
Хотын хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх ажлыг биелэл болгоно
Залуус бол нийгмийн ирээдүйг хөдөлгөгч гол хүч. Энэ хүчийг хэрхэн зөв зүйтэй нэгтгэхээс тухайн орон нутгийн ирээдүйн хөгжил шалтгаална. Тиймээс залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүчтэй тавих хэрэгцээ байгаа гэж үзсэн залуусын төлөөлөл 2013 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр уулзлаа.
Уулзалтад оролцож буй залуус аймгийн Иргэний танхимаас зохион байгуулсан "Хотын хөгжилд залуусын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн оролцогчид юм. Залуусын идэвхи оролцоо, нэгдэн хамтран ажиллах зоригийг хязгаарлаж болохгүй гэж үзсэн аймгийн ИТХурал, хурлын дэргэдэх Иргэний танхимаас ийнхүү чөлөөт уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батжаргал аймгийн ИТХ-ын дэргэд залуучуудын зөвлөл, залуусын дэмжих бүлэг байгуулах саналыг танилцууллаа. Дээрхи санаачлагыг нь уулзалтанд оролцсон залуус санал нэгтэй дэмжсэн юм.
Ихэрхэж цэцрэхдээ биш энгийн ойлгомжтой байдлаар асуудлаа танилцуулж, харилцан зөвлөлдөх зорилтыг тавьсан уг үйл ажиллагааны үеэр залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өөр өөрсдийн мэдээллээ хуваалцсан. Тухайлбал: "Найрамдлын залуус” ТББ хийсэн ажлаа танилцуулж, залуучуудын өмнө тулгараад байгаа ажлын байран дахь цаг ашиглалтын буруу харилцаа, хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж буй нь жирийн үзэгдэл мэт болсонд харамсаж буйгаа илэрхийллээ. Энэ асуудлаар тус байгууллагаас санаачилан аймгийн ИТХурал, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хяналт шинжилгээний үнэлгээний алба, АОЭХолбоо зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийж зөрчилтэй байгууллагуудад арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Энэ ажлынхаа саналыг аймгийн ИТХ-ын даргад мөн үеэр тавьж бичгээ гардуулсан.
Үүнээс гадна "Залуусын 4Х” клубынхэн ч дуу хоолойгоо илэрхийллээ. Тэд амьдран суугаа хотоо хамгийн цэвэр, орчин нөхцөл нь таатай ногоон хот болгоход хувь нэмрээ оруулахаар шийдсэн байна. Залуу хүн бүр оюунлаг, өндөр боловсролтой, авъяас чадвартай, дэлхийн соёлоос суралцах зорилго тавьжээ.
Ийнхүү залуучууд нийгмийн сайн сайхны төлөөх үйлст итгэл сэтгэлээ нэгдэж, манлайлан ажиллах олон зорилтуудын нэг энэхүү уулзалтын үеэр биелэлээ олж, залуус маань бас нэгэн шинэ ажлыг эхлүүлж байна.