Буланд шахагдсан борчууд

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Буланд шахагдсан борчууд

Утааны асуудал хүмүүсийн ярианы гол сэдэв болжээ. Ойрын өдрүүдэд харьцангуй дулаахан байгаа. Огцом хүйтрэхээр нийслэлчүүд Улаанбаатарын саарал манан дунд зүг чигээ олох гэж зовох бололтой.  Монголын 30 градусын хүйтэн өвлийг давж гарахын тулд гэр хорооллынхон нүүрсээ түлэхээс өөр сонголтгүй.

Засгийн газар зуух, нүүрсийг бодлогоор тарааж, төв банк нь борчуудыг орон сууцжуулах албагүй хэмээн мэдэгдэж  буй нөхцөлд Улаанбаатарын утаа нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь лавтай.

Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн ажилтай, орлоготой монгол иргэдийг орон сууцжуулах үүднээс Монголбанк, Засгийн газартай хамтран жилийн найман хувийн хүүтэй зээл  гаргав. Урт хугацаатай хямд хүүтэй энэхүү зээлийн хүрээнд тавьсан шаардлагууд орох оронтой болохыг мөрөөдсөн олон мянган иргэний хүслийг жинхэнээсээ хясна гэгч л болчихсон доо. Бондын хөрөнгөөс санхүүжүүлж, төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа энэхүү зээлийн гол утга алдагдсанаас орон сууцны салбарт эрэлт гэхээсээ хэрэгцээг дагасан үнийн хөөсрөлт үүссэн. Өнөөдрийн байдлаар хамгийн хямдхан орон сууц гэхэд метр квадрат нь  нэг сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Анхнаасаа  зорилтот төвшнийхөнд зориулж  “salе” зарлаагүй юм бол жилийн найман хувийн хүүтэй зээл гаргаж орон сууцны салбарт үнийн хөөс үүсгэх шаардлагагүй байсан шүү дээ. Харин энэ зээлийг гаргаж эрэлтийг зохиомлоор өсгөөгүй байсан бол барилгныхан орон сууцныхаа үнийг бага зэрэг хямдруулах байсныг үгүйсгэхгүй. Учир нь худалдан авалт нь багасахаар бүтээгдэхүүнээ хямдруулах нь зах зээлийн дүрэм.  Жилийн найман хувийн хүүтэй зээл зорилтот  төвшнийхөнд зориулагдаагүй гэдгээр нь, үл хөдлөх хөрөнгийн наймаачдыг хөлжих хэрэгсэл болсных нь хувьд, байрны үнийг 50 хувиар өсгөх шалтгаан болсноор нь найман хувийн зээлийг “баавгай”-н талд зориулжээ гэж хардах үндэслэл байна. Зээл зөвхөн өмнө байртай байсан хүмүүст л том боломжийг авчирсан болохоор ингэх дүгнэгдэж байгаа юм. Зарим иргэд энэ зээлийн хүрээнд таван байраа 50 болгон өсгөсөн гэсэн шог яриа ч гарсан. Гэхдээ 50 байр байг гэхэд таван байртай байсан нөхөр 10 болгож өсгөх нөхцөл Засгийн газрын баталсан журмаар бүрдчихээд байгаа болохоор яая гэхэв.  

Байр мөрөөдсөн борчуудад “боломжгүй” толгой сэгсрэн суугаа томчуудад нүүрс тараахаас өөрөөр гэр хорооллынхныг дэмжих бодлого алга гэж үү.  "Засгийн газар иргэдээ орон сууцаар хангах асуудлыг шийдэхдээ байр орон сууцны хэрэгцээ, нийлүүлэлтийн судалгаанд үндэслээд санхүүгийн дарамт болон нийгмийн эерэг үр дагаварыг тэнцүүлсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Дэлхийн банкныхан зөвлөж байна лээ. Тодруулбал,  бусад улсын туршлага дээр үндэслээд банкны сар бүрийн хүүгийн төлбөрт бус нэг удаагийн байрны урьдчилгаа төлбөрт нь дэмжлэг үзүүлэх бүхий зорилтот хөтөлбөрт зөвхөн эмзэг бүлэг эсвэл анх байр авч байгаа иргэдийг хамруулах нь хамаагүй ашигтай хувилбар болохыг Дэлхийн банкны мэргэжилтнүүд хэлсэн. Энгийнээр тайлбарлавал,  зээлийн хүүг хямдруулах биш ажилтай, орлоготой иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгааг нь даах нь монгол хүнийг тогтвортой ажлын байраар хангах бодлогын үр дүн сайн байх бололтой.  Ийм бодлогоор иргэдийнхээ амьдралд бодит дэмжлэг үзүүлж, төсөв дэх мөнгөний хэмжээг бодитой тооцоод явах бүрэн боломжтой юм байна. Монголд хэрэгжсэн орон сууцны хөтөлбөрүүдээс хамгийн үр дүнтэй болсон нь “төрийн албан хаагчдад зориулсан 4000 мянган айлын орон сууц хөтөлбөр” гэж эдийн засгийн хүрээнийхэн болоод барилгын салбарынхан дүгнэдэг.

Нүүрс тарааж гэр хорооллынхонд буян болж болно, харин энэ ирээдүйд нүгэл болж магадгүй юм шүү.  Улаанбаатарчуудын эрүүл мэндэд заналхийлсэн “Нүүрс” хөтөлбөрийг цаашдаа хэрэгжүүлээд явбал Монголд эрүүл уушигтай хүн олдохгүй. Худлаа гэвэл цонхоо дэлгээд орж ирсэн агаарыг нь амьсгалаад үз. Гараад алх, тэгээд мэдэр.

Ж.НЯМСҮРЭН








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж