–Хөрөнгө оруулалтын сангаар дамжин триллион төгрөг хөрөнгийн зах руу орох
боломжтой–
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаад удаагүй байна. Уг хуулийн
талаар “Мандал даатгал”-ын Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.
Хөрөнгө оруулалтын сангийн хууль батлагдлаа. Энэ хуулийг дагаад ямар ямар
журам гарах ёстой вэ?
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд
маш шинэлэг харилцаанууд орж ирж байгаа. Хөрөнгө оруулалтын сан тусдаа хуулийн
этгээд боловч тусдаа оффис, ажилтан байхгүй. Сангийн бүх үйл ажиллагааг менежер
зохион байгуулж, удирдлагаар хангаж байдаг өвөрмөц санхүүгийн харилцаа юм. Сангийн
хөрөнгө менежерийн өөрийн хөрөнгөтэй холилдохгүйн тулд тусдаа байна. Нэг ёсондоо
банк нь тусдаа, банкны удирдлага менежмент нь тусдаа хөндлөнгийн байгууллага
байна гэсэнтэй адилхан. Энэ харилцааг зохицуулах, ямар хэм хэмжээнд байх вэ
гэсэн нарийн зохицуулалттай журмууд гарна.
Мөн хадгаламж зээлийн хоршоотой адилхан
болох вий гэдгээс сэргийлж, илүү мэргэжлийн болгож байгаа нэг зохицуулалт бий. Кастодиан
буюу Сангийн хөрөнийг өмнөөс нь хадгалах мэргэжлийн хадгаламжийн байгууллага
бий болно. Ялангуяа нээлттэй сангууд, хамтын сангуудын хувьд хөрөнгийг
итгэмжлэгдсэн кКастодианууд барьж байна. Санд хөрөнгөө оруулсан хүмүүсийн эрх
ашгийг хөндлөнгийн байгууллагууд хянаж байна гэсэн үг. Сан, менежер гэсэн
тусдаа этгээдүүдийг СЗХ хянана. Менежер бол тэр сангаас ямар ашигтай хөрөнгө
оруулалт хийх вэ гэсэн шийдвэр л гаргадаг этгээд. Тэр шийдвэрийн дагуу хөрөнгийн
шилжилт хөдөлгөөнийг Кастодиан нь давхар хянаж, барьж байна.
Зарчмын ялгаатай өөр нэг зүйл нь
менежер зөвхөн ашиг олсон хойно өөрийнхөө менежментийн хөлс, шагналыг авна. Ашигтай
ажиллаж байж л тэр менежер цалинтай ажиллана гэсэн үг. Энэ нь ХЗХ-ноос ялгарах
онцлог. ХЗХ-ны захирал нь хүмүүс цалинжуулаад, өөрөө шийдвэрээ гаргаад, ашгаа
хэзээ авахаа өөрөө шийддэг. Хөрөнгө оруулалтын сан үүнээс ялгаатай. Энэ мэт
нарийн зохицуулалт хийсэн журмуудыг СЗХ-ноос гаргах ёстой.
Монголд Хөрөнгө оруулалтын сан хэзээнээс нэвтэрсэн юм бэ? Сүүлийн үед албан
бусаар цөөнгүй сан байгуулагдлаа л гэдэг. Цэнхэр, ягаан тасалбарын үед хамтын
сан гэсэн нэр томьёо гарч л байсан?
Хөрөнгө оруулалтын сан гэдэг ойлголт
дэлхий дээр 1650-аад оноос эхтэй. 400 гаруй жил хөгжөөд явчихлаа. Монголын
хувьд албан ёсны хөрөнгө оруулалтын сан 2014 он гараад буюу уг хууль хэрэгжиж
эхэлснээр байгуулагдана. 1990-ээд оны сүүлээр хувьчлалаар хүмүүсийн гарт очсон
хувьцааг төвлөрүүлээд Хамтын сан гэж байгуулагдаж байсан. Үнэт цаасны хуульд ч ийм
сан байж болно гэсэн зохицуулалт бий. Ийм сангууд брокерын компаниуд дээр
төвлөрдөг. Брокер зуучилдаг болохоос хөрөнгө удирддаг этгээд биш учраас Хамтын
санг брокеруудаас салгаж үзсэн. Гэхдээ энэ нь нарийвчилсан зохицуулалт байхгүй,
хянадаг Үнэт цаасны хороо нь бүрэн утгаараа хөгжиж чадаагүйтэй холбоотойгоор
бүтэлгүйтсэн л дээ. Барууны сонгодог Хөрөнгө оруулалтын сан гэдэг утгаараа одоо
л байгуулагдах гэж байна. Тусдаа хууль нь ч батлагдаж байна.
Сүүлийн 10 орчим жил Монголын зах
зээл дээр гадны хөрөнгө оруулалтын сангууд нэлээд орж ирсэн. Нээлттэй зах дээр
хувьцаа, Засгийн газрын бонд авах, хаалттай зах зээл дээр хязгаарлагдмал хариуцлагатай
компаниудын хувьцааг авах, үл хөдлөх, барилга, уул уурхайд хөрөнгө оруулах гэх
мэтээр гадны 30-аад Хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулагч байдлаар Монголд
орж ирсэн байдаг. Монголчууд өөрсдөө хөрөнгө оруулалтын сан байгуулж байсан
оролдлогууд ч байгаа. Гэхдээ хууль нь байхгүй учир сонгодог утгаараа явж
чадахгүй байна. Одоо л хууль гарч, энэ сангууд ажиллах боломжтой болж байна.
Хуулийг дагаад хөрөнгө оруулалтын сангууд хэр хурдан байгуулагдах бол? Банк
дээр тогтдог санхүүгийн систем хэр хурдан өөрчлөгдөж эхлэх вэ?
Миний бодлоор тийм хурдацтай явахад
түвэгтэй байх. Хэд хэдэн шалтгаан байна. Монголчууд энд тэнд мөнгөө хийж
алдсаар хаширсан улс. Тэр ч үүднээс банкны хадгаламжид мөнгө хийгээд сурчихсан.
Тэгэхээр Хөрөнгө оруулалтын сан байгуулагдах
гол үндэс нь сан татваргүй байдаг. Сангийн орлогод татвар ногдохгүй. Маш олон
зохицуулалтаас сан байгуулах хөшүүрэг нь энэ юм. Урьд нь иргэд бизнесээс олсон
хуримтлалаа өөр төрлийн хөрөнгө оруулалт болгож хийх гэхээр компани байгуулах
шаардлагатай болдог. Компани өөрөө татвар төлдөг. Татвар төлсөн орлогоо дахиад
хөрөнгө оруулалтад хийхээр дахиад татвар төлнө. Компаниасаа ногдол ашиг авах
гэхээр дахиад ногдол ашгийн татвар төлнө. Одоо сан байгуулагдсанаар иргэд хадгаламжийнхаа
зарим хэсгийг хөрөнгийн зах руу хийж үзмээр байвал сан руу мөнгөө хийж болно. Сангийн
орлогоос татвар ногдохгүй. Сангийн менежер нь ямар хөрөнгө оруулалт хийвэл
ашигтай байх вэ гээд өдөр тутам судалгаа хийгээд сууж байдаг санхүүч нар гэсэн
үг. Дээр нь Кастодиан буюу хадгалагч, аудит зэрэг этгээдүүд тухайн хүний өмнөөс
хөрөнгө нь бүрэн бүтэн байх, зөв зохистой хөрөнгө оруулалт хийгдэх, найдвартай
газар хадгалагдах зэргийг нь хариуцчихна. Тухайн иргэн санд мөнгөө хийх гэж
байгаа бол сангийнхаа стратегийг судална. Хэрэв хувьцаа авахыг хүсч байвал хувьцаанд
хөрөнгө оруулалт хийдэг сангуудыг харьцуулж үзээд дараа нь сангийнхаа менежерийг сайн судалж,
сонгоно. Хэр туршлагатай, ямар боловсролтой, бас ёс зүйтэй хүн бэ гэх байдлаар.
Ингээд та хөрөнгөө мэргэжлийн хүмүүсээр удирдуулаад хувьцааны хөрөнгө оруулалт
хийчихлээ гэсэн үг.
Энд нэг зүйлийг онцолж хэлэх
хэрэгтэй. Хувьцааны зах зээлд хөрөнгө оруулалт хийлээ гээд дандаа ашигтай байна
гэсэн үг биш. Мэдээж ашиг олно, заримдаа алдана. Олон улсын түүхийг үзвэл олсон
нь алдсанаасаа их байдаг юм билээ. Хааяа нэг алдах үе гарна. Эдийн засгийн
хямрал, санхүүгийн захын хямрал, хууль эрхзүйн тогтворгүй орчин гэх мэт нөлөөллөөс
үүдэлтэйгээр. Гэхдээ байнга хямардаггүй. Дунджаар арваад жил өсөөд хоёр жил
хямардаг юм байна. Хоёр жил алдана, 8 жил ашигтай байна. Нийт абсолют дүнгээрээ
ашиг нь алдагдлаасаа их юм гэсэн логик явж байгаа.
Сүүлийн нэг хоёр жилд зарим компанид Тэтгэврийн сан байгуулагдлаа гэсэн
яриа гарч байсан. Энэ хууль гарснаар ийм Тэтгэврийн сангууд байгуулагдах
боломжтой болох уу?
Улсын тэтгэврийн даатгал орчин үеийн
хэрэгцээ шаардлагыг хангахаа больсон. Улсын нийгмийн даатгалын систем 1990-ээд
онд маш сайн ажиллаж байсан. Өнөөдөр орчин үеийн хэрэгцээ шаардлага, ирээдүйд
бий болох ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Үүнийг
компаниуд соргогоор харж, өөрсдөө бие даан Тэтгэврийн сан байгуулах болсон. Гэтэл
Тэтгэврийн сан гэсэн ойлголт хуульд байхгүй учраас ХХК хэлбэрээр байгуулдаг.
Ингэснээр давхар татварт ороогдоод сан байгуулснаасаа илүү зардал гарна. Хөрөнгө
оруулалтын сангийн хууль гарснаар компаниудын хажууд байгуулагдсан Тэтгэврийн
сангууд хууль ёсны дагуу Сан хэлбэрээрээ ажиллаж, татвараас чөлөөлөгдөх
боломжтой болсон.
Энэ хууль гарснаар сангууд цэцэглэж,
банкин дээр тогтсон санхүүгийн зах өөрчлөгдөх үү гэж та асуусан. Миний бодлоор энэ
нь хэцүү. Нэлээд хугацаа орно. Үүнийг хурдасгах шаардлага бий. Нийгмийн
даатгалын системээ шинэчлэх хэрэгтэй. Жилдээ 1,5 триллион орчим төгрөг Нийгмийн
даатгалын санд цуглардаг. Үүнээс тодорхой хэсгийг буюу 20-30 хувийг нь Хөрөнгө
оруулалтын сангуудаар дамжуулаад хөрөнгийн зах руу оруулбал ард иргэд шууд бус
утгаараа компаниудын эзэн болно. Нөгөө талаас компаниуд банкны өндөр хүүтэй
зээлээс гадна хувьцаагаар альтернатив хөрөнгө татах эх үүсвэртэй болно. Хувьцаа
хүү төлөхгүй, ашигтай ажилласан тохиолдолд л ногдол ашиг өгдөг. Ингэхээр нэг
талдаа ард иргэд компаниудын эзэн болж, ашгаас нь шууд бусаар өгөөж хүртэж,
нөгөө талдаа Монголын компаниуд улам томрох боломжтой болно. Үүгээрээ маш
гайхамшигтай шинэлэг бүтэц юм.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай
хууль гарлаа. Энэ бол маш чухал ажил байсан. Дараагийн нэг чухал ажил бол нийгмийн
даатгалын системийг шинэчлэх ёстой. Хөрөнгийн захын өсөлт нь банкны
хадгаламжийн хүүнээс дандаа өндөр байдгийг түүхээс нь харж болно. Монгол улсын
хөрөнгийн зах ид үедээ 40-50 хувь, оргил үедээ 200 хувь өсч байлаа. Уналттай
үедээ 30-40 хувь унаж байсан. Дунджаар харвал хөрөнгийн захын өгөөж нь банкны
хүүнээс хамгийн багадаа 10 орчим хувиар өндөр байдаг. Олон улсын жишиг ч ийм. Нийгмийн
даатгалын мөнгө зардлаа нөхөж чадахгүй байна гэж ярьдаг. Яагаад? Яагаад гэхээр нийгмийн
даатгалын хуримтлал 1,5 триллион төгрөг хангалттай өгөөж олж чадахгүй учраас
зардлаа нөхөж чадахгүй байгаа юм. Энэ мөнгөнөөс хөрөнгө оруулалтын сангуудаар
дамжуулан хөрөнгийн зах руу мөнгө хийснээр өгөөж олж, нийгмийн даатгалын систем
бүр гоё болно.
Зарим хүмүүс алдагдал хүлээвэл яах
вэ гэж айдаг. Үнэн. Эдийн засгийн бүх шийдвэрт эрсдэл байдаг. Зөвхөн эрсдэлийг
харвал ямар ч шийдвэр гаргаж чадахгүй. Ингэснээр иргэд маань тэтгэврээ нэмүүлж
чадахгүй, эрүүл мэндийн даатгалаа ч төлүүлж чадахгүй өнөөгийн байдал
үргэлжилсээр байх болно. Алдах онох эрсдэл байгаа. Дэлхийн түүхэнд 400 гаруй
жил Хөрөнгө оруулалтын сан хөгжжээ. Тиймээс урт хугацаандаа ашигтай л байдаг.
Хөрөнгө оруулалтын сан гэсэн бүтцийг бий болгож чадлаа. Энэ сан хөрөнгийн
зах руу хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэгвэл энэ сангуудад хэдий хэмжээний
хөрөнгө цугларах боломжтой бол? Монголчуудын гаргаж чадах мөнгө ч гэж хэлж
болох юм?
Энгийн жишээ аваад үзье л даа.
Нийгмийн даатгалын сангийн 30 хувийг Хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлье гэвэл 500
тэрбум төгрөг болж байна. 500 тэрбум төгрөг хөрөнгийн зах руу орж ирвэл эдийн
засагт ямар том дэмжлэг болох бол? Зээлийн өндөр хүүнд дарамтлуулчихсан, эсвэл ашигтай
төсөл хэрэгжүүлмээр байгаа компаниуд энэ 500 тэрбумаас аваад хэдэн ажлын байр
бий болгох бол? Байнга яриад байгаа Монгол “брэнд” гэдгийг хэдийг бий болгож
чадах бол? Хэчнээн төгрөгийн татвар төлөгдөх бол?
Нийгмийн даатгалын санд төвлөрч
байгаа мөнгийг эргэж яаж төлөгдөх нь мэдэгдэхгүй улсын төсөвт авч хэрэглэхийн
оронд хөрөнгийн зах зээл руу гаргавал компаниуд руу ороод эргээд улсын төсөвт
илүү том дэмжлэг болох болно. 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг авсан
компаниудын бий болгосон ажлын байр, ажилчдынх нь ХАОАТ, нийгмийн даатгалын
төлбөр, худалдан авалт хийж байгаа НӨАТ гээд гинжин урвал үүснэ. Энэ маш чухал.
Өнөөдрийг хүртэл хөрөнгийн зах зээл яагаад хөгжихгүй байгаа гэхээр энэ зах руу
мөнгө оруулахгүй байгаа болохоор л хөгжихгүй байгаа юм.
Банкны хадгаламжинд мөнгө битгий хий
гэсэн үг биш шүү. Үргэлжлүүлээд хадгаламжид мөнгө хийх ёстой. Харин гудсан
доороо хийсэн мөнгө буюу далд эдийн засагт маш их мөнгө явж байна. Энэ мөнгө Хөрөнгө
оруулалтын сангаар дамжаад хөрөнгийн зах зээл рүү орох ёстой. Ингээд таамгаар
бодох юм бол жилдээ ойролцоогоор нэг триллион орчим төгрөг хөрөнгийн зах руу
орж ирэх боломжтой болох юм. Ингэж чадвал эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг
төсөөлөхөд бэрх. Триллион төгрөг гэдэг маш том мөнгө шүү. Үүн дээр төрийн
түвшинд ач холбогдол өгөх ёстой. Компаниуд хөрөнгийн зах дээр хувьцаагаа
гаргахад бэлдэх ёстой.
Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж хувьцаа авах нь энгийн иргэнд ямар
ашигтай вэ?
Үүний давуу талыг тоочно гэвэл их
цаг орно л доо. Ганц нэгээс нь хэлэхэд ард түмэн бирж дээрх компанийн хувьцааг авснаараа
эдийн засгийн боловсрол сайжирдаг, хариуцлагатай болдог. Талхны амлалтад хууртаж
санал өгөхөө больж, ирээдүйгээ харж сонголтоо хийдэг болно. Миний тэтгэврийн
сангийн мөнгө энэ компанийн хувьцааг авсан байна. Энэ компаниуд ашигтай ажиллаж
байна уу, олон улсад өрсөлдөж чадаж байна уу гэдэгт санаа зовж эхэлдэг. Нэг
ёсондоо ирээдүйдээ санаа зовох үндсэн хөшүүрэг болдог. Өнөөдөр сонгогчдын
боловсролтой холбоотой асуудлыг их ярьдаг. Сонгогчид ирээдүйд биш өнөөдөртөө
саналаа өгч байна. Байрны гаднах талбайг янзалж өгнө гэсэнд нь саналаа өгч
байна. Энэ нууц биш шүү дээ. Яахав нэг талаасаа улстөрчдийн хувьд гоё юм шиг
сонсогдовч алс хэтдээ эдийн засагт хортой байдаг. Ард түмэн хувьцаа эзэмшинэ
гэдэг хувьцаагаар дамжуулж ашиг орлого олохоос гадна мэдлэг, ухамсрын шинэчлэлт
хийх том алхам болно.
Нэг хэсэг Хөрөнгийн бирж дээр байсан
компаниуд хувьцаа эзэмшигчдээ шахаад ХХК хэлбэр рүү шилжсэн. Нэг компанийн 70
хувийг нэг хүн эзэмшдэг, 30 хувийг нь 10 мянган хүн эзэмшдэг байж. Нөгөө 10
мянган хувьцаа эзэмшигч чинь би хувь эзэмшигч гээд компанийн захирлыг зовоодог
байсан. Одоо ингэхээ болино. Нөгөө 10 мянган хүнийг чинь төлөөлөөд 10 хөрөнгө
оруулалтын сан ажиллана. Компанийн захирал 10 мянган хөрөнгө оруулагчидтай биш
20 хөрөнгө оруулагчтай л ярина. 10 хөрөнгө оруулалтын сан, 5 хувь хүн, 5
компани гэдэг ч юм уу. Ингэхээр компанийн захиралд их амар болно. Нэг компанийн
захирал “Манайх 20 мянган хувь нийлүүлэгчтэй. Хувь нийлүүлэгчдийн хурал
зарлахаар 1000 хүн ирээд суучихдаг. Учир нь олддоггүй” гэж ярьж байсан юм. Одоо
тэгэхгүй. Хөрөнгө оруулалтын сангийн мэргэжлийн менежер хуралд суугаад
мэргэжлийн үүднээс шаардлагаа тавиад л явна. ТУЗ-д сууж болно. Жишээ нь би 5000
хувь нийлүүлэгчийг төлөөлсөн Хөрөнгө оруулалтын сангийн менежер байгаад нэг
компанид хөрөнгө оруулсан бол би тэр компанийн ТУЗ-д нь орно. Би мэргэжлийн хүн
учраас мэргэжлийн шаардлага тавина. Яагаад гэвэл би 5000 хүний эрх ашгийг
хамгаалж байгаа. Надад тэр компани ашигтай ажиллах нь чухал. Ашигтай ажиллаж
байж л манай сан, 5000 хувь нийлүүлэгч ашиг хүртэнэ. Ингэж байж би менежерийнхээ
урамшууллыг авна.
Хоёрдугаарт, авлига байхгүй болно. Компанийн
мэдээлэл нээлттэй. Аудитаар хяначихна. Санхүүгийн баланс дээр нь авлига гэсэн
категори байхгүй болохоор компанийн захирал хувиасаа авлига өгөхгүй. Компанийн
эзэн нь нэг хүн биш маш чанга хяналтын дор үйл ажиллагаа явуулж байгаа Хөрөнгө
оруулалтын сангууд байна. Тэд авлига өгөхийг зөвшөөрөхгүй. Улс төрчид компанийн
эзэнтэй ярьдгаа болино. Одоо ганцхан эзэнтэй том корпорацийг улстөрчид
дарамталж болдог. Авлига өгөхгүй бол зөвшөөрлийг чинь цуцаллаа ч гэдэг юм уу.
Энэ байдал алга болно. 30 мянган хувьцаа эзэмшигчийг төлөөлөөд таван хөрөнгө оруулалтын
сан тус компанийг эзэмшиж байвал улстөрч очоод дарамталж чадахгүй. Сонгогчид өөрсдөө
компанийн эзэд болчихвол тэр авлига нэхдэг улстөрчийг сонгохгүй шүү дээ. Одоо
ард түмэн компани эзэмшдэггүй, хувьцаа авлагагүй болохоор байрныхаа урд сүүдрэвч,
тоглоомын талбайг л бариулж байвал дээр юм шиг санагдаж байна. Тэрийг нь хийнэ
гэж амлаж сонгогдсон улстөрч нь нөгөө компаниудын эздийг дарамталж, тэндээс
санхүүжилт авч байна.
Компанийн хувьд маш энгийн нэг давуу
тал нь маркетингийн маш том үнэгүй сурталчилгаа болж байдаг. Жишээ нь “Номин”
хувьцаагаа гаргалаа гэхэд “Номин”-гийн хувьцаа эзэмшигч тэр олон мянган хүн “Номин”-гоор
л үйлчлүүлнэ гэнэ.
Даатгалын компаниуд хөрөнгийн зах руу орох тэр боломж хэр нээлттэй болсон
бэ?
Хөрөнгө оруулалтын сан, банк,
даатгалын компани гэсэн гурван байгууллага л санхүүгийн зах дээр ажилладаг. Брокер,
бирж, кастодиан, килеринг зэрэг нь энэ гурван байгууллагадаа үйлчилгээ үзүүлдэг
нэг ёсны дэд бүтэц нь гэсэн үг. Үнэт цаасны тухай шинэ хууль, Даатгалын тухай
хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр даатгалын компаниуд хөрөнгийн зах зээл дээр
хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон. Ингэснээр хоёр том үр ашигтай.
Нэгдүгээрт, үндэсний даатгалын компаниудын санхүүгийн чадавх сайжирна. Хөрөнгийн
зах зээл дээрээс нэмэлт орлого олох боломжтой болж, томорно. Энэ нь эргээд
даатгуулагч иргэдэд ашигтай. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээл дээр нэмэлт мөнгө орж
ирнэ. Хувьцаагаа гаргаж байгаа компаниудын хувьцааг авах мөнгө нь нэмэгдэнэ
гэсэн үг. Хөрөнгө оруулалтын сан дотор нийгмийн даатгалын санг багтааж ярьж
байгаа юм.
Хууль нь батлагдлаа. Сайхан боллоо. Одоо хэн үүнийг хэрэгжүүлэх вэ? Хөрөнгө
оруулалтын сангийн менежерийг хэн хийх вэ? Америкийн CFA гэдэг шиг шалгалтыг Монголд бий болгох уу?
Өндөр түвшний санхүүгийн менежерийг хэн яаж бий болгож, хянах вэ? Энэ мэтчилэн боловсон
хүчний асуудал зайлшгүй сөхөгдөнө шүү дээ?
Манайд яг хөрөнгө оруулалтаар дагнасан
хүмүүс харьцангуй цөөхөн. Олон улсын түвшинд ажиллаад, тодорхой сертификат
зэргийг нь авсан хүн цөөхөн, гарын таван хуруунд багтахаар байгаа. Би хувьдаа тийм
олон сан байгуулагдана гэж бодохгүй байна. Дээд тал нь 10-аад нээлттэй сан байх
болов уу. Хаалттай сангуудын хувьд арай олон байж магадгүй. Хаалттай сан гэдэг
нь заавал хөрөнгийн зах зээл гэхгүй өөр ямар ч зах зээл дээр хөрөнгө оруулалт
хийж болдог.
Мэргэжлийн холбоо байгуулагдана. Холбоо
нь энэ салбарын мэргэжилтнүүд мэргэжлийн ур чадвар нь хангалттай байна уу, мөн мэргэжлийн
ёс суртахуунтай ажиллаж байна уу гэдгийг тодорхойлно. Хөрөнгө оруулалтын
сангийн менежер нэг компанийн хувьцаа авахдаа аман тохироо хийгээд л мөнгө
унагаад байх тохиолдол гарч магадгүй. Эсвэл туршлага чадвар султай хүмүүс Хөрөнгө
оруулалтын сан байгуулаад алдагдал хүлээгээд байж болно. Тэгэхээр сангийн
менежерийг мэргэжлийн ёс суртахуун, мэргэжлийн ур чадвараар нь үнэлж дүгнэнэ. Мэргэжлийн
ёс суртахуун гэдэг нь тухайн зах зээл дээр ажилладаг, өмнө нь янз бүрийн асуудалд
орооцолдож байгаагүй хүмүүст сангийн менежерийн эрхийг олгох ёстой. Нэг л удаа
ёс суртахуун зөрчсөн үйлдэл гаргавал эрхийг нь хасаад энэ зах зээлээс шууд
хөөдөг болно. Ингэснээр бусад хүмүүст сургамж болно. Ийм зохицуулалтыг СЗХ-ноос
гаргах журамд оруулж өгнө.
Мэргэжлийн шалгалтыг мэргэжлийн
холбоо нь авдаг. Манай зах зээл жижигхэн болохоор ижил төстэй өөр 2-3 улсын мэргэжлийн
шалгалтыг хүлээн зөвшөөрдөг байж болно. Ингэх юм бол бид Монголд тааруулж
шалгалт авахын оронд олон жил туршигдсан өөр улсын шалгалтыг өгөхөд манайд
хүлээн зөвшөөрөгдөх байдлаар зохицуулж болно. Гэхдээ үүнийг маш нарийн тооцох
ёстой. Жишээ нь Америкийн шалгалтыг мөрдөнө гэвэл хэцүү байж магадгүй.
Америкийн зах зээл хэдэн зуун жилээр түрүүлчихсэн болохоор арай өндөр босготой байна.
Тэр босгыг давдаг хүн байхгүй байж магадгүй. Ер нь бол эхний ээлжинд дотооддоо
зориулсан түр шалгалт явуулж болно.
С.Болд-Эрдэнэ