууцгаан “Ардчиллаа хэрхэн гүнзгийрүүлэх вэ” гэж ярьж эхэллээ шүү дээ.
Тэр
их хийрхэлийг бид дагаж давхиагүй юм. Харин тэр үед аль болох ухаарлыг
ухуулсан бодлого барьсан юм. Жишээ нь Хүннү гүрний 2220 жилийн ойг
саяхан өргөн тэмдэглэлээ шүү дээ. Тэгвэл бид түүнээс 20 жилийн өмнө 2200
жилийн ойд нь Г.Сүхбаатар тэргүүтэй докторуудын цуврал өгүүлэл нийтлэж
байлаа. Төрийн их цагаан сүлд, бүх цэргийн догшин хар сүлдийг жинхэнээр
нь хийх санаа дэвшүүлж, аймаг бүрээс захидлын дугтуйгаар азарганы дэл
сүүлийг туг тугаар нь цуглуулж байлаа. Одоо НҮБ-ын энхийг сахиулах
хүчинд монгол цэрэг алба хааж байгаа ажлыг чинь манай сонин тэр үед
санал дэвшүүлэн, цуврал өгүүлэл нийтлэж байлаа. Үндсэн хуулинд оруулах
саналыг олон нийтээс сурвалжлан авч, системчлэн нийтлэж байлаа.
Харамсалтай нь тэр хэтэрхий хийрхэлийн үед нийгмийн сэтгэлзүйд хүчтэй
нөлөөлж чадаагүй юм. Гэхдээ миний энд дурьдсан жишээнүүд ажил хэрэг болж
чадсан л юм даа. Хүннүгийн ойг бидний санаснаас 20 жилийн дараа л өргөн
тэмдэглэлээ. Тэгэхлээр нийгмийн оюун санаанд огт нөлөөлж чадаагүй гэж
хэлж бас болохгүй юм аа.
-Таны тухай сонсож байхад “Энэ их
ажлыг ганц хүн яаж амжуулсан юм бол” гэж өөрийн эрхгүй бодогддог юм.
Төрийн есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн их хар сүлд, Төрийн хүндэт
харуулын цэргийн хувцас зэргийг санаачлан шинэчилсэн, Монголын морин
спорт уяачдын холбоог байгуулсан, Монголын хурдан морины соёлын талаар
эрдмийн зэрэг хамгаалсан Хардэл бэйс Пүрэвжавын түүхэн гавьяаг
тодруулсан гээд л. Хүн ер нь хийсэн ажилтай, хэлэх үгтэй амьдрахын тулд
ямар зарчим баримтлах ёстой юм бол?
-Тэгэхээр, аливаа
асуудлыг эхлээд монгол хүний үүднээс, дараа нь маш олон талаас нь бодож
үзэж аль болох өргөн цартай сэтгэхийг хичээж иржээ. Тэгэхээр монгол
ахуйд төрж, өссөн либериаль үзэлтэй хүн юм. Гэхдээ энэ олон ажлын зармыг
манай редакцийн залуучууд санаачилсан юм шүү. Одоо дэлхий нийтээрээ
лидер бие хүнийг шүтэх үзлийг таягдан хаяж, олон ургальч үзэл, олон
хүний бүтээлч сэтгэхүйг дэмжих, урамшуулах хандлага давамгайлах боллоо.
Хүчтэй удирдагчийг шүтэх үзэлтэй Хятадууд хүртэл хувь хүний биш хуулийн
засаглалын тухай ярих боллоо. Тийм хандлагыг “Улаан-Од” сонины редакци
их эрт хэрэгжүүлснээрээ олон шинэ ажлын эхлэлийг тавьсан юм. 1990-ээд
оны нэг наадмын дараа Ардын дуу бүжгийн чуулга дээр шагай харваад явж
байтал Доржсамбуу найруулагчийн дэглэсэн наадмын нээлтээр сүртэй
залагдаж байсан Төрийн их цагаан сүлд нэг буланд, шалан дээр
навсайчихсан хэвтэж байх юм. Сонирхоод үзтэл цагаан мяндсан уутыг
нарийхан хайчлаад хийчихсэн нэг юм байсан. Тэгэхээр нь Монголын
радиогийн Ч.Мөнхбаяр гэдэг залууд ярилцлага өгч орон даяар нэвтрүүлж,
хажуугаар нь сониндоо уриалга нийтлүүлсэн чинь 20 аймгийн 300 гаруй
сумын ард иргэд 1000 шахам азарганыхаа дэл, сүүлийг туг тугаар нь
шуудангаар ирүүлсэн юм. Тэдгээрийг бөөгнүүлж нэгтгээд бүх цэргийн догшин
хар сүлдний гол сүлдийг бүтээсэн түүхтэй. Тэр ажлыг Батлан хамгаалах
яамны Ц.Галсан, Ц.Дашзэвгэ зэрэг генералууд их сайхан тосон авч гардан
хийсэн. Оонын хүзүүний арьсыг нарийхан зүсч элдээд, ишийг нь ороож
байлаа. Ишний мод суурийн чулууг тэд их учиртай сонгосон юм шүү. Төрийн
есөн хөлт их цагаан сүлдэнд зориулж цагаан өнгийн хялгасыг нь өгсөн.
Багахан юм байсан даа. Түүн дээр нэмээд өөр хүмүүс гардан хийсэн байхаа.
Хүндэт харуулын хувцасны тухайд Армийн ар талын газрын Улстөрийн
хэлтсийн даргаар ажиллаж байхдаа л хийсэн ажил байгаа юм. Төрийн хүндэт
харуулын цэргүүд Монгол үндэсний сайхан хэв загвартай хувцастай байж
болдоггүй юм уу гэсэн санаа 1987 онд орж ирсэн л дээ. Тэгээд цэргийн
хувцас зохион бүтээх товчооны Цогтсайхан гэдэг залууд санаагаа хэлтэл
маш сайхан гурван загвар гаргаад ирсэн. Зургаа бариад дэд сайд
Г.Баасанжав, Ц.Дашзэвгэ генерал хоёр дээр ортол “Болох юм байна” гээд
дэмжсэн. Харин Батлан хамгаалахын сайд Ж.Ёндон генерал, Жанжин штабын
дарга Ш.Жадамбаа генерал хоёр эхэндээ жаахан дурамжхан байсан бол
НАХЯ-ны сайд байсан С.Жамсранжав генерал хоёр гараа өргөөд дэмжсэн. Ер
нь С.Жамсранжав генерал бол монголын ардчиллын түүхэнд том гавьяа
байгуулсан, маш өндөр боловсролтой хүн байсан даа. С.Жамсранжав гуайг
дэмжингүүт нь бид зориглоод цэргийн оёдлын үйлдвэрт хэдийг оёулчихсан.
Тэгээд нөгөө хувцсаа өмсгөөд Ж.Ёндон, Ш.Жадамбаа генералууд дээр ортол
“Зургийг нь хараад нэг л сэтгэлд буухгүй байсан юм. Харин ингээд
харахаар өөр байна” хэмээн дэмжсэнээр Сайд нарын зөвлөлөөр оруулж,
Төрийн хүндэт харуулын цэргүүдийн хувцас үндэсний загвартай болсон, 2006
онд жаахан засвар оруулаад одоо өмсч л байна. цаашдаа ч өмсөх байхаа.
-Монголын
уяачдын хөдөлмөрийг үнэлэх, морины соёлыг дэлгэрүүлэхэд түүхэн үүрэг
гүйцэтгэсэнийг тань захын уяач хэлээд өгнө. Ер нь энэ ажил руу яагаад
орчихсон хэрэг вэ?
-Би өөрөө баруун Туул буюу Улхын булангийн
хүн. Миний төрсөн нутаг бол Галдан Бошигт, Чахундорж нарын цэргүүд гал
бутарч, газар доргитол тулалдсан газар л даа. Намайг гурван настай
байхад аав минь морины нуруун дээр анх тавьснаас хойш өнөөдрийг хүртэл
мориноос холдоогүй л явна. Би айлын ганц хүү л дээ. Тийм ч учраас
адуутай холбоотой бүх л ажил над дээр буудаг байсан. 1951 онд долоон
настай байхдаа Буянт-Ухаад ирж улсын наадам анх үзэж байлаа. Тэр жилээ
Өнжүүлийн наадамд даага унан уралдаж, аман хүзүүдэж байсан. Намайг бүр
тэтгэвэрт гарсан хойно бурхны оронд одсон аав минь ёстой л бурхан
ухаантай буурал байлаа. Тайж угсаатай хүн л дээ. Багадаа 10 гаруй жил
Ганданд шавилж байсан болохоор Төвөд, Монгол бичиг мэддэг, буддын гүн
ухааныг нилээн гүнзгий судалсан хүн байлаа, хөөрхий. Би улсын амралтад
амарч үзээгүй хүн. Зун нь хөдөө гэртээ очиж хэдэн адуутай ноцолдсоор
насыг элээлээ. Тийм ч болохоор морины буян надаас холдсонгүй. Ингэж
явсаар 1995 онд тэтгэвэртээ гараад л Монголын морин спорт, уяачдын
холбоог Г.Баттөмөр, Д.Даваахүү, Г.Пунцагбалжир Э.Ганбат нарын санаа
нийлсэн нөхөдтэйгөө ярилцаж байгаад байгуулсан. Холбоо байгуулах яах вэ.
Холбоо байгуулсаныхаа дараа олон жил үр дүнтэй, тасралтгүй ажиллуулах
нь л чухал байсан. Үүний тулд хамгийн эхэнд хийсэн дорвитой ажил маань
хурдан морьдын шигшмэл болон бүсийн уралдааныг санаачлан тогтмолжуулсан
явдал. Хамгийн эхний бүсийн уралдааныг Завхан аймгийн Дөрвөлжин суманд
“Баруун бүсийн уралдаан” гэж хийж байлаа. Тэр үед Монгол Улсын
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр Сартуул хүн байлаа шүү дээ. Бүсийн анхны
том уралдааныг Сартуулын талд хийсэн нь энэ ажилд дэмжлэг олж авах гэсэн
бас л нэг санаа байсан. Одоогоор зургаан удаа шигшмэл, зуугаад удаа
бүсийн уралдаан хийчихээд байна. За түүний дараа уяачдын цол, зэргийг
олгох ажил эхэлсэн. Уяачдаас анхны Хөдөлмөрийн баатар төрлөө. Ер нь
уяачдын хөдөлмөрийг үнэлдэг төрийн ба төрийн бус байгууллагуудын
хамтарсан тогтолцоотой боллоо. Хууль эрхзүйн орчныг нь бүрдүүллээ.
Хурдан морины уралдааныг хөгжүүлэх талаар миний үеийнхэн хийх зүйлээ
хийсэн гэж бодож байна. Одоо энэ ажлыг дараагийн үе аваад явах цаг
болсон, аваад явж ч байна. Энэ бол хөгжлийн зүй тогтол юм аа.
-Та Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хэзээ шагнагдсан билээ?
-Ерөнхийлөгч
Н.Энхбаяр 2008 оны долоодугаар сарын 9-нд “Төр цэргийн ёслол
хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний үзэл санааг нэвтрүүлэх, монголын
үндэсний спортыг орчин цагийн нөхцөлд дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд
оруулсан хувь нэмрийг нь үнэлж” хэмээсэн тодорхойлолтыг үндэслэн “Монгол
Улсын соёлын гавьяат зүтгэлтэн” хэмээх эрхэм шагнал хүртээсэн юм.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Тэдгээрээс таны хэвлэл, мэдээлэл, хурдан морины чиглэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж яваа хүүхэд бий юу?
–
Би хоёрхон хүүхэдтэй хүн. Ер нь бидний үеийнхэн л хамгийн цөөхөн
хүүхэдтэй байгаа юм. Нэг тийм завсарын үе байсан юм даг уу даа. Уг нь
гурван хүүхэдтэй байгаад нэгийг нь алдчихсан юм аа. Хүн ер нь өнөр өтгөн
л байх хэрэгтэй юм байна шүү. Манай хоёр хүүхэд хоёулаа 20 гарсан
бандитай, бас хоёулаа жаахан охидтой. Том охин минь мэдээллийн орчин
цагийн технологид тулгуурласан сэтгүүлчийн ажил хийж байгаа. Харин хүү
маань нэг барилгын чулуу заслын компанитай. Өөрсдөө л өөрсдийнхөө хоолыг
олж идэж явна даа хүүхдүүд минь.
-Таны ширээн дээр бичиж байгаа ном байх шиг байна. Энэ юун тухай ном, хэзээ хэвлэгдэх вэ?
-Уяачдын
холбооны 20 жилийн түүхтэй холбоотой энэ номыг 2014 онд заавал
хэвлүүлэх санаатай нухаж сууна. Урьд нь би арван хэдэн ном бичсэн л дээ.
Монголын хурдан морины уралдааны тухай Англи хэл дээр нэг ном гаргах
санаатай ажиллаж байна. За тэгээд бурхан нас заяавал Монголын хурдан
морины уралдааны нэвтэрхий толь бичиг хийх санаатай. Амжвал тэр миний
амьдралдаа хийсэн гол ажлын нэг болох байх даа. Ийм л байна даа хүү
минь.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"