Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмар-Монголын Бизнес форумд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн айлчлалаар хамт яваа албаны бусад төлөөлөгчдийн хамтаар энэ сарын 20-нд Мьянмар-Монголын Бизнес форумд оролцлоо. Форумыг нээж Мьянмарын Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбооны /МХАҮТХ/ Ерөнхийлөгч Юү Уин Аунг хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон хүндэт төлөөлөгчид өө. Та бүхэн Мьянмар-Монголын Бизнес форумд хүрэлцэн ирж, оролцож буйд гүнээ талархаж байна. Хоёр орны эдийн засаг, аж үйлдвэрийн харилцааг эрчимжүүлэхэд түлхэц болохуйц арга зам, боломжийг хэлэлцэхэд энэхүү форум зориулагдаж байгаа билээ. Манай хоёр оронд эдгээр салбарт харилцаагаа хөгжүүлэхэд өргөн боломж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ихэд анхаарч байгаад бид баяртай байдаг. Бидний зүгээс энэ санал санаачлагыг цаашид дэмжин ажиллах болно” гэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Би энд хүрэлцэн ирсэндээ сэтгэл хангалуун байна. Мьянмарын төр засаг болоод ард түмний найрсаг зочломтгой сэтгэлийг бид мэдэрч байна. Мьянмар, Монголын ард түмэн эрт дээр үеэсээ түүхэн холбоотой. Тэртээ XIII зууны үед Хубилай хааны ач хүү Мьянмарт айлчилж байсан удаатай. Үүнээс 730 жилийн дараа бид айлчлан ирж байгаа нь түүхэн тэмдэглүүштэй үйл явдал юм. Монгол, Мьянмарын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш төрийн анхны айлчлал хийж буй нь энэ юм.
Бид энэ удаагийн айлчлалаар харилцан ашигтай, үр дүнтэй яриа хэлэлцээг өрнүүлсэн. Бид ноён Ерөнхийлөгч Тейн Сейн, парламентын дээд, доод танхимын дарга, парламент болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ. Мьянмарын төр засгийн удирдлагууд Монголын ардчилсан тогтолцоонд хөл тавьсан туршлагыг ихэд сонирхлоо. Тэртээ 1990-ээд онд бид эдийн засаг болон улс төрийн шилжилтийг нэгэн зэрэг хэрэгжүүлж чадсан. Ардчиллын шилжилтийг энэ хоёр салбарт нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй гэх үзлийг бид эвдсэн. Тэр тусмаа Азийн буурай нэгэн улс оронд ямар ч боломжгүй гэж үздэг байсан. Бид энэ өөрчлөлтийг хийж чадсан. Та бүхэн ч чадна гэдэгт итгэж байна.
Монголын ардчилсан шилжилт юугаараа онцлог вэ гэхээр бид тухайн үед нэг ч дусал цус, нэг ч байшингийн цонхыг хагалалгүй шилжилтэд хөл тавьсан юм. Бид харилцан зөвшилцөл, нэгдмэл байдлын ачаар ардчилалд ямар ч гарз хохиролгүй хүрсэн. Хуучин нийгмийн үед Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг төр бүрдүүлж байсан бол өнөөдөр хувийн хэвшил бүрдүүлдэг болжээ.
Ардчилалд хүрэх замд бидний хуримтлуулсан туршлага өөр юугаараа онцлог давуу талтай вэ гэхээр бусдаас шинэлэг байна. Манай ардчилал залуу учраас илүү сонирхолтой, суралцахад хялбар юм.
Манай хоёр орны адил төстэй нэг зүйл бол уул уурхайн асар их баялаг. Бид Мьянмарын эрдэс баялгийг сонирхсондоо бус энэ салбарт хуримтлуулсан чамгүй туршлагаа хуваалцах хүсэлтэй байна. Мөн өнөөдөр манай уул уурхайн салбарт буй гадаадын хүчирхэг компаниудын хүчийг тэнцвэржүүлэх гэсэндээ та бүхэнтэй хамтрахыг хүссэн юм.
Дотоодын уул уурхайн салбарт бид хуулийн тэгш хэрэгжилт, олон улсын стандарт, байгаль орчинд ээлтэй байдал, иргэд, иргэний нийгмийн ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн шаардлагуудыг тавьдаг. Улс орноо хөгжүүлж, урагш алхахын тулд бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэвч энэ хөрөнгө оруулалт хариуцлагатай, дээрх шаардлагуудыг хангасан байх учиртай.
Та бүхний нэгэн адил монголчууд үнэхээр зочломтгой, найрсаг хүмүүс. Та бүхнийг Монгол оронд айчлан ирэхийг урьж байна. Монголд бүх зүйл өөгүй сайхан учраас та бүхнийг уриад байна гэж бүү бодоорой. Бидний сайныг өөртөө тусган авч, бидний алдаа дутагдлаас суралцаж болно. Саяхан бид дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, цаашлаад эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сайхан боломж бүрдэнэ гэж найдаж байна.
Монголчууд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ү Тант гэгч эрхэм хүнд ихэд талархаж явдаг. Энэ хүн Монголыг анх НҮБ-ын гишүүнээр элсэхэд дэмжсэн бөгөөд мьянмар хүн байсан. Түүхийн явцад манай хоёр орон үргэлж холбоотой явсаар ирсэн бөгөөд цаашид энэ харилцаа улам бүр батжина гэдэгт итгэж байна” гэв.