Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд боловсруулагдан, Ерөнхийлөгчөөс өргөн баригдаж, УИХ-аас батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр саяхан гарсан. Тодруулбал, уг хуулийн “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэдэг заалт нь Үндсэн хуулийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх шийдвэр гарсан аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцсан юм.
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай цэцийн дүгнэлт гарлаа?
-Хуулийн гол амин сүнс болох анхан шатны журмаар хэрэг маргааныг шийдэхэд мэргэжлийн хоёр шүүгчийн хамтаар иргэдийн төлөөлөгч оролцох тухай заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох шийд гаргачихлаа. Хуучин иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралд оролцдог ч хэлбэрийн төдий байсан, гаргаж буй дүгнэлт нь шийдвэрт хэрхэн тусах талаар нарийвчилсан зохицуулалт байгаагүй. Иймдээ ч иргэдийн төлөөлөгчөөр сууж байгаа хүн нь ч ач холбогдол өгдөггүй, нойрмоглож байгаад л гараад явчихдаг. Энэ хуулийн зорилго нь шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг оруулж ирэхэд байгаа юм. Нэг талаас шүүх хараат бусаар шийд гаргах ёстой. Гэвч нөгөө талд нь шүүхийн ил тод, нээлттэй байдал гэж бий. Яг л нэг зоосны хоёр тал шиг.
Энэ загвар нь зөвхөн Монголд байгаа юм биш. Монгол Улсын Үндсэн хуульд уг зарчим суучихсан юм. Харин анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг хэрхэн оролцуулах нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц уг зохицуулалтыг хүчингүй болгочихлоо. Үүгээрээ шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох сонирхол Үндсэн Хуулийн цэцэд байхгүй байна гэж ойлгогдлоо. Үндсэн хуулийн цэц хуулийн үг үсгэнд захирагдахаас илүүтэй Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн асуудлыг шийддэг байх ёстой. Нөгөөтэйгүүр нийгэм дэх шинэчлэл өөрчлөлттэй үндсэн хуулийн шүүгч хөл нийлүүлэн алхаж чаддаг учиртай. Түүнээс биш цэц гэдэг байгууллага Бат, Дулмаа нарын хоорондын ахуйн шинжтэй маргааныг шийдэх гэдэг шүүх биш. Тэр утгаар нь харвал Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр нь Үндсэн хуулийнхаа үзэл санаатай нийцээгүй, цэцийн гишүүд мэдлэгийн хувьд цаг үеэсээ хоцрогдсон мэт санагдаж байна.
-УИХ хэрхэн хүлээж авах бол?
-Бид өөрсдийгөө Ром германы эрх зүйн тогтолцоотой гэж ярих дуртай. Гэтэл тэр Германд чинь жирийн иргэн мэргэжлийн шүүгчидтэй хамт сууж байгаад хэргийг шийддэг. Хэдийгээр Германы Үндсэн хуульд иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралд шүүгчийн хамтаар сууж байгаад хэргийг шийдэх тухай заалт байхгүй боловч шүүхийн практикт хэрэгжээд л явж байгаа. Германы үндсэн хуулийн шүүгчид тэнэг учраас Үндсэн хуульдаа байхгүй зохицуулалтыг хүчингүй болгохгүй яваад байгаа хэрэг биш болов уу. Товчхондоо ийм чухал зохицуулалтыг хүчингүй болгосон нь харамсалтай.
-УИХ-аас цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд цааш нь ямар процесс явах вэ?
-Цэц яаж шийдэх нь өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Их суудлын хуралдаанаараа дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг засах байх гэж найдаж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг би уншсан. Хуулийнхаа үндэслэлийг цэц бичдэггүй юм байна гэдгийг нь харлаа. Хуулийн заалтыг дурдсан боловч, ямар учраас, яагаад ингэж Үндсэн хуулийн заалтыг ойлгож, ийнхүү шийдвэр гаргах болсон үндэслэлээ бичдэггүй юм билээ. Гэтэл Герман зэрэг эрх зүйн өндөр хөгжилтэй орнуудад үндсэн хуулийн шүүхийн байгууллагууд нь шийдвэрээ маш дэлгэрэнгүй бичиж өгдөг. Маргалдагч талуудад маш ойлгомжтой, хүлээн зөвшөөрөхүйц байдаг. Өнөөдрийн хувьд ердийн шүүхүүдийн шийдвэр ил тод болсноос хойш шийдвэрийн үндэслэл маш ойлгомжтой бичигддэг болж байгаа. Үндсэн хуулийн цэцэд ийм дэвшил даанч харагдахгүй байна. Энэ нь шүүхийн шинэчлэлийн бодлого Үндсэн хуулийн цэцэд ямар нэг байдлаар орж ирэхгүй бол болохгүй нь гэдгийг харуулж байна. Түүнчлэн цэц нь институцийнхээ хувьд Үндсэн хуулийг манаж буй байгууллага боловч хүн л ажиллаж байгаагийнхаа хувьд мэдлэг чадвар, ёс зүй дутах гэх мэт зүйлс байдаг байх.
-“Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэх заалт Үндсэн хуульд бий. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ” гэж зааснаас үзэхэд шүүхийг зөвхөн шүүгч бүрдүүлэхээр байна. Энэ бол цэцийн шийдвэрийн үндэслэл нь болж байна билээ.
-Наадах чинь ерөнхий зарчим. Гэхдээ шүүхээс анхан шатны журмаар хэрэг маргааныг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулах тухай заалт Үндсэн хуульд бий. Тэр бол тусгайлсан зохицуулалт. Анхан шатны шүүхэд иргэдийн төлөөлөгч оруулах гээд байгаа учир нь шүүх, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүргэж буй шүүх нь анхан шатны шүүх. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах учраас энд заавал иргэдийн төлөөлөгчийг оролцуулах шаардлага байхгүй. руугаа учраас заавал иргэний төлөөлөгч оролцохыг шаардлагагүй.
Нөгөө талаас нь Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг томоор нь харах ёстой. Яагаад цэцийг онолын шүүх гэдгийг санууштай. Үндсэн хуулийг тайлбарлах онол, арга зүйгээр асуудлыг үнэлэх ёстой болохоос биш өөрийн үзэмжээр хандах ёсгүй. Цэцийн гишүүдийн маань жишээлж ярих дуртай германд “шүүх эрх мэдлийг гагцхүү төрийн шүүх хэрэгжүүлнэ” гэх заалт Үндсэн хуульд нь бий. Гэтэл тэнд төрийн биш арбитын шүүх үйл ажиллагаа явуулж л байна.
-УИХ дахь намын бүлгийн хурал дээр энэ шийдвэрийн талаар ярилцах үеэр Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуульд өөрчлөлт оруулах ёстой гэх асуудал яригдсан гэсэн?
-Яг энэ шийдвэртэй холбоотой зүйл биш байх. Үүнээс ч өмнө Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийг хэрхэн өөрчлөх талаар төсөл боловсруулагдаж, үүнд нь цэцийн гишүүд ч оролцсон. Энэ хуулийн төсөлд нь санал авахаар Засгийн газарт нь өгчихсөн. Дахиж боловсруулагдсаар өргөн баригдах юм. Маргаантай холбоотойгоор хөндөгдсөн асуудал байхгүй. Ер нь үндсэн хуульт ардчилалтай оронд нэг талаас парламент нөгөө талаас Үндсэн хуулийн шүүхийн хооронд зөрчилдөөн үүсдэг. Тиймээс үндсэн хуулийн шүүхийн нэр хүнд гаргаж буй шийдвэрийн хүлээн зөвшөөрөгдөх байдлаар үнэлэгддэг. Бодоход ард түмний төлөөлөл болсон УИХ-ын хамтын шийдвэрийг хэдэн шүүгчид дураараа хүчингүй болгоод сууж таарахгүй. Ингэх аваас нийгэмд мэргэжилтнүүдийн ноёрхол тогтоно. Ер нь аливаа улсад Үндсэн хуулийн шүүх нь хаягдсан улс төрчдийн цуглуулга байдаггүй. Тэр тусмаа улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг цэц рүү орохыг хориглодог. Улс төрийн сонирхолтой шийдвэр гаргаад байж магадгүй учраас тэр. Нэгэнт үндсэн хуулийн шүүхийг шүүх гэж ярьж буй бол шүүгчдэд тавьдаг шалгуураар л ордог байх ёстой.
-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цэцэд очиж өгсөн тайлбарын гол үндэслэл нь юу байв, тайлбараа сайн өгч чадсан болов уу?
-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин очсон юм байна. Тайлбарыг нь уншвал, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хангалттай тайлбар хийсэн гэж бодож байна. Уг нь яагаад эдгээр тайлбарыг үгүйсгэж байгаа юм гэдгээ цэц шийдвэртээ бичиж болно доо. Гэтэл тийм зүйл нь алга. Зүгээр л уламжлалт хэв маягаараа хэдэн хуулийн заалт ишлээд л тавьчихаж.