Шүүмжлэгчээс шүүмжлүүлэгч болов

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Шүүмжлэгчээс шүүмжлүүлэгч болов

Үндсэн хуулийн Цэц буруу шийдвэр гаргасан гэнэ. Энэ тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зөвлөхүүд нь ярих болов. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа энэ талаар юу бодож суугаа бол. Тэрбээр өмнө нь “Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчиж, Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох захирамж гаргасан” гэдэг дүгнэлтийг гаргаж байсан удаатай. Үүнийх нь дараа Ерөнхий сайд захирамжаа цуцалж байсныг санаж байгаа хүн цөөнгүй байх. Харин одоо түүний даргалсан хуралдаанаас гаргасан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулъ зөрчсөн” гэсэн дүгнэлт нь эрх баригчдын дургүйцлийг хүргэж эхлээд байгаа бололтой юм. Үүнээс болоод “Үндсэн хуулийн Цэц УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Шударга шүүхийн төлөө үйл хэргийг ухраахаар оролдож эхэллээ. Үндсэн хуулийн Цэцэд социализмын үеийн ягшмал, хэвшмэл загварт баригдсан хүмүүс сууж байгаан илэрхийлэл ийм дүгнэлт гаргахад хүргэсэн. Тэд хуулийн үг үсгэнд захирагдаж, ажлаа хийж чадахгүй байна” гэх шүүмжлэлүүд ар араасаа цуварч байгаа. Үндсэн хуулийн Цэцийн дарга, хууль зүйн ухааны доктор Ж.Амарсанаа Ерөнхий сайдыг хуралдаанд ирээгүй, төлөөлөгчөө явуулаагүйнх нь төлөө “Үндсэн хуулийн Цэцийн хараат байдалд халдаж, үл хүндэтгэж байна” гэсэн хатуу шүүмжлэлийг хэлээд өнгөрсөн 21 жилийн хугацаанд аль ч Засгийн газар Үндсэн хуулийн Цэцийг үл ойшоож байгаагүй гэдгийг сануулж байсан. Харин энэ удаа тэрбээр хэрхэх бол гэдэг нь олны анхаарлын төвд ороод байгаа. “Эцэг хуулийн манаач” гэгдэх Үндсэн хуулийн Цэцийнхэн хоёр дахь удаагаа аргагүй байдалд орлоо.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж