&#34Зарим машины импортыг 2015 оноос хориглоно&#34

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

&#34Зарим машины импортыг 2015 оноос хориглоно&#34

Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг 2015 оноос хориглоно

УИХ-ын гишүүн М.Зоригт Баруун талдаа жолооны хүрд бүхий хуучин тээврийн хэрэгслийн импортыг хориглох тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж. Энэ талаар болон ирэх оны төсөв, мөнгөний бодлогын талаар түүнтэй ярилцлаа.

-Баруун талдаа жолооны хүрд бүхий хуучин тээврийн хэрэгслийн импортыг хориглох тухай УИХ-ын тогтоолын төслийг яагаад санаачлах болсон юм бэ?

-Аливаа зүйл дэг журам, ойлгомжтой байдлаас эхлэх нь зүйтэй. Монгол Улс хурдацтай, зоримог хөгжлийн замдаа орсон энэ үед бид бүх зүйлийг цэгцтэй, ойлгомжтой гараанаас эхлэх ёстой. Мэдээж манай нийгэмд олон асуудал бий. Хувь иргэн, УИХ-ын гишүүний аль аль нь засаж янзлахын төлөө явж байна. Миний хувьд ч мөн адил баруун талдаа буюу бидний хэлж заншсанаар буруу талдаа жолооны хүрдтэй машины асуудлыг олж харсан хэрэг. Энэ талаар нийгмийн харилцааны сүлжээгээр санал бодлоо хуваалцахад үнэхээр цэгцлэх шаардлагатай болсон нь мэдрэгдсэн.

Өнөөдөр манай улсын нийт суудлын автомашины 66 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байна. Монгол Улсын хууль дүрэм, “буруу талдаа” гэж нэрлэж заншталаа хүлээж авсан бидний сэтгэхүй, хүмүүжлийн үүднээс авч үзвэл энэ бол болохоо байсан үзүүлэлт. Бид жолооны хүрдийг аль нэг талд нь гаргах ёстой. Автомашины осол, зөрчлийн тоо ч үүнтэй холбоотой. Эх орондоо эрүүл саруул амьдрах боломжийг Монголын төр хангах үүрэгтэй. Манай улсын зам, тээврийн ослын тохиолдлуудаас харахад баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн жолооч ихэвчлэн гүйцэж түрүүлэх, саадыг тойрч гарах үйлдэл гүйцэтгэх явц даа осол гаргадаг юм байна.

-Яагаад баруун талдаа жолооны хүрдтэй автомашин гэж. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашин нэгэнт 66 хувьд хүрчихсэн юм бол 34 хувийг эзэлж буй зөв талдаа жолооны хүрдтэйг хориглох нь хялбар юм биш үү?

-Зөв талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглоно гэвэл хууль дүрэм, гэрэл дохио, зам гэхчилэн бүгдийг өөрчлөх ёстой болно. Тиймээс нэгэнт тогтсон зүүн талын дүрмээ баримталж, автомашиндаа зохицуулалт хийх нь зүйтэй. Тэгээд ч бидний хувьд зорчих боломж хамгийн өндөр байж болох хөрш улсууд маань мөн зүүн талдаа жолооны хүрд бүхий автомашин хэрэглэдэг.

-Дэлхийн жишиг ер нь ямархуу байдаг юм бол?

-Япон, Англи, Африкийн орнууд болон Хонконг зэрэг арлын шинж тэй, бусад улстай хуурай замаар харилцдаггүй улс орон баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг зөвшөөрдөг. Ер нь арлын хэдэн орноос бусад нь манайхтай адил зүүн талдаа жолооны хүрд бүхий автомашиныг зөвшөөрдөг. Жишээ нь, Шведэд баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг зөвшөөрдөг байсан. Гэхдээ нутаг дэвсгэрээр нь олон улс дамжин өнг өрөх үүд хаалга нээгдэж ирмэгц Швед бүс нутагтаа ганцаараа баруун талдаа жолооны хүрдтэй автомашин зөвшөөрдөг байснаа больж, зам, гэрлэн дохио, бүх дүрэм журамдаа өөрчлөлт оруулж нөгөө талд шилжсэн байдаг.

-Боломжийн үнэтэй, дээр нь чанар сайтай япон автомашин сонгосон хэрэглэгч болон энэ төрлийн автомашин импортлогчдын эсэргүүцэлтэй тулгарах байх. Үүнийг бодолцсон уу?

-Төслийн үндсэн үзэл санаа нь ердөө л цэгцлэх. Цэгцэлж байгаа нь энэ гээд баруун талдаа жолооны хүрдтэй машины эздийн эрхийг шууд зөрчих гээд байгаа юм биш. Өөрөөр хэлбэл, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс баруун талдаа жолооны хүрд бүхий хуучин тээврийн хэрэгслийн импортыг хориглох тухай ярьж байгаа юм. Үүнээс хойш Монголын хилээр энэ төрлийн авто машиныг оруулахгүй байвал асуудал аяндаа зохицуулалтад орно гэсэн үг. Энэ чиглэлээр дагнаж ажилладаг байгууллагуудад 2015 он хүртэл бэлтгэж, дасахад хангалттай хугацаа бий. Тиймээс автомашины чанар болоод үнэнд том хэлбэлзэл гарахгүй.

-Ирэх оны төсвийг та бүхэн баталлаа. 2014 оны төсвийн онцлогийн талаар асуумаар санагдлаа.

-Би 2014 оны төсвийн асуудлаар байгуулсан бүлгийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Бусад нам, эвслийн бүлгийнхэнтэй зөвшилцөж, хар бор, чимхлүүр зүйлүүдийн ард гарсан хүний хувьд хэлэхэд, УИХ дахь бүх нам, эвслийн бүлгүүд ирэх оны төсвийг санал бодол нэгдэж баталсан. Олонх тэгчихлээ гэх юм байхгүй, жижиг зүйл үлдээлгүй бүгдийг ойлголцож чадсан. Хоёрдугаарт, улс олон нийтээрээ ганц жил тэвчье, тэвчиж болж байвал цаашид ч тэвчье гэсэн төсөв болсон. Урсгал зардлыг хангалттай танасан. Мөн он дамжиж удааширдаг төсөл, арга хэмжээнүүдийг хэн нэгэнд буруу болгож, тохохоос илүүтэй хагас царцаалтын байдалтайгаар баталсан нь анх удаа гаргаж буй зарчмын том хандлага. Гэхдээ нийгмийн шинж чанартай, хойшлуулж боломгүй арга хэмжээ ч хангалттай туссан. Тухайлбал, ирэх оны төсөвт 33 сургууль барихаар тусгасан нь өмнө нь байгаагүй үзүүлэлт. Хэдийгээр мөнгө, санхүүгийн асуудал амар биш байгаа ч зайлшгүй шийдэх ёстой асуудлуудаа орхиогүй.

-Мөнгөний бодлогын хувьд?

-Ирэх жилийн төсөв, мөнгөний асуудалтай холбоотойгоор Засгийн газраас цогц асуудал орж ирсэн. Тухайлбал, нэлээд их хэмжээний ажил хийхийн тулд ДНБ-д эзлэх өрийн хэмжээг нэмэгдүүлж, 60 хувьд хүргэх асуудал орж ирсэн ч дэм жигдээгүй. Зээлийн хэмжээг 60 байтугай 70-80 хувьд ч хүргэх боломжтой. Бүтээн байгуулалтын хамаг асуудлаа шийдчихсэн Канад гэхэд л ДНБ-ийхээ 80 хувьтай тэнцэх хэмжээний зээлтэй байгаа. Ажлын байр хэдэн зуун мянгаар нэмэгдэх энэ ажлыг царцаах нь “2016 оны сонгуульд АН баахан ажил хийх нь, тэгэхээр бид сонгуульд ам жилт гаргахад хэцүү” гэсэн явцуу ашиг сонирхлын үүднээс хандсан гоомой үйлдэл. Цаашид энэ асуудлыг оруулж ирэх өөр гаргалгаа бий гэдэгт найдаж байгаа. Үр дүнд нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 1384-т барина гэж тооцоолсон. Цогцоор нь бүрэн дүүрэн дэмжсэн бол 1384 гэдэг шууд хүрчих тоо. Одоо болно, бүтнэ гэж хэлэхэд эргэлзэж байна. Тун удахгүй Эдийн засгийн хөгжлийн яам багц хуулийн төсөл оруулж ирэх ёстой. Бид цаг алдах ёсгүй. Энэ дашрамд хэлэхэд, Монголын оюутны хөдөлгөөн үүсч хөгжсөний 70 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байгаа. Миний бие Монголын оюутны холбооны хамгийн анхны оюутан ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувьд нийт оюутнууддаа 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Б.НОМИН

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж