З.Энхболд: Р.Амаржаргал УИХ-д байх ёстой

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Р.Амаржаргал УИХ-д байх ёстой

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлээд 14 хонож байна. УИХ дахь АН-ын  бүлгийн зүгээс түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Харин энэ асуудалд УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр телевизийн ярилцлагад орохдоо дараах харуилтыг өгчээ. Тэрбээр “Р.Амаржаргал гишүүний асуудлыг УИХ дэгийнхээ дагуу удахгүй хэлэлцэнэ. Гэхдээ Р.Амаржаргал гэдэг нэртэй хүн очоод сонгогдчихоогүй. АН-аас Ерөнхий сайд хийж байсан. АН-аас нэр дэвшүүлсэн, сонгуулийн хуудсан дээр нь Р.Амаржаргалын нэрийн ард АН гэж тодорхойлсон учраас энэ суудал түүний хувийн өмч биш. Тиймээс намын бүлэг энэ асуудалд нь татгалзсан хариу өгөөд байгаа” гэсэн байна. 

Мөн “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан  У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авсан байдаг. Харин яагаад Р.Амаржаргалыг авч үлдэх гээд байгаа юм” гэсэн сэтгүүлчийн асуултад “У.Хүрэлсүхийг явахад МАН-ын бүлэг кноп дараад гаргасан. УИХ-д байх хэрэггүй гэж үзсэн юм уу, бид сайн ойлгоогүй. Харин АН-ынхан Р.Амаржаргалыг байх ёстой л гэж үзэж байгаа. Энэ хүн сонгогчдодоо амласан амлалтаа биелүүлэх үүрэгтэй. Зүгээр гүйж байгаад УИХ-ын гишүүн болоогүй, Сүхбаатар дүүргийг хөгжүүлнэ гэж байгаад л УИХ-д орж ирсэн” гэж хариулжээ.

Харин Р.Амаржаргал гишүүний хувьд гишүүнээсээ татгалзах хүсэлтээ хүргүүлснээс хойш байнгын хороо, чуулганы хуралдаанд нэг ч суугаагүй. Түүнийг Төрийн ордон дахь ажлын өрөөгөө чөлөөлөхөд бэлэн болсон гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж