&#34Бослого&#34-ыг хэдэн хурган дарга л хийж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

&#34Бослого&#34-ыг хэдэн хурган дарга л хийж байгаа гэв

МҮОНТ-ийн удирдлагуудад тус телевизийн зарим ажилчин гомдол гаргасан. Тэд тус телевизийн захирал Ч.Даваабаярыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж түүний эсрэг хэд хэдэн баримт дэлгэж ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн утгатай зуу гаруй хүний гарын үсэг бүхий өргөдөл өгсөн байна.

МҮОНТ-ийн уран бүтээлчдийн Үндэсний зөвлөлдөө хүргүүлсэн захидлын эхлэлээс сонирхуулъя.

Захидал

МҮОНТ-ийн нийт уран бүтээлчид бид мэдээлэл, урлаг соёлын 46 жилийн түүхтэй ууган байгууллагад ажиллаж, түүхийг бичилцэн явааг чухалчлах нь илүүц биз ээ. Энэ 46 жилийн хугацаанд 20 гаруй дарга солигдож байжээ. Тэр бүхий л удирдлагуудтай телевизийн хамт олон зохицон ажиллаж, ард түмэндээ үйлчилсээр ирснийг түүх гэрчилдэг юм.

Өнгөрсөн 2012 оны наймдугаар сард МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд ажиллаж буй та бүхэн эрх мэдлийнхээ хүрээнд сонгон шалгаруулалт зарлан Ч.Даваабаяр гэдэг хүнийг МҮОНТ-ийн захирлаар сонгон шалгаруулж дэмжиж томилсон. Хамт олон бид МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн "Ирдэг, буцдаг дарга нарын нэг биз" хэмээн шүд зуун нэгэн жилийг ардаа орхилоо.

Анхнаасаа манай хамт олон төдийгүй олон түмний мэдэх "ETV-ийн Ч.Даваабаяр" гэх тодотголтой энэ хүн МҮОНТ-ийн захирлын албан тушаалд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн альхан цоорхойгоор нь морилсныг та бүхэн мэдэх биз. Удирдан зохион байгуулах анхан шатны мэдлэггүй, хамт олныг үл тоомсорлодог, уран бүтээл хэмээх үндсэн зорилгоо ойлгож амжаагүй, (нэг жил гаруй хугацаанд) боловсролын түвшин тодорхойгүй энэ хүнтэй (Ч.Даваабаяр) цаашид хамтарч ажиллах боломжгүй байна.

Хамт олон тэр тусмаа уран бүтээлчид бид Ч.Даваабаярыг МҮОНТ-ээр овоглох эрх бүхий хүн БИШ ЭЭ гэдгийг дараах үндэслэ­лээр тайлбарлаж байна.

1. Ч.Даваабаяр эрх ашгийн том зөрчилтэй. (Монгол Улсын Сонирхлын зөрчлийн хуулийн 3.1.2 болон 3.1.3 дахь заалт)

  • "Имержмедиа" группыг эзэмш­дэг бөгөөд "Инфо ТВ" сэтгүүл, "Үдшийн шивнээ" сэтгүүл, "ТВ суваг" сонин, "Hot news" сэтгүүл, "Их Монгол" FM 99.7, noyon.mn зэрэг хэвлэл мэдээллийн компаниуд багтдаг.
  • Түүний үүсгэн байгуулсан тус телевизийн 80 хувийг эхнэр н. Мөнхжаргалын нэр дээрх "Билэгт-Дөлгөөн ХХК" эзэмшдэг.
  • "Өглөө" хөтөлбөрөөр бүтэн сарын турш 1950 лавлахыг сурталч­­лахыг үүрэгдэж, өдөр бүр шторкоо явуулсан байна.
  • 2013 оны гуравдугаар сард ETV-д ашиглаж байсан хоёр камерыг "Миний хувийн юм шүү" хэмээн тодотгон авч ирэн Спортын мэдээ, "Өглөө" хөтөлбөрт өгсөн. Камерын үнэ мөнгийг хэрхэн буцааж авсан нь тодорхойгүй.
  • Мөн 2013 оны Улсын их баяр наадмаар ажиллаж буй уран бүтээлч­дэд хоол өгөх нэрээр "Ноён зууч пицца" компанийн 3 сая төг­рөгийн өртөг бүхий шарсан тахиаг авч ирэн тараасан. Тэр компанид төлбөрөө хэрхэн барагдуулсан нь мөн тодорхойгүй.
  • Тус телевизийн зохион бай­гуул­­сан БНСУ-ын хамтлагуудын тоглолтын билетийг маш олноор тараасан нь эдийн засгийн хувьд эрх мэдэлтэй гэдгийг баталж байна. (багаар бодоход 10 гаруй сая төгрөгний билет тараасан)
  • УБЕ -0004 улсын дугаар бүхий Lexus-570 маркийн автомашин нь ETV телевизийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд энэ машинаа МҮОНТ-ийн өдөр тутмын албан хэрэгцээнд ашигладаг.
  • MCS группын маркетингийн удирдлагуудтай МҮОНТ-ийн захирлын өрөөнд уулзалт хийхдээ ETV телевизтэй хамтран ажил­лахыг санал болгосныг албаны эх сурвалж мэдээлж байна.
  • Ч.Даваабаяр нь 2013 оны нэг­дү­гээр сард "Баянчандмань милк" ХХК-тай дур мэдэн бартерийн гэрээ байгуулан арилжааны зар суртал­чилгааг өдөрт дөрвөн удаагийн давтамжтайгаар 28 хоног цацаж, тус компанийн бүтээгдэхүүн болох 200 граммын савлагаатай 750 ширхэг таргийг ажилтан тус бүрт нэг ширхгийг тараасан. Энэхүү үйлдэл нь долоон сая гаруй төг­рөгийн зөрчил болохыг санхүүгийн шалгалтаар тогтоосон. Үүнийг МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлө­лийн хурлаар хэлэлцэж, Ч.Даваа­баярт сануулах арга хэмжээ авч байсан болно…

…Олон нийтийн төлөөлөл болж МҮОНРТ хэмээх их айлын галыг маналцаж яваа Үндэсний зөвлө­лийн эрхэм гишүүд та бүхэн "ухна, ишигний зовлонг ойлгохгүй" гэсэн зүйр үгийг бодолцон, сонирхлын зөрчлийн хууль хийгээд одоо хэрэгжиж буй бусад хууль журмаа эргэн харж, Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Уг асуудлыг ажлын тав хоногийн дотор шийдвэрлэхгүй бол байгуул­лагын нэр хүнд хийгээд хамт олны эрх ашгийн үүднээс тэмцэх болно гэжээ.

МҮОНТ-ийн захирал Ч.Даваа­баяртай уулзаж үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

-МҮОНТ-ийн ажилчид таныг ажлаас чөлөөлүүлэхийг хүссэн өргөдөл гаргажээ. Уг өргөдөлд хичнээн хүн гарын үсгээ зурсан юм бэ?

-Өнгөрсөн баасан гаригаас энэ шаардах бичгийг ерөнхий захирал болон Үндсэний зөвлөлд хүргэх ажил эрчимжсэн. Өнгөрсөн амрал­тын өдрүүдээр манай телевизийн ажилчдын дунд гар бөмбөгийн тэмцээн болсон юм. Тэмцээний үеэр манай уран бүтээлчдийн дунд цаас явуулаад гарын үсгийг нь зуруулаад байсан гэсэн. Тэмцээ­ний дундуур гарын үсгийг нь авсан болохоор тэмцээнтэй холбоотой л юм байх гэж бодоод олон хүн гарын үсэг зурсан юм билээ.

Тэгтэл даваа гаригийн өглөөний хурал дээр ярих юмаа ярьчихаад өндөрлөх гэж байтал манай Цагаандалай, Эрдэнэбат гэсэн сэтгүүлчид гарч ирж зарласан. Бид нар ийм захидлыг Үндэсний зөвлөлдөө хүргүүлж байна. Та бүхэнд уншиж танилцуулъя гэсэн. Цагаандалай тэр захидлыг чанга дуугаар их сайхан уншсан. Тэр үед би ажилчид, уран бүтээлчдээ сайн ажигласан. Уншиж танилцуулсных нь дараа би "Бид өнөөдөр ардчил­сан нийгэмд амьдарч байна. Үг хэлэх эрх хэнд ч бий. Хамгийн гол нь хуулийн хүрээнд баримт нотол­гоо­той ярих ёстой. Үүнийг чинь хүлээж авлаа" гээд өнгөрсөн хуга­цаанд хийж гүйцэтгээд буй бодло­гын чанартай хэдэн ажлаа танил­цуулсан юм. Би хорин минут орчим ярьсан. Намайг ярьж байхад тэр зааланд суусан бүх уран бүтээл­чид хүлээж авч сонссон. Хэрвээ зуун хэдэн хүн өргөдөлд гарын үсэг зурсан байсан бол тэр мөчид ганц ч хүн намайг сонсохыг хүсэхгүй бүгд хурлыг хаяад гараад явах байлаа. Тэгтэл ганц хоёрхон хүн л "Болиоч ээ" гэж дуугарч байсан. Энэ тэмц­лийг зохион байгуулж буй ганц нэг хүний эрх ашиг явж байгааг би тэгэхэд мэдэрсэн. "Энэ бүхнийг хамт олон минь хийгээгүй юм байна" гэдгийг ойлгоод өрөөндөө орж ирэхэд над руу маш олон хүн мессеж бичсэн, зарим нь орж ирж уулзсан. "Дарга аа, ийм юм байсан гэдгийг бид мэдээгүй. Тэглээ ч тавьж байгаа шаардлагууд нь ямар сонин юм бэ. Олон л дарга нартай бид хамтарч ажиллаж байсан. Тэгэхэд бидэнд тахиа, пицца байтугай гамбир ч өгч байсан дарга байгаа­гүй" гэцгээсэн.

-Та өнөө жилийн улсын их баяр наадмаар уран бүтээлч­дэдээ "Ноён зууч пицца" компа­нийн шарсан тахиа тараасан юм уу. Төлбөрөө хэрхэн бараг­дуулсан нь тодорхойгүй гэж танай телевизийн­хэн үзжээ?

-Телевизийн уран бүтээлчид маш их ажилладаг. Хагас, бүтэн сайнгүй ажилладаг. Би телевиз, сонин, радиод ажиллаж байсан хүний хувьд уран бүтээлчдийнхээ зовлонг мэднэ л дээ. Наадмаар гурван өдрийн турш 200 орчим уран бүтээлчид ажиллахад манай байгууллагаас тодорхой хэмжээ­ний мөнгийг хоол унданд нь дотоод журмынхаа дагуу бодож гаргаж өгсөн. Энэ жил бид урьд хожид байгаагүй багийн зохион байгуулалттайгаар наадмаар ажил­ласан. Манай хамт олон нийлээд ямар хүчтэй вэ гэдгийг өнөө жилийн наадмаар харуулсан. Наадмын дараа манай байгуул­ла­гын дотоод уур амьсгал их гоё болчихсон байсан шүү. 1967 оны баяр наадмаар анх ингэж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж бай­сан тэр мөч дурсагдаж байна гэц­гээ­сэн. Түүнээс хойш анх удаа ийм юм хийлээ гэж манай гавьяатууд олон жил ажилласан хүмүүс маань хэлсэн. Юм өөрчлөгдөж байна. Уур амьсгал ч өөрчлөгдөж байна. Та наадмын үеэр бүх хэсгүүдээр очиж, хоол ундаар тусалж, дэмжиж бай­гаа нь гоё байсан гэж байв. Наадмаар, долдугаар сард өгсөн хоолны мөнгийг яасан бол гэж хардаад байх юм. Би хоол өгсний мөнгөө аваагүй. Би зүгээр л хамт олноо дайлсан юм.

-Бас сүү, тараг тараасан. Хаанаас яаж ямар мөнгөөр авсан нь тодорхойгүй гэжээ?

-Би архи сурталчлаагүй, тараа­гаа­гүй. Тэр үед цагаан сар болж байсан юм. Сүү, тараг тараасан. Ийм нэг байгууллага санал тавиад байна гээд Ерөнхий захирлаасаа зөвшөөрөл аваад сүү, тараг тараа­сан. Манай МҮОНТ-д хувь хүн ч бай, байгууллага ч бай, хэн ч бай хандаад сурталчилгаа явуулах боломжтой. Хоногт эфи­рийн хоёр хувьд нь сурталчилгаа явуулж болно гэж хуулинд байгаа. Үүний дагуу гэрээгээ байгуулаад тал мөнгийг нь телевизийн дансанд оруулаад, үлдсэнийг нь бартер хэлбэрээр аваад ажилчдадаа өгсөн. Бартер ч гэсэн мөнгө ш дээ. Тухайн үед бүх төлбөрийг нь мөнгөөр хийчихэж болох байсан. Цагаан сар болж байсан учир сүү, тараг, хорхой ааруул зэргийг манайхан хүлээж авсан гар хөлийн үсэгтэй баримт нь байгаа. Түүнээс биш би ямар нэг ашиг хүртээгүй, тэндээс нь мөнгө аваагүй. Хүмүүстээ л сүү тараг өгсөн юм, мөнгө нь орох ёстой данс руугаа орчихсон юм. Ийм л юм болсон.

-Тэмцэл хийгээд байгаа хүмүүс дотроосоо, өөрсдийнхөө нэгийг л таны оронд суулгах гээд байгаа ч юм шиг анзаарагдаад байна. Танай телевизийн "Өглөө" нэвтрүүлгийн Гэрлээг таны суу­далд суухыг санаархаж байна гэсэн мэдээлэл яваад байх юм?

-Хэвлэл мэдээллийнхэн маань болж байгаа үйл явдлыг анхаарал­тай ажиглаж өөр өөрсдийн өнцгөөс бичиж байгаа. Тийм учраас Гэрлээ нь дарга болох гээд байна уу, намайг авч хаях гээд байна уу, тэр бослогыг хэн удирдаад байна вэ гэдэг дээр би юм хэлэх боломжгүй.

Би өмнө нь ийм юм үзэж байсан­гүй. Надаас өмнө энд олон дарга нарыг шантрааж, янз бүрийн байд­лаар нэр төрийг нь гутааж, хөөж тууж байсан ийм л "сайхан" уламж­лал гэх юм уу, хуучны бугшсан дадал туршлагатай газар юм би­лээ. Тэрүүгээр л одоо намайг ингэж байна гэж харж байгаа. Ний нуугүй хэлэхэд, би МҮОНТ-д удирдлагын багийн хувьд үнэхээр ганцаардаж байгаа. МҮОНТ-ийн шинэчлэлийн бүтэц, зохион байгуулалтын ажлыг яриад ажлын хэсэг гарч ажиллаад, өргөтгөсөн ажлын хэсэг ажилдаа ороод ирэх сарын дундуур Үндэс­ний зөвлөлөөр орж батлуулаад шинэчилсэн бүтэц зохион байгуу­лалт, нэвтрүүлгийн шинэчилсэн бодлогоор цаашид явах юм. Юм болгоныг үр дүнтэй ашигтай бол­гоно. Халамжийн системээр өнөөд­рийг хүртэл явж ирсэн энэ систе­мийг больё. Хийснээрээ авч, үр дүнгээр цалинждаг болъё л гэж байгаа юм.

-Та албадын болон нэгдлийн дарга нартайгаа хамт АТГ-т шалгуулъя гэж уриалсан. Энэ ямар учиртай юм?

-Манай байгууллагын хүмүү­сийн тал нь дарга ш дээ. Том жижиг олон дарга байна. Санхүү, стра­теги, тамгын газар, алба, нэгдэл, хэлтсийнх гээд маш олон даргатай. Гэтэл уран бүтээл хийдэг наяхан л хүн байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл хийж бай­гууллага руугаа дайрч, муулаагүй. Манай хамт олон, уран бүтээлчид үүнд ямар ч буруугүй. Тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонир­хол зөрчигдөх гээд байгаа юм. Түүнээс болоод л ингэж эсэргүү­цээд байна. Энэ олон нэгдэл, албаны дарга нар өөрсдөө биш юм аа гэхэд нэгдэл дотроо ажилладаг, аль нэг сэтгүүлчээ компанийн захи­рал болгоод явуулдаг. Түүгээр бизнесээ явуулдаг. Хэрэгт унавал жирийн нэг тэр сэтгүүлч хэрэгт унадаг. Намайг энэ ажлыг авснаас хойш ийм гашуун юм болсон. "Үдшийн хэмнэл"-ийн захирал нь хариуцлага хүлээхгүй харин ч дотроо тушаал дэвшээд үлдчихэж байгаа юм. Өнөө сэтгүүлч нь хариуц­лага хүлээгээд ажлаасаа халагдаад явсан. Ийм түүх байгаа. Гэтэл Үйлдвэрчний эвлэл ийм асуудал дээр ажиллахгүй мөртлөө эвлэлийг толгойлж байгаа Наран­цэцэг гэдэг энэ хүн яагаад бослого тэмцлийг удирдаж зохион байгуу­лаад байгаа юм бэ. Хамт олныхоо эрх ашгийн төлөө ажиллаад байна уу, хувийнхаа ашиг сонирхлын төлөө ажиллаад байгаа юм уу. Дунд шатны хэдэн дарга нар бол доод уран бүтээлчдээрээ ажлаа хийлгээд тэдэндээ жаахан шагнал мөнгө өгнө. Дээшээгээ дарга нарт их мөнгө л өгнө. Ийм л дотоод сүлжээ байгаа ш дээ. Ах дүү, амраг садан, найз нөхдөөрөө нийлсэн олон жил бугшсан ийм дотоод сүлжээтэй.

Хэтэрхий олон жил нэг менеж­мен­тийн баг, нэг багийнхан ажил­лаад ирэхээр нэг нэгэндээ шаард­лага тавьж чадахаа байчихдаг юм байна. Тэр юм нь явсаар байгаад өөрсдөө дотоод журам, бүр хуулиа ч мөрдөхгүй болчихдог юм байна. Тэрийгээ арилгая гэхээр арилгаж чадахгүй, цагдаад өгье гэхээр өгч чаддаггүй. Шалгуулъя гэхээр хам­гаа­лаад "тэрний минь", "үүний минь", "насаараа ажилласан юм" гээд. Ямар ч байгууллага том, жижиг ч бай хууль эрх тэгш үйлчилнэ. Хуулийн дор ажиллаж, амьдардаг.

Энэ олон хурган дарга нарын хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч чадахгүй учир хоёр, гурван нэгдэлд дотоод аудит оруулсан юм. Дотоод аудитын шалгалт оруулсан нэгдлийн зарим нөхөд бослогын голд дүрд нь явж байгаа.

-Сэтгүүлч Л.Цагаандалай таны эсрэг бослого тэмцэлийг удирдаж байгаа хүмүүсийн нэг юм уу?

-Л.Цагаандалай бол манай сайн сэтгүүлчдийн нэг. Гэхдээ "Адуучин" нэвтрүүлэг нь МҮОНТ-ийн оюуны өмч, брэнд нэвтрүүлэг. Гэтэл энэ нэвтрүүлгийг ашиглаад "Нүүдэлчний дуу хоолой" гэдэг төрийн бус байгууллагаараа дам­жуу­лаад 240 гаруй сая төгрөгөөр тэмцээнээ зохион байгуулаад теле­визид 3, 4-хөн сая төгрөгийг нь л өгч байх жишээний. Ингэхээр энэ хүн телевиздээ хайртай хүн мөн үү, телевизийнхээ төлөө явдаг хүн мөн үү. Тийм юм бол телевизтэйгээ гэрээ байгуулаад эндээс телеви­зийн уран бүтээлчид томилогдоод, техник тоног төхөөрөмж ажиллаад манай эфирээр зарлагдаад гарах ёстой. Ийм гэрээ одоо хүртэл байхгүй. "Адуучин" гэдэг тэмцээн яаж явж дуусав гэдэг тайлан ч байдаггүй. Тийм болохоор энэ асуудлыг хурлаар оруулна гэтэл Л.Цагаандалай амраад алга болчихож байгаа юм. Тэгээд амарч ирээд бослого тэмцэл хийгээд эхэлж байна. Энэ одоо юу гэсэн үг юм бэ.

"Нэг сая нэг минут" гэдэг нэвт­рүүл­гийг манайхан сайн мэднэ. Манай сэтгүүлч Г.Ханхүү гэдэг залуу хөтөлдөг. Сайн сэтгүүлч. Гэхдээ түүнийг хурган дарга нар ашигласан. Г.Ханхүүгийн нэр дээр компани байгуулаад мөнгийг нь аваад дотор нь байгаа найруулагч, нэвтрүүлгийн хэлтсийн дарга Батцэнгэл, IV нэгдлийн дарга Эрдэнэбат нар хувааж авдаг байс­наа хүлээн зөвшөөрсөн. Батцэн­гэл, Эрдэнэбат хоёр нь яваад өгөнгүүт Г.Ханхүү би яах вэ гээд ороод ирж байгаа байхгүй юу. "Энэ мөнгийг хоёулаа хувааж авъя аа" гээд. Ийм ёс зүйгүй юм байж болох­гүй. Ийм юм байж болохгүй. Би ингэдэг хүн биш. Наад мөнгөө телевизтэйгээ гэрээ байгуулаад авдаг журмаараа ав гэсэн.

Урд нь ажиллаж байсан Үндэс­ний зөвлөл сайн ажиллаад бичиг цаасыг нь сайтар боловсруулчих­сан юм билээ. Гагцхүү энэ бичиг цаасыг мөрдөж ажиллахгүй байгаа нь том зөрчил байгаа байхгүй юу. Энэ зөрчлийг дотоод аудитаар батлаад нотлоод гаргаж ирэхээр хариуцлагаа тооцдоггүй. Дотоод­доо л шийддэг. Уг нь МҮОНТ бол 2.9 сая хүний өмч шүү дээ. Гэтэл тэрэн дотор ажиллаж байгаа хэд­хэн хурган дарга нарын эрх ашгаар хөдөлдөг телевиз болчихоод бай­на. Үүнийг л би эсэргүүцээд байна. Жирийн уран бүтээлч, сэтгүүлчид хохироод байна. Тэрнийг ашиглаж, гарын үсгээр нь гэрээ хийлгэж, мөнгийг нь данс руу нь оруул­чи­хаад авчихдаг. Мөнгө угааж байгаа том хэлбэр энэ байна. Үүний цаана хөөрхий сэтгүүлч, уран бүтээлчид  л хохироод үлддэг. Ингэж хохирсон сэтгүүлчдийг би харсан. Одоо Г.Ханхүү хохирох гээд л байна. Түүнийг хохирох гээд байхад нэгд­лийнх нь дарга уран бүтээл­чийн­хээ төлөө, мөнгийг нь телевиз рүү гэрээ хийж оруулахын төлөө явахын­хаа оронд бослого тэмцэл удирдаад явж байгаа байхгүй юу.

-Одоо ямар арга хэмжээ авбал МҮОНТ-д үүсээд байгаа бугшсан эл байдал арилах юм бэ. Юу хийвэл энэ бүхэн зөв чигтээ орох бол?

-Би буцахгүй ээ. МҮОНРТ-ийг шинэчлэх, өөрчлөх цаг нь болсон. Би 23 дахь дарга нь. Маш олон дарга нарыг ингэж шантрааж, гомдоож, хөөж тууж, хаалга үүдийг нь скочдож, өлсгөлөн зарлаад янз бүрийн арга барилаар явдаг. Энэ чинь маш нарийн сценариар явдаг. Сценарийг нь боловсруулдаг, түү­нийг нь хэрэгжүүлдэг хэдхэн бүлэг хүмүүс байдаг. Тэд уран бүтээлч­дийг ашигладаг. "Манай уран бүтээл­чид ийм саналтай байна. Энэ захиралтай ажиллахгүй гэнэ ээ" гэж уран бүтээлчдийн нэрийг барьж явдаг. Ингэж явдгаа одоо болих цаг болсон. Урьд нь ингэж уран бүтээлчдийнхээ нэрийг барьж олон захирлыг явуулж байсан бол намайг явуулж чадахгүй. Би бол нэртэй, төртэй, хийсэн бүтээсэн юмтай хүн. Энэ байгууллагаас явлаа гээд надад алдах юм байх­гүй. Энэ байгууллагад ажиллаад бохир заваан юмнаас нь цэвэрлээд эдийн засгийн хувьд орчин үеийн телевизийн зах зээлд голдирлоор нь л хөгжүүлэх ёстой. Би өнөөдөр бодлого барьж ажиллаж байна. Хуультай байгууллагыг удирдаж байна. Олон нийтийн төлөө үйл­чилж, олон нийтийн төлөө ажилла­даг ашгийн бус байгууллага. Гад­наа­саа ингэж харагддаг ч дотор нь орохоор хувьцаат компани шиг л байна.

Би ийм зүйлтэй эвлэрэхгүй. Намайг зогсооно гэж байхгүй гэд­гийг тэмцэл зохион байгуулж бо­соод байгаа хүмүүст хэлье. Ерөнхий захирал М.Наранбаатар, Үндэс­ний зөвлөлийн дарга Л.Пүрэв­­дорж нар энэ асуудлыг ухаалгаар шийднэ гэдэгт найдаж байна.

Д.ГАНСАРУУЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж