
Гэтэл бас балайнууд өвгөний ясыг дахин өндөлзүүлж байна. Одоогийнхоор бол Хэнтий аймгийн анхны Засаг дарга нь Тэмүүжингийн аав Есүхэйн эцэг Бартан баатар бүр цаашилбал Хабул хаан байсан ч гэж донгосч мэдэх хүмүүс өлгий нутагт нь их байгаа бололтой. Хэнтий аймгийн төв Өндөр хааныг “Чингис” нэрээр солих мэргэн санаа бодож олоод санал асуулга явуулан ИТХ-аараа баталчихлаа. “Чингис” хотынхоо нэрийг даяр олонд зарлан сурталчилж, Засгийн газарт дуулгах ажлын аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захираргч Н.Базархандад даалгажээ. Удахгүй Улаанбаатарт “Чингис хот, Чингис хот” гэсэн хоёр нөхөр ирэх бололтой юм. Э.Бат-Үүл баатартай халз тулаад нэрээ булаалгачихгүй бол шүү дээ.
Уг нь Чингис хааны унасан газар, угаасан ус нь бий гэдэг утгаар нь Өндөрхаан гэж Хэнтийн төвийг нэрлэсэн гэдэг. Гэхдээ энэ нэртэй нутгийнхан өөдлөхгүй байгаа бололтой. Ингэж байж л хөгжих юм гэнэ. Бид газар усныхаа нэрийг байгалийн зүй тогтоц, ан амьтаных нь онцлогоор нэрлэж ирснээс бус алдартнуудаар нэрлэж ирсэнгүй. Коммунизмын улаан шуурга л хэн нэгний нэрээр нэрлэхэд хүргэж байлаа. Гэтэл одоо хятадууд хотоо нэрлэхээс нь урьдаж нэрлэх ёстой. Үүх түүхээ мэдэх хэрэгтэй гэх зөвтгөлөөр үүнд хандаж байна. Дэлхийд бодит түүхээ хүлээн зөвшөөрүүлж, түүнийгээ сурталчилья гэвэл хоёр хөршөөсөө гадна Перс өөр бусад орны түүхийг судалж, түүнд мөнгө зарцуулж, гарцаагүй нотолгоогоор судлалын хүрээнд гаргаж ирсэн үү гэхээс биш нэг аймгийг нэрээр нь нэрлэлээ гээд дархлаагаа тогтоочихдог ч юм биш. Сэтгэлгээ, боловсролыг дэмжихээсээ илүүтэй хэлбэр, материаллаг зүйлсийг орой дээрээ залсан төрийнхнөөс илүү ихийг хүсэх нь ч утгагүй биз ээ. Нэг онигоо байдаг даа.
Омгийнхоо ахлагчид нэрээ солих хүсэлтийг тавьсан индиан,
-Манайхан чинь бүгдээрээ л гоё нэртэй шүү дээ. “Бүргэдийн нүд”, “Баавгайн савар”, “Чонын соёо”, “Арслангийн зүрх” гээд дандаа гоё нэртэй. Чинийх яагаад байгаа юм бэ? “Гахайн нуудгай” гэдэг шиг. Энэ онигоо шиг л юм болж байна даа, цаана чинь. Тэрийг дэмжиж эндээс УИХ-ын хэдэн гүлдийсэн нөхдүүд ч очсон гэж байгаа. Төрийн албан хаагчдад ер нь нэр сольж, цаас үйлдвэрлэхээс өөр ажил үгүй болсон бололтой. Уг нь өвөлжилт хүндэрнэ гээд байгаа энэ цаг үед бэлтгэлээ базааж байвал сайн сан. Зуд болвол Чингис хотын тэдэн толгой мал зуданд сүйрлээ гээд цоллуулах вий дээ, чингисчүүд ээ. Чингист сурталчилгаа хэрэгтэй гэж битгий л хэлээрэй…
Алд бие нь алжааснаас 800 жилийн дараа ахуй төрийг нь алжаалгачих вий дээ, ард түмээн.