Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хэлэлцүүлэг хийнэ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн (шинэчилсэн найруулга) төслийн хэлэлцүүлэг 2011 оны тавдугаар сарын 2-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д болно. Монгол улс 1992 онд Үндсэн хууль,  1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхагласан билээ. Үүний үр дүнд мэдээллийн орон зай тэлж, өнөөдөр Монгол Улсад 140 орчим сонин, сэтгүүл,  24 телевиз, 20 гаруй радио, олон вебсайт иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдэх эрхийг хангаж байна. Энэ нөхцөлд хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байгаа юм.

Иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар тунхагласан эрх чөлөөг баталгаатай, хариуцлагатай хэрэгжүүлж ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 4 бүлэг, 19 зүйлтэй. 

Энэ хуулийн төслийг хэлэлцэн баталснаар хэвлэл, мэдээллийнхэн төрийн болон улс төрийн байгууллага, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нараас хараат бусаар нийтлэлийн бодлого, агуулгаа тодорхойлох, хэвлэн нийтлэх, түгээх баталгааг хангах юм. Мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчлахаар   төсөлд тусгасан байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахтай холбоотой заалтууд болон хэвлэл мэдээллийн хариуцлагын өөрийн зохицуулалтын байгууллага “Хэвлэлийн Зөвлөл”-ийн эрх хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, гомдол барагдуулах журам зэргийг оруулсан байна.   

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж