Латин Америкийн Чили улсын Төрийн тэргүүнийг сонгох бүх нийтийн сонгууль өнгөрсөн ням гарагт эхэлсэн. Социал намаас нэр дэвшиж буй Мишэлл Бачелет болон Нэгдсэн тусгаар ардчилсан консерватив намаас нэр дэвшиж байгаа Эвелин Маттей ширүүн өрсөлдөж байна. Өнгөрсөн ням гарагт болсон санал хураалтын үеэр нэр дэвшигч нар ялалт байгуулахад хангалттай санал аваагүй учраас хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар тус улсын сонгуулийн хороо шийдвэрлэсэн.
Латин Америкийн бүсийн орнууд Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд дуусгаж, ерөнхийлөгчийг тодруулсан байх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, Чилийн Ерөнхийлөгч ирэх сарын 15 гэхэд тодорхой болох бөгөөд тангараг өргөсөн байх юм байна. Чилийн Үндсэн хуульд зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн 50-аас дээш хувийн санал авсан тохиолдолд ялалт байгуулсанд тооцох талаар заасан байдаг.
Нэр дэвшигч нар харьцангуй тайван өрсөлдөж буй талаар хэвлэлүүд онцолж эхэлсэн байна. Учир нь 2006 оноос 2010 оны хооронд Чилийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Социал намын тэргүүн Мишелл Бачелет эхний тойргийн санал хураалтаар 46.8 хувийн дэмжлэг авсан бол өрсөлдөгч Маттей 25.1 хувийн санал авч ялагдал хүлээсэн. Тиймээс тойргийн болон мужуудын сонгуулийн хороо, хэсгийн хороо зэрэг Чилийн ихэнх хэвлэл мэдээллийн агентлагууд Мишелл Бачелетийг хоёрдугаар тойргийн санал хураалтаар хангалттай 50 гаруй хувийн санал авч, ирэх дөрвөн жилд Ерөнхийлөгчийн албыг хаших нь тодорхой гэдгийг онцолсоор байна.
Сонгуулийн ирц эхний тойрогт жаахан тааруу байсан гэдгийг хэсгийн төлөөлөгчид болон ажиглагчид тайлбарласан. Харин хоёрдугаар тойргийн санал хураалтын ирц 12.00 цагийн үед 40 гаруй хувьтай явж байгаа нь ялагч тодрох нь ойлгомжтой болжээ. Хоёрдугаар шатны санал хураалтын талаар Мишелл өөрийн жиргээндээ “Хоёрдугаар тойргийн санал хураалт санасаныг бодвол амжилттай эхэлж байна. Санал өгсөн хүн бүрийн төлөө баярлаж талархаж байна” хэмээжээ. Орчин цагийн Чили улсын хөгжлийг урагш алхам алхмаар ахиулах нь Чилийн ард түмний хүсэл мөрөөдөл гэдгийг “Сантиаго” сонинд өгсөн ярилцлагад өгүүлсэн.
Өдгөө 62 настай Мишелл өөрийн мөрийн хөтөлбөртөө татвараа багасгаж, үнэгүй боловсрол олгох талаар амлалт өгсөн. Улс төрийн болон эдийн засгийн шинэчилсэн найруулга, төсөл хэрэгжүүлэхээ амласан нь иргэдийн итгэлийг татаж байгаа бололтой. Түүний эцэг Алберто 1974 онд ерөнхий Пиночет буюу Ерөнхийлөгчийн албанд социалист үзлийг баримтлан ажиллаж байгаад зүрхний шигдээс өвчнөөр нас барсан билээ.
Харин Эвелин Маттей өөрийн мөрийн хөтөлбөртөө иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор нийгмийг өөрчлөх хэд хэдэн саналаа дэвшүүлжээ. Жишээ нь, нийтийн тээврийг үнэгүй болгох, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буруулах гэх мэт. Ажиглагчид түүний мөрийн хөтөлбөрт анхаарлаа хандуулах биш, баримталдаг үзэл санаа болон сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдын итгэлийг олж авч чадаагүй гэдгийг таамагласан.
Хатагтай Мишелл өмнө нь тус улсын 34 дахь Ерөнхийлөгч болон ялалт байгуулсныхаа дараа томоохон ялалтын парад зохион байгуулж байсан юм. Хэрэв энэ удаад тэрбээр мөн адил Ерөнхийлөгчийн албыг хаших эрхээ олж авч чадвал баярын жагсаал хийх нь лавтай. Тэрбээр Латин Америкийн “Төмөр хатагтай” хэмээн алдартай нэгэн. Чилийн Батлан хамгаалахын сайдаар 2002 оноос 2004 оны хооронд ажиллаж байсан. Мөн Эрүүл мэндийн сайдаар 2000-2002 оны хооронд тус бүр. Мөн Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээлгэн өгсөний дараа 2010-2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл НҮБ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын Ерөнхий захирлаар ажиллаж байсан алдартай нэгэн.
Чили улсын нийт хүн ам 18 сая гэж тооцогддог ч Антарктид болон арлын хэсгүүдэд нутгийн уугуул иргэд ч бий. Сонгуулийн хороо иргэдээс авсан саналаа шуурхай нийслэл хот рүү нэгтгэж байгаа талаар ч орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Ямартай ч өнөөдөр Чилийн Ерөнхийлөгч тодорхой болно. Тус улсын хувьд газрын баялаг ихтэй. Газрын тос ихтэй орнуудад зүй ёсоор тооцогддог. Австрали, БНХАУ, Шинэ Зеланд зэрэг Номхон далайгаар дамжуулан эдийн засгийн харилцаа холбоо сайн байгаа. Ирэх жилүүдэд Чилийн хувьд эдийн засгийн хөгжлийг хурдацтай болгохын тулд АНУ, Европ руу чиглэсэн бодлого шаардлагатай байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолсоор байгаа. Энэ ажлыг удахгүй тодрох шинэ Ерөнхийлөгч хэрэгжлүүлнэ гэдэгт сонгогчид найдаж байгаа талаар CNN агентлаг онцолжээ. Мөн энэ удаагийн сонгуулийн санал хураах явцад ямар нэг зөрчил гараагүй гэдгийг ч мэдээлсээр байна.
Татарстаны ерӨнхийлӨгЧийн хҮҮ Ирек Минниханов онгоцны ослоор амиа алджээ
ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах Татарстаны нийслэл Казаны нисэх буудал дээр зорчигч тээврийн онгоц осолдож 50 хүн амиа алдсан золгүй явдал болжээ. Осол уржигдар шөнө болсон ч өчигдөр хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм. Москва хотоос хөөрсөн “Боинг 737” онгоц газардах үедээ хурдаа тааруулаагүйн улмаас нисгэгч тооцоо алдан ийнхүү осолдсон байна. Нийт 44 зорчигч байсан бөгөөд онгоцны бүрэлдэхүүн зургаан хүн байжээ. Агентлагуудын мэдээлж буйгаар онгоцонд Татарстаны ерөнхийлөгчийн хүү Ирек Минниханов зорчиж явсан талаар өгүүлэв. Ажиглагчид ослыг санаатай үйлдэл байсан уу, техникийн гэмтэл, нисгэгчийн буруутай үйлдэл байсан эсэх дээр санал зөрөлдөж байгаа аж. Осол болсонтой холбогдуулан нисэх буудлын үйл ажиллагааг гурван өдөр түр хаахаар шийдвэрлэжээ. Мөрдөн байцаах, шинжилгээ авах үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин