
Гэтэл УИХ-ын гишүүн /цахим ертөнцөд бенз нэр аваад байгаа/ Л.Эрдэнэчимэг “Өчигдрөөс эхлэн твиттер, фэйсбүүкт “Тамхигүй орчин” гэдэг нэртэй хуудас нээсэн. Энэ хуудас руу иргэд хандаад хориотой газар тамхи татаж байгаа иргэдийн зургийг, тамхи татуулж байгаа байгууллагуудын зураг зэргийг авч бидэн рүү илгээгээрэй. Бид уг мэдээллийг дагуу цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтаар дамжуулаад шалгалтуудаа хийгээд жинхэнэ торгуулиа тавиад явна. Хамгийн гол нь тухайн зөрчил гаргасан газрын хаягийг нотлох баримт болох хэмжээнд бидэнд илгээх хэрэгтэй” гэж байна. Уг нь ийм утгагүй хууль батлахын оронд тамхичдыг тодорхой цэгт татдаг болгоод, тамхи татдаггүй хүмүүсийн эрхийг хамгаалахад чиглүүлсэн бол илүү үр дүнтэй байх байлаа. Туйлширсан, хөрсөнд буугаагүй хууль батлах нь сөрөг үр дагаврыг авчирч л таараа.
Гэтэл энэ хуулийн жишгээр Архины хяналтын тухай хуулийг өөрчлөхөөр мөнөөх нөхдүүд санаачилж, боловсруулаад шинэ жилийн өмнө өргөн барихаар болжээ. “Тамхины хяналтын тухай хууль, архины хууль хоёр ойролцоо. Хэрэгжих механизм нь ч ойролцоо учраас тамхины хяналтын тухай хуулийг 100 хувь хэрэгжүүлдэг байж архины хяналтын тухай хууль хэрэгжинэ шүү дээ” гэж хууль санаачлагчдын нэг Л.Эрдэнэчимэг ярьжээ.
Энэхүү хуулиар бол архийг зөвхөн тусгай цэгүүдээр худалдаалах юм байна. Ингэхдээ 3000 хүн тутамд нэг архины цэгтэй байна гэж хуульд тусгах гэнэ. Архины цэгийг цөөлбөл архидалт буурна гэж тэд үзсэн бололтой. Тиймээс ч суманд 1-2, хороонд 15 мянган хүн амтай бол 2-3 эсвэл таван цэг байх уу гэдгийг хэлэлцүүлэг хийж байж тогтоох гэнэ.
Энэ нь араасаа бөөн авлига, арын хаалга, монополь боломжийг олгоно гэсэн үг. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа архины эсрэг тэмцэж, элдвээр хориглосон журам сэлтийг гаргаж, гэр бүлийнх нь хүн тусгай зөвшөөрлийг өгдөг байлаа. Тусгай зөвшөөрөл гээч ганцхан гэр бүлийн мэдэлд орж, нэг гараараа зөвшөөрөл өгч, нөгөөгөөр нь торгодог тийм механизм үйлчилж байсан гэхэд болно. Магадгүй энэ нь Монголын томоохон архи үйлдвэрлэгчдээс орон сууц бэлгэнд авсан гэх харыг араасаа дагуулсан байх.
Америк нэгэн зууны өмнө архи хориглоод эцэстээ хар тамхи, мафийн сүлжээнд идэгдэж, цагдаагийн байгууллага нь түүний эсрэг зогсох нь байтугай авлигад идэгдсэн гашуун түүх бий.
“Ямар ч байсан зөвхөн шар айргаар үйлчилдэг цэгүүд гэж тусдаа байх ёстой” гэж хууль санаачлагч бас л хэлж байна. Тодорхой шалгуурыг хангасан газрууд л архиар үйлчилнэ гэнэ. Бусад нь бол зөвхөн орой 22.00 цаг хүртэл шар айргаар үйлчлэхээр тийм зохицуулалттай байх гэнэ. Бидний бэлээхэн сургамж бий. 00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахыг хориглолоо гээд архидалт улам гаарсан. Гэртээ, буудалд нийлээд архиддаг болсон. Хориглох тусам хортой зүйл рүү тэмүүлдэг хойно 24 цагаас урьтаж ширээ дүүрэн захиалга өгч байгаад уудаг болсон доо.
Ер нь хориглохоос илүүтэй сэтгэл зүйд нь нөлөөлж, түүний хор уршгийг тайлбарлан таниулах бодлого барьдаггүй. Архи үйлдвэрлэгчдэд ногдуулах татварыг нь нэмэхгүйгээр архидалтыг багасгана гэвэл гонж. Хүн амынх нь тоонд дүйцүүлбэл 10 хүний олох орлогыг нэг хүн л олдог болно гэсэн үг. Тамхи татдаг, архи уудагтаа ч биш. Хамгийн гол нь нуухыг нь авах гээд нүдийг нь битгий сохлоод байгаач ээ. Нийгэмд гарах сөрөг үр дагаврыг нь тооцолгүйгээр нэг хэсэг хүмүүсийн гар, хөл болоод байгаа юм биш байгаа. Энэ үнэхээр хэрэгтэй өөрчлөлт мөн үү?
Л.ХАЛИУ