Гадаад томилолтын зардал 8.5 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Гадаад томилолтын зардал 8.5 дахин өсчээ

ТӨРИЙН АЛБАНЫ ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ 8.5 ДАХИН ӨСЧЭЭ

УИХ-д тойргоос сонгогдсон 48 гишүүн бий. Тэдгээр гишүүн бүрийн багцад тус бүрт нь 90 сая төгрөг нэмсэн нь нийт дүнгээрээ дөрвөн тэрбум гаруй төгрөг болоод байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр тэвчиж болох зардалд “тэвчилгүй” оруулсан энэ дөрвөн тэрбум төгрөгөөр гишүүд юу хийх вэ. Тойргоос сонгогдсон гишүүдийг тойрогтоо ажиллахад нь зориулж ийм хэмжээний мөнгө төсөвлөснийг бодоход Монголын төр баян байгаа юм байна. Өмнө нь гишүүн бүрт тэрбум төгрөг төсөвлөдөг байсныг бодвол зардлаа нэлээд бууруулсан мэт харагдана. 76 тэрбумын дэргэд дөрвөн тэрбум төгрөг юу юм бэ. Ирэх оны төсвийг УИХ-ын чуулган хэлэлцэж эхлэх үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг урьд оны төсвүүдийг “авлигатай төсөв” хэмээн тодотгосон. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл төсөвт суусан зардал 11 дахин өсөхөд гишүүдэд хуваарилдаг тэрбум төгрөг их үүрэг гүйцэтгэсэн. Зөвхөн УИХ-ын гишүүд, яам, тамгын газар, агентлагийн дарга нарын гадаад томилолтын зардал 8.5 дахин өссөн байдаг.

Монгол Улсын төсвийн нийт зарлага 2000 онд 430 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 их наяд төгрөг болтлоо гэрлийн хурдаар өссөн. Энэ өсөлт цөөн хэдхэн хүнийг халаасыг зузаатгахад л зарцуулагдсан гэж бодоход аргагүй л авилгатай төсөв байж. Тийм төсөвт тусгагдсан “тэвчиж болох зардлууд”-ыг ирэх оны төсөвт хасаж суулгах зориг дутлаа, энэ УИХ-д.
Ирэх оны төсөвт гишүүдэд хуваарилсан дөрвөн тэрбум төгрөгийг бүрмөсөн тэвчиж болох байсан уу гэвэл тийм. Тойргоос сонгогдсон гишүүдийн “Лексус 570”, “Ланд 200” голдуу бензин их иддэг ма­шинуудад нь зориулсан шатахууны зардал, хууль сурталчлахын тулд хэвлүүлсэн материалын үнэд жилдээ 90 сая төгрөг хэрэглэнэ гэсэн үг. Жилийн 365 хоногт өдөр бүр тойрог руугаа онгоцоор нисээд ч ийм хэмжээний мөнгө зарлагадах нь юу л бол. Тойрогт хуваарилсан мөнгөөр гишүүд бизнес хөгжлийн төв нээсэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлүүлсэн гэх аман тайлбартайгаар нэгэн жилийг үддэг байсан бол энэ удаа эргэлт буцалтгүйгээр бензин хийж тойрогтоо ажилласан, тараах материал хэвлүүлсэн гэж ам таглах болж байх шиг байна. Нэг тэрбумаа голж гурван тэрбум болгоё гэдэг санал гаргаж байсныг бодвол 90 сая төгрөг хуваарилсан УИХ-даа баяр хүргэх үү, яах вэ. АН 2012 оны сонгуульд орохдоо гишүүдийн тэрбумыг бид авахгүй гэж байснаа мартсан бололтой. Нэгэнт төсөв батлагдчихсан, тойргоос сонгогдсон гишүүд 90 сая төгрөг “халаасалчихсан” байхад юу хэлэх вэ. “УИХ-ын гишүүн ч гэсэн хүн шүү дээ. Цалингаараа амьдралаа залгуулах ёстой” гэж нэгэн гишүүн хэлж байсан. Тойрогтоо ажиллах, хууль сурталчлах зардлаа хувиасаа гаргасаар байгаад ар гэрийн амьдралгүй болчихсон УИХ-ын гишүүн хэд байдаг юм бол. УИХ-ын гишүүн болсноор амьдрал нь дордож, ядуусын эгнээнд шилжсэн гэж дуулаагүй юм байна. Ард түмнээ доромжилсон хэрэг болно. “Сонгогчидтойгоо нүүр тулж уулзах уулзалтын үр дүнг сайжруулахын тулд хийсэн ажил” гэж 4.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулах ажлыг санаачилсан ажлын хэсгийнхэн тайлбарлана билээ. Ирэх оны төсөв улсын биш УИХ-ын гишүүдийн төсөв болсон гэдэг хатуу ч гэлээ үнэн үг.

Юутай ч тойргоос сонгогдсон 48 гишүүн 90 сая төгрөгийн үнэд хүрэх сонголт хийсэн сонгогчиддоо л хүрч ажиллаасай билээ.

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж