“Эрчим”, “Энагурэ” багууд шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

“Эрчим”, “Энагурэ” багууд шилдгээр шалгарлаа

Монголын волейболын холбоо, албан ёсны түнш “Витафит” групптэй хамтран зохион байгуулдаг Клубуудын аварга шалгаруулах намрын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр (11.20) өндөрлөлөө. Энэ сарын 3-нд эхэлсэн “Намрын нээлттэй тэмцээн”-д эмэгтэй тав, эрэгтэй зургаан багийн тамирчид гурван тойргийн турш өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийг “Эрчим” ТЭЦ-IV, эмэгтэйчүүдийг “Энагурэ” багууд тэргүүллээ. 
Өчигдөр болсон тэмцээний хаалтын үеэр Монголын волейболын холбооны тэргүүлэгч, тэмцээний ерөнхий зохион байгуулагч О.Самбуу, гавьяат тамирчин Ц.Шоовдор, “Витафит” группийн маркетингийн менежер Нямхүү нарын албаны хүмүүс уригдан оролцов. Энэ үеэр “Монгол бахархалын өдөр”-өөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнуулсан Д.Содном, Монголын волейболын анхны шигшээ багийн тамирчин,  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ОУХМ Ж.Хаянхярваа нарт хүндэтгэл үзүүллээ. 1990-96 оны хооронд Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Содном гуай Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан төдийгүй Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг төрийн өндөр алба хашиж байжээ.

Д.Содном хэлэхдээ: “Надад хүндэтгэл үзүүлж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. 20-р зууны дунд үед монголчуудын хамгийн их сонирхож байсан спорт бол волейбол юм. Миний бие 1960-90 оны турш 30 гаруй жил энэхүү спортоор хичээллэсэн. Хэдийгээр мундаг тамирчин байгаагүй ч энэхүү спортын ачаар 80 гарсан би эрүүл энх байгаа гэж боддог. Өнөөдрийн (өчигдрийн) тэмцээнийг үзээд залуу насаа өөрийн эрхгүй дурслаа. Залуу нас гэдэг гайхалтай. Энэ спортоор хичээллэж байгаа залуучууд та бүхэндээ талархлаа. Бас энэхүү спортыг дэмжиж буй спорт сонирхогч, зүтгэлтэн та бүхэнд ч бас талархаж байна. Эрүүл энх байхын нэгэн үндэс нь спортоор хичээллэх. Саруул байхын тулд ном унших. Та бүхэндээ баярлалаа. Спортын улам их амжилт хүсье” гэв.

Ингээд тэмцээний медальтнуудыг танилцуулъя.

Эмэгтэй:

Алтан медаль:
Жан Жи Хунг эзэнтэй, Чон Юн Ха ахлах дасгалжуулагчтай, Б.Хэрлэн туслах дасгалжуулагчтай, А.Пүрэвсүрэн ахлагчтай “Энагурэ” баг.

Мөнгөн медаль: Д.Ганбат эзэнтэй, Г.Баярсайхан ахлах дасгалжуулагчтай, П.Буянжаргал ахлагчтай “Сүхбаатар Цайрт минерал” баг.

Хүрэл медаль:
Б.Цэвээн эзэнтэй, Г.Баярсайхан ахлах дасгалжуулагчтай, Э.Эрдэнэзаяа ахлагчтай “Эрчим ТЭЦ-IV” –I баг.

Эрэгтэй:

Алтан медаль:
Б.Цэвээн эзэнтэй, Б.Гансүх ахлах дасгалжуулагчтай, Э.Сайнбилэг ахлагчтай “Эрчим-ТЭЦ IV” баг.

Мөнгөн медаль:
С.Батчулуун эзэнтэй, Б.Уранчимэг ахлах дасгалжуулагчтай, А.Мөнхбаяр ахлагчтай “Алтайн барс” баг.

Хүрэл медаль:
С.Буяндалай эзэнтэй, Д.Одбаяр ахлах дасгалжуулагчтай, Р.Хангай ахлагчтай ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг тус тус шалгарлаа.

Тус тэмцээний үеэр ОУХМ нэг, спортын мастер цолыг таван тамирчин хүртлээ. Энэхүү зэрэг цолын эздээр олон жилийн турш лигийн тоглолтод амжилттай оролцож байсан “Уурхайчин” баг буюу одоогоор Сүхбаатар аймгийн “Цайрт минерал” нэрээр тоглож буй тус багийн тамирчид хүртлээ. Тухайлбал, ОУХМ цолыг П.Буянжаргал, спортын мастер цолыг Одмаа, Отгонням, Нямсүрэн, Уранбаяр, Болорчимэг нар биелүүлж, үнэмлэхээ гардлаа.

Тэмцээний шилдгүүд:

Давуулагч: эмэгтэй -Т.Энхнаран (“Эрчим” ТЭЦ-IV), эрэгтэй -А.Мөнхбаяр (“Алтайн барс”)

Хамгаалагч: эмэгтэй –Ч.Халиун (“Энагурэ”), эрэгтэй –Алтанхундага (“Алтайн барс”)

Холбогч: эмэгтэй –Г.Отгонбямба (“Сүхбаатар-Цайрт минерал”), эрэгтэй –Р.Хангай (ИНЕГ “Буянт-Ухаа”)

Довтлогч: эмэгтэй –П.Буянжаргал (“Сүхбаатар-Цайрт минерал”), эрэгтэй –Э.Сайнбилэг (“Эрчим” ТЭЦ-IV)

Тэгш тоглогч: эмэгтэй –С.Пүрэвжаргал (“Энагурэ”), эрэгтэй –М.Мөнх-Оргил (“Алтайн барс”). “Гялгар хар” хэмээх нэрээр алдаршсан спортын мастер Мөнхбаатарын агсны гэр бүл, дүү нараас энэхүү шагналын эздийг тус бүр 500.000 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулав.

Дасгалжуулагч: “Энагурэ” багийн Чон Юн Ха, “Буянт Ухаа” баг Д.Одбаяр нар тус тус шалгарлаа.

2014 онд Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор хавар, намрын нээлттэй тэмцээний аварга “Энагурэ”, хаврын тэмцээний аварга, намрын тэмцээний мөнгөн медальт “Алтайн барс” багууд шалгарлаа. 18 хоногийн турш үргэлжилсэн “Намрын нээлттэй тэмцээн”-ий тоглолтыг “Sport Box” телевиз шууд дамжуулсан байна.





Гэрэл зургийг Б.БАТМӨНХ

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж