Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1975 онд тусгаар тогтносон. 92 сая хүн амтай. 1986 оноос эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн үед эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдох болсон. Энэ оны 9 сард Вьетнамын ДНБ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 5,14%-аар өссөн байна. Жилийн эцэс гэхэд энэ үзүүлэлт 6%-д хүрнэ гэсэн урьдчилсан таамаглалыг судлаачид гаргажээ. Ингэвэл Санхүүгийн үндэсний хяналтын хорооны таамаглаж байсан хэмжээнээс ч (5,3%) нэмэгдэнэ гэсэн үг. Үйлдвэрлэл, экспорт, инфляци, хөрөнгө оруулалтын хэмжээ үүнд ихээхэн нөлөөлсөн байна.
Вьетнам улс 1977 онд НҮБ-ын гишүүн болсон. Олон улсын засгийн газар хоорондын 63 байгууллагын гишүүн, дэлхийн 175 оронтой дипломат харилцаа тогтоосон. 1995 онд АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо, 1998 онд АПЕК, 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2008 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болжээ. Монгол, Вьетнамын харилцаа дундад эртний үеэс эхлэлтэй бөгөөд энэ харилцаа хоёр орны ард түмний хоорондын чин сэтгэлийн найрсаг харилцаа болж чадсанаараа онцлогтой юм. Энэхүү түүхэн уламжлалт, найрсаг харилцааг хөгжлийн хувьд нь дараахь байдлаар 4 үед ангилж болно.
Монгол Вьетнамын харилцаа их эртний уламжлалтай, бүр XIII зууны үеэс эхлэлтэй гэж үзэж болно. Монголын Эзэнт гүрэн Зүүн Өмнөд Азийн орнуудаас хамгийн түрүүнд Аннамтай цэрэг, улс төрийн талаар харилцаж эхэлжээ. 1251-1259 онд Монголын Эзэнт гүрний хаан ширээнд суусан Мөнх хаан /Чингис хааны ач хүү/ өмнөх хаадын баримталж байсан гадаад бодлогыг үргэлжлүүлэн Эзэнт гүрний эргэн тойронд байсан улс гүрнүүдийг эрхшээн нэгтгэх аян дайныг үргэлжлүүлжээ. Энэ дагуу Мөнх хааны Зарлиг болгосноор Сүн улсыг буулган авахаар 4 замаар довтолгооноо эхлүүлсэн ба өмнө зүгээс нь эзлэн довтлохын тулд тэр үеийн Их Вьет улсын нутаг дэвсгэрийг ашиглах буюу дайрч өнгөрөх шаардлагатай байв. Иймд Мөнх хаан 3 удаа элч илгээсэн боловч Их Вьет улс буцааж явуулаагүй учир 1258 оны эхээр Монголын Эзэнт гүрний 3 түмэн цэрэг анх удаа довтолжээ. Энэ удаагийн довтолгооноор Монголын Эзэнт гүрний цэрэг Их Вьет улсыг эзэлж авч чадалгүй буцсан байна. Харин Их Вьет улсын хаан элч илгээж Монголын Эзэнт гүрэнд 3 жилд 1 удаа алба, өргөл барьц барьж байхаар тохиролцов. Их Вьет улс Мөнх хааны дараа төр барьсан Хубилай хааны хаанчлалын жилүүдэд Их Монгол Улсад өргөл барьцаа үргэлжлүүлэн барьсаар байсан хэдий ч далдуур өөрийн улсын цэргийн хүчээ зузаатгахад ихээхэн анхаарал хандуулж байжээ. Өөрийн орны дотоод дахь асуудлыг хэвийн болгож чадсан Хубилай хаан өмнөх хаадын нэгэн адилаар Сүн улс руу довтлохоор бэлтгэж эхэлсэн ба ингэхийн тулд Их Вьет улсын талаар хатуу бодлого явуулах, өөрийн гүрэнд сайн дураар нэгдэн орохыг шаардаж эхэлсэн байна. Үүнийг Их Вьет улсын хаан хүлээж авалгүй, харилцан мэтгэлцэх байдлаар 10 гаруй жил болсон ба 1279 онд Хубилай хаан Сүн улсыг буулган авснаар Монголын Эзэнт гүрэн Их Вьет улстай шууд хил залгах болж, энэ нь Зүүн Өмнөд Азийг өөрийн эрхэнд оруулахад чухал байршил болов.
Юань улсын бодлого, үйл ажиллагааг Зүүн Өмнөд Азийн орнууд янз янзаар хүлээн авч байв. Мэдээж Их гүрний сүр хүчээр далайлгасан, тэгш биш тэрхүү бодлогод ихэнх улс орнууд дургүйцэн эсэргүүцэж байв. Гэвч улс орон бүрийн дотоод, гадаад нөхцөл байдал өөр өөр байснаас зарим нь хүчтэй эсэргүүцэж, зарим нь төдийлөн их тэмцэхгүй Юань улсын эзэн эрхийг хүлээн зөвшөөрч байв. Үүний дараа 1285 онд Хубилай хааны Зарлигаар Монголын Эзэнт гүрний цэрэг 2 дахь удаагаа Их Вьет улс руу довтолжээ. Энэ удаагийн довтолгоон амжилттай болж нийслэл хотыг нь эзлэн авсан боловч Их Вьет улсын хаан урагшаа зугтаасан учир буулган авч чадалгүй нутаг буцсан байна.
1288 онд хоёр талын цэрэг нүсэр тулаан хийсэн боловч хэн нь ч ялсангүй. Аннамын усан цэрэг Монголын усан цэргийг ялж Омарыг олзлон авч цэргийг нь үлдэн хөөсөн боловч хуурай газрын тулалдаанд цохигджээ. Тиймээс тамирдаж сульдсан хоёр талын цэрэг тулалдааны талбарыг орхин хоёр тийш ухарчээ. Үүний дараа монгол цэрэг Аннамыг орхиж гарсан боловч дайн хэзээ хэзээгүй дахин эхэлж болохоор байв. Гэтэл Аннамын цэрэг эдийн засгийн чадавхи шавхагдаж дахин том дайны хөлийг давахааргүй доройтож өлсгөлөн эхэлсэн явдал Аннамын эрх баригчдыг сүрхий зовоох болсонд 1288 оны сүүлээр Ханбалиг өөд элч томилон найрамдал гуйжээ. Ханбалигт болсон хэлэлцээний явцад Аннам улс Монголын түшмэг болсоноо хүлээн зөвшөөрч жил бүр Юань гүрэнд алба хүргүүлж байх болов. Ийнхүү цэрэг зэвсгийн шахалтыг дипломат аргатай хослуулан санасандаа хүрэх гэсэн Хубилай хааны бодлого хэрэгжиж чаджээ.
Энэ үеийн дайн байлдааны талаар Вьетнамын болон Юань гүрний түүхэн сурвалж бичгүүдэд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг гэх бөгөөд бараг бүгдэд нь Монголын Эзэнт гүрний цэрэг Их Вьет улсын цэрэгт ялагдсан хэмээн бичсэн байдаг ажээ. 1257-1288 онд Монголын Эзэнт гүрний цэрэг Их Вьет улс руу 3 удаа довтолж ялагдав. Гэхдээ манай судлаачдын үзэж байгаагаар Монголын Эзэнт гүрний цэрэг ялагдаагүй, нутаг буцахад дараах 3 хүчин зүйл нөлөөлсөн. Эдгээр нь цаг агаарын ондоо байдал, чийг, намаг, хоол хүнсний хомсдол болон халуун орны өвчин гэх мэт шалтгаанууд.
Монголын Эзэнт гүрэн, Их Вьет улсын хоорондох харилцааны агуулгыг зөвхөн дайн байлдаан, улс төрийн харилцаагаар хязгаарлаж болохгүй бөгөөд хоёр талаас харилцан солилцож байсан элч төлөөлөгчид нь бие биенийхээ түүх, соёл, ёс заншил, хүчээ аван хөгжиж байсан бурханы шашныг судалж, тэр тухайгаа тэмдэглэн үлдээсэн байдаг аж.
Монгол, Вьетнамын ард түмний түүхэн, уламжлалт, найрсаг харилцаа улам дотно болж байлаа. 1960-аад оноос Энэтхэг-Хятадын хойгт өрнөсөн дайн нь нэг талаас АНУ тэргүүтэй улс орнууд нөгөө талаас ЗСБНХУ тэргүүтэй коммунистуудын ашиг сонирхлын мөргөлдөөний талбар болж хувирчээ. Энэ үед социалист нөхөрлөлийн орнууд дуу нэгтэйгээр Вьетнамыг дэмжсэн үйл ажиллагаа, бодлого явуулж байв. БНМАУ мөн адил, социалист нөхөрлөлийн гишүүн орнуудын нэгний хувьд Вьетнамын талд байж, БНСВУ-тай улс төр, соёл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ эх орныхоо төлөө тэмцэж байгаа вьетнам анд нөхөддөө туслах хөдөлгөөнийг өөрийн орны өнцөг булан бүрт өрнүүлж байжээ.
Вьетнам-Америкийн дайны үед Монголын ард түмэн эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай Вьетнамын ард түмэнд сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэгийг харамгүй үзүүлсэн билээ. Үүнийг Вьетнамын төр засаг, ард түмэн одоо ч үргэлж санаж дурсан, “Вьетнамын ард түмэн биднийг зовлон зүдгүүр үзэж, дайны хөлд нэрвэгдэж байхад Монголын төр засаг, ард түмний чин сэтгэлийн үнэлж баршгүй их тусламж дэмжлэгийг бид мартаагүй, мартахгүй, үр хойчдоо таниулан мэдүүлж, үргэлж бахархаж явах болно” гэдгээ байнга илэрхийлж байдаг билээ. Вьетнам-Америкийн дайны үед улс орнуудын үзүүлсэн тусламж дэмжлэгийг тухайн улсын хүн амд харьцуулсан байдлаар манай улс нэгдүгээрт ордог гэсэн тоон үзүүлэлт байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн материаллаг тусламжийг тооцсон үзүүлэлт. Үүнээс гадна дайны хөлд нэрвэгдэн зовж зүдэрч байсан Вьетнам анд нөхөддөө үзүүлсэн манай ард түмний сэтгэл санааны тусламж дэмжлэгийг үнэлж баршгүй. 1950 онд Вьетнамын Засгийн газар санаачлан социалист орнуудын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд дипломат харилцаа тогтоох саналыг тавьж байжээ. 1954 онд Монголын тал санаачлан дипломат харилцаа тогтоох саналыг Хятадад суугаа ЭСЯ-аараа дамжуулан тавьсан бөгөөд хоёр талд зэрэг нэг өдөр буюу 11-р сарын 17-нд зарласан байна.
1954 онд дипломат харилцаа тогтоосны дараа 1955 оны 7-р сард БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Мин БНМАУ-д , 1959 оны 12-р сард МАХН-ын Намын Төв Хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал БНАВУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны эх суурийг тавьсан байна. Вьетнамын Засгийн газрын төлөөлөгчид 1955, 1959, 1961, 1973 oнд, Үндэсний Ассамблейн төлөөлөгчид 1958, 1973 oнд манай улсад, манай Засгийн газрын төлөөлөгчид 1959, 1967 oнд тус тус Вьетнамд айлчилсан байна
Вьетнамын дайны дараа ч манай хоёр орны харилцаа сайн хэвээр байсан. 1975 онд Вьетнамын ард түмэн Америкийн цэргийн түрэмгийллээс бүрэн ангижирч, хоёр хуваагдаад байсан улс үндэстнээ нэгтгэж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс бий болсон. Энэ нөхцөл байдалд манай хоёр орон аль аль нь улс төр, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл нэгтэй байжээ. Монголын ард түмэн, төр засаг Вьетнамын ард түмэн, төр засагтай найрсаг харилцааг хэвээр хадгалж, тэдний явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж байв. Вьетнамыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх, энэ асуудлыг шударга зөвөөр шийдвэрлүүлэхийг хүссэн тогтоолын төслийг Аюулгүйн Зөвлөлд оруулсан санаачлагчдын нэг нь БНМАУ байсан юм. БНСВУ НҮБ-д гишүүнээр элссэн явдал олон улсын байгууллагын гишүүн улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж болжээ. Бүс нутгийн болон олон улсын байдалд гарч буй зарим өөрчлөлтүүд, мөн 1961 онд батлагдаж, 1979 онд дахин шинэчлэгдсэн хоёр улсын Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнүүдэд тулгуурлан хоёр орны харилцаа хөгжиж ирлээ.
“Хүйтэн дайн”-ы үед буюу 1956-1990 онд манай улсын Засгийн Газраас Вьетнамын Засгийн газарт хуучин ханшаар 200 сая гаруй төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгожээ. Тэр үеийн манай хоёр орны харилцааг “Хүйтэн дайн”-ы улбаагаар социалист эвслийн хүрээнд тодорхойлон авч үздэг. Хэдийгээр ихэнх судлаачид манай хоёр оны харилцааг 1990-ээд оны үед улс төрөөс бусад салбарт зогсонги байдалд ороод байсан гэж дүгнэдэг ч түүхэн баримтыг эргэн харахад хараахан ийм дүгнэлт хийж боломгүй юм. Тухайн үед хоёр улсын хоорондын барааны эргэлт бууралтад ороод байсан боловч нэг нь нөгөөгөө дэмжиж ирсэн уламжлалт найрсаг харилцаа байсаар байсныг зарим нэг баримтаар нотолж болно. Тухайлбал, 1993 онд манай улс картын системд шилжээд байхад Вьетнамын талаас шилжилтийн хүнд бэрх үед хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.
БНМАУ-ын Засгийн газар Вьетнамд 1956–1990 oнд нийтдээ 200 сая гаруй төгрөгийн (хуучин ханшаар) буцалтгүй тусламж үзүүлжээ. Үүний зэрэгцээ манай oлoн нийтийн байгууллагуудын шугамаар 904.8 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Мөн 1959 oнд бэлэг бoлгoн өгсөн 100 мянган тoлгoй малаас үлдсэн 85 мянган тoлгoй малын oрoнд гуравдагч oрнooс үржлийн үхэр худалдан авахад нь зoриулж 1,5 сая ам.дoллар өгчээ.
Дайны дараах хүнд нөхцөлд байсан Вьетнамын ард түмний амьдрал, төр засгийн үйл ажиллагаанд манай ард түмэн, төр засаг тусламж дэмжлэг үзүүлж, оюутан сурагчдыг нь өөрийн оронд сургаж, дээд боловсрол олгоход ихээхэн анхаарч ажилласан бол Вьетнамын ард түмэн, төр засаг Монголын шилжилтийн хүнд бэрх жилүүдэд манай орны оюутан залуусыг өөрийн оронд боловсрол эзэмшүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байжээ. Энэ нь хүнд бэрх үед бие биесээ дэмжин, түүхэн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлсэн чухал ажлууд болжээ гэж дүгнэж болохоор байна.
1990-ээд оны үед зогсонги байдалд ороод байсан манай хоёр орны харилцаа сүүлийн үед бүх салбарт маш эрчимтэй өрнөж байна. 1991 оныг хүртэл хоёр орны харилцаа социалист хамтын нөхөрлөлийн хүрээнд явагдаж, хоёр талаас өндөр, Дээд хэмжээний айлчлалууд харилцан хэрэгжиж хэвшсэн байв. 1961 онд байгуулж, 1979 онд шинэчлэн баталсан Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээг 2000 онд дахин шинэчилжээ.
Хоёр орон олон улс, бүс нутаг, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын хүрээнд хамтран ажиллаж ирэв. Вьетнамыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлд болон ДХБ-д гишүүнээр элсэхэд болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход Монгол Улс, манай улсыг АСЕМ болон АСЕАН-ны бүсийн чуулганд элсэхэд Вьетнам улс дэмжсэн. Хоёр орны хооронд төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмол хийгдсээр ирсэн ба манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өмнөхөн тохиож байгаагаараа ихээхэн онцлогтой, ач холбогдол өндөртэй айлчлал болно гэж судлаач хүний хувьд үзэж байна.
Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комисс 1979 онд байгуулагдсан. 15-р хуралдаан нь энэ оны 3 сард Ханой хотноо болсон ба хуралдааны хүрээнд яригдсан ажлуудаас хамтын ажиллагааны тодорхой төслүүдэд голлон анхаарч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт жилд дунджаар 10 сая ам.доллар байсан. 2013 оны 9-р сарын байдлаар худалдаа 19.7 сая ам.долларт хүрсэн нь 2012 оны мөн үетэй харьцуулахад 28.7 %-иар нэмэгдсэн байна.
Хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг сайжруулах сонирхол хоёр талд адилхан байгаа боловч гагцхүү тээврийн зардал хэт өндөр байгаа ба энэ асуудлаар буюу тээврийн зардлыг багасгах тал дээр Монгол Улс, БНСВУ, БНХАУ-ын хооронд гурван талын хамтарсан уулзалт хийхээр Монгол, Вьетнамын талууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацааны худалдааны тэнцлийн зөрүүгээс үүссэн Вьетнамд төлөх 400 орчим мянган шилжих рублийн өрийг Вьетнамын тал манай хүсэлтээр хүчингүй болгосноо 1995 онд нотолсон бөгөөд хэвлэлд албан ёсоор зарлахаас Вьетнамын тал татгалзсан байна. БНСВУ ДХБ-д гишүүнээр элссэн нь Монгол, Вьетнам хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах зам нээгдсэн гэж үзэх бүрэн боломжтой.
Сүүлийн үед манай хоёр орны төрийн ба хувийн байгууллагуудын хооронд харилцаа бүх салбарт эрчимтэй хөгжиж байна. Энд хоёр улсын Шинжлэх ухааны байгууллагуудын идэвхтэй харилцааг дурьдаж болно. Ирэх онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 ойг угтан манай хоёр орны эрдэмтэн судлаачдын баг харилцааны бүх хүрээг хамарсан хамтын бүтээлийг монгол, вьетнам хоёр хэлээр гаргахаар ажилдаа ханцуй шамлан ороод байна. Энэ нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
эрдэм шинжилгээний ажилтан, докторант)