Сайд нарт хэн зөвлөдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Сайд нарт хэн зөвлөдөг вэ?

Өнгөрсөн долоо хоногт болсон /XI.16/ “Том төрөөс ухаалаг төр рүү”  Үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр “ЗӨВЛӨХ” гэх эрх мэдэлтний тухай Ерөнхийлөгч онцолсон байдаг.

“Төрөөс завшиж, ашиг олох олон арга бий. Энд нэг жишээ дурьдахад, манай сайд нарын дэргэд зөвлөх гэж албан тушаал бий. Зарим сайд зөвлөхгүй байхад зарим нь 3-4 зөвлөхтэй. Сайд нарын дэргэд нийт 24 зөвлөх байна. Зарим нь ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхнээ зөвлөхөөр томилчихдог. Гэтэл тэр зөвлөх гэж нөхөр төрийг самарч байна. Тэр зөвлөх аж ахуй, санхүү, төр гээд маш олон зүйл хариуцаж байна. Тэр зөвлөх гэж үнэхээр аюултай нөхөр байдаг юм байна гэж зарим яамныхан ярьж байна. Тэгээд ямар нэгэн асуудал гарч сайдтай хариуцлага тооцох гэхээр зөвлөхөө халчихдаг. Иймэрхүү замбараагүй явдал төрийн байгууллагуудад газар авч байна. Мөн аймгуудын  Засаг дарга нарын дунд 15 зөвлөх ажиллаж байгаа. Бас зөвлөхгүй Засаг дарга ч бий. Ашиг сонирхлын зөрчилгүй зөвлөх бол яая гэх вэ? Гэтэл аль муу зүйлээ хийлгэж, төрийн албыг самруулах гэж зөвлөх томилж байгаа нь утгагүй юм. Тэгээд тэр зөвлөхүүд төрийн албыг төрийн алба биш болгож байна” гэсэн шүүмжийг Ерөнхийлөгч хэлсэн нь зүгээр нэг үг биш ээ.  

Ямартаа ч зөвлөхүүдийн юу хийсэн тухай мэдээлэл битгий хэл хэн гэдэг хүн байдаг тухай мэдээлэл яамдын албан ёсны цахим хуудсанд орсон нь цөөхөн байдаг аж. Цаашилбал, хэн зөвлөх болсон, хэн нь чөлөөлөгдсөн, ямар зүйл хийж бүтээсэн, ямар гай тарьсан зэрэг нарийн мэдээлэл бүр ч үгүй. Ямартаа ч олдсон мэдээллийнхээ хүрээнд засагт ажиллаж, нэрийн хуудсан дээрээ “зөвлөх” гэх бичилт хийлгэсэн эрхмүүдийн нэрсийг танилцуулж байна.

ЕРӨНХИЙ САЙД

Ерөнхий сайдын зөвлөхүүдийг нас бага, цус шингэн гэж дүгнэдэг. Энэ нь дагуулж явдаг гол зөвлөхүүд нь оюутны ширээнээс шахуу энэ суудалд очсонтой холбоотой байх. Түүний ахлах зөвлөхөөр гишүүн асан Л.Гансүх ажилладаг бол зөвлөхөөр Д.Батмөнх, Б.Ган-Очир, Э.Дөлгөөн, М.Хүдэрбаатар, О.Цогтгэрэл, Кёкүшюзан Д.Батбаяр нар ажиллаж байна. Өмнө нь Б.Бат-Эрдэнэ гишүүн “Төрийн ордонд гишүүдэд хүртэл өрөө хомс байхад зөвлөх нэртэй асман банди нарт өрөө гаргаж өгдөг” хэмээн бухимдаж явсан нь ч дээрх харагдах байдалтай холбоотой. 

ШАДАР САЙД

Шадар сайдын зөвлөх Х.Аюурзана.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД

Хууль зүйн сайд нэг зөвлөхтэй. Зөвлөх нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Энхзул аж.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД

Сайдын зөвлөхөөр М.Төрбаяр, Ц.Адъяасүрэн, Ч.Гэндэнжамц нар, мөн орон тооны бус зөвлөхөөр Ц.Ганбат ажилладаг байна. 

САНГИЙН САЙД

Монгол Улсын Сангийн сайд Ч.Улаан одоогоор зөвлөхгүй ажиллаж байгаа аж. Түүнийг улс төрийн бодлогын зөвлөх, мөн нэгэн америк зөвлөхтэй байсан гэдэг ч яг одоогоор албан ёсны зөвлөхгүй байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД

БХБЯ-ны хувьд албан ёсны зөвлөх гэж байдаггүй бололтой. Харин сайдын орон тооны бус зөвлөхөөр Л.Нямсамбуу ажилладаг байна. 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД

Тус яам хоёр зөвлөхтэй. А.Батпүрэв, О.Машбат нар.

СОЁЛ СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

Ц.Оюунгэрэлийн зөвлөхөөр Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар

БАТЛАН ХАМГААЛАХ САЙД

Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр Г.Сүхээ ажилладаг тухай тус яамны вэб сайтад албан ёсоор танилцуулжээ. Тэрбээр сайд Д.Бат-Эрдэнийн “Ажнай” корпорацийн дэд ерөнхийлөгч байсан нэгэн.

БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

Тус яам бусад яамдын адил Сайдын зөвлөлийн арваад гишүүдтэй. Албан ёсны зөвлөх гэвэл Ц.Цагаанхүү ажилладаг аж. 

УУЛ УУРХАЙН ЯАМ

Тус яамны сайдын зөвлөхөөр геологи мэргэжилтэй, доктор Д.Бат-Эрдэнэ, Уул уурхайн сайдын Ажлын албаны зөвлөхөөр Ч.Түмэнбаяр ажилладаг аж. Ч.Түмэнбаяр нь сайд Д.Ганхуягтай Японд хамт суралцаж байсан нэг ангийн найзууд гэнэ. 

ҮЙЛДВЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД

Тус яаманд орон тооны болон орон тооны бус гурван зөвлөх байдаг. Үүнд, Ц.Ууганбаяр, Ганбат, Б.Батзаяа нар нэрлэгдэнэ. Ц.Ууганбаяр барилгын компанитай холбогддог, Д.Ганбат УИХ-ын гишүүн, Баянхонгор аймгаас Х.Баттулгатай хамт нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Б.Батзаяа нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.

ЗАМ ТЭЭВРИЙН САЙД

Тус яаманд хэчнээн зөвлөх ажилладаг тухай албан ёсны мэдээлэл олдсонгүй. Ямартаа ч сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Төмөрсүх гэгч ажилладаг аж.

ХӨДӨЛМӨРИЙН САЙД

Х.Ганболд нь Чөлөөт бүсийн ажлын албаны даргын албыг хашдаг бөгөөд давхар Хөдөлмөрийн сайдад зөвлөдөг байсан аж.

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

С.Эрдэнэ сайд салбар бүрийг дагнасан бодлогын зөвлөлтэй гэдэг ч яг ямар зөвлөхүүдтэй гэдэг нь тодорхойгүй аж.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД

Н.Батбаярын зөвлөх хэн бэ гэвэл Н.Мөнхбатыг гэдэг аж. 2004 оноос Н.Батбаярын туслах хийж байгаад сайдын зөвлөх болсон тэрээр Хөгжлийн банкны захирлаар өнгөрсөн намар томилогдсон юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Эрчим хүчний сайд нэг зөвлөхтэй, тэр нь Д.Баярхүү. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Эрүүл мэндийн сайдын ажлын алба таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд түүний ахлах зөвлөх М.Туяа, зөвлөх Л.Жамбалжав,Д.Мандахнар багтдаг аж.  Эдгээрээс онцолвол, Л.Жамбалжав нь Хүний гавьяат эмч, Төрийн шагналт мэс засалч, анагаах ухааны доктор цолтой. МАХН-ын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд тус намын дарга Н.Энхбаярын эмчээр ажилладаг юм байна.

Э.ЭHX

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж