Шүүхийн шийдвэрийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэрийг хүлээж байна

Хөвсгөлийн Засаг даргын асуудал шүүхийн шийдвэрийг хүлээж байна

-Шүүх хурал нөгөөдөр /11.21/ болох тов гарчээ-

Орон
нутгийн хурлын сонгууль болоод жил гаруйн хугацаа болчихоод байхад
аймгийн Засаг даргаа ч то­милж чадахгүй сууж бай­гаа ганц аймаг байгаа
нь Хөвсгөл билээ. Засаг даргаа томи­лох тухай тус аймгийн ИТХ-ын шийдвэр
нь Нийслэлийн захиргааны хэр­гийн шүүхийн шийдвэрийг хүлээгээд жил
орчмын хуга­цаагаар хой­шилж байгаа нь хамгийн гол гацааг үүсгэж буй.

Тиймээс
одоо Хөвсгөл аймгийг С.Батболдын Засгийн газрын үед томилогдсон Ар­­дын
намын гишүүн Л.Цэ­рэн­жав үргэлжлүүлэн удирдаж байгаа юм. Орон нутгийн
хурлын сонгуулиар Хөвсгөл аймагт ялалт байгуулсан Ар­дын намынхан
олонхиороо Л.Ганболдын нэрийг аймгийн Засаг даргад дэвшүүлж Ерөн­хий
сайдад өргөн барьсан ч Ерөнхий сайд “Төрийн алба хашиж байгаагүй” гэдэг
шалт­гаанаар гурван ч удаа буцаасан юм. Л.Ганболдын хувьд Ерөнхий сайдын
шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж энэ оны нэгдүгээр сарын
8-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Намайг Хөвсгөл аймгийн
Засаг даргаар томилуулж өгөөч” гэсэн хүсэлтийг гаргасан. Гэхдээ
Л.Ганболд өнөөдрийг хүртэл шүүх хуралд оролцоогүй байна. Өнгөрсөн
есдүгээр сард Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр зарласан хуралд
“Эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй” гэсэн тайлбарыг, эмнэлгийн
акттай өгөөд ирээгүй аж. Улмаар шүүх хурал нь хойшилж энэ сарын 14-нд
болох тов гарсан ч мөн л нэг шалтаг хэлж хойшлуулсан байна. Ямартай ч
дараагийн шүүх хурал энэ сарын 21-нд буюу нөгөөдөр 15.30 цагаас болох
тов гарчээ. Л.Ганболдын тухайд “Лидер кашмер” группын захирал бөгөөд 
аймагтаа аялал жуулчлал, ноолуур боловсруулах чиглэлээр бизнес эрхэлдэг
нэгэн. Тэрбээр Ерөнхий сайд өөрийг нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар
томилохоос татгалзсан гол тайлбар болох Монгол Улсын засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн аймгийн Засаг
дарга төрийн алба заавал хаасан байх ёстой гэсэн шаардлагыг хүлээн
зөвшөөрдөггүй. Тодруулбал, “Би төрийн алба хаасан. Засаг даргын зөвлөх
хийж байсан” гэсэн тайлбарыг өгч, энэ үндэслэлээрээ Нийслэлийн
Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Гэхдээ Хөвсгөл аймгийн ИТХ-ын
зарим төлөөлөгчийн өгч байгаа мэдээллээр Л.Ганболд  аймгийн захиргааны
удирдлагад ажиллаж байгаагүйн дээр нийгмийн даатгал төлж цалин авч
байгаагүй. Аймгийн Засаг даргын зөвлөх гэсэн албан ёсны статусгүй нэгэн
гэнэ. Ерөнхий сайд түүний талаар “Гурван ч удаа буцааж байхад нэг хүний
нэрийг ирүүлсээр байгаа нь ямар нэг ашиг сонирхол байгааг харуулж байна.
Аймаг, орон нутгийг том компаниуд хувьчилж авах гээд байна” гэсэн
утгатай тайлбар өгч байсан юм. Хөвсгөл аймгийнхан ч “Л.Ганболд
намынхнаасаа ямар нэг амлалт авсан” гэлцдэг юм билээ. 

Үүнтэй
ижил үйл явц өрнөсөн өөр нэг газар байсан нь Дорнод аймаг. Орон нутгийн
хурлын сонгуулийн дараа тус аймагт ялалт байгуулсан Ардын намынхан
аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг томилох хүсэлтээ хэд хэдэн удаа
Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн ч төрийн албанд гурван жил ажиллаагүй бол
Засаг даргад тэнцэхгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэн буцааж байсан
билээ. М.Бадамсүрэн мөн л Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол
гаргасан ч заргаа авч чадаагүй. Ингээд өнгөрсөн есдүгээр сард Дорнод
аймгийн Засаг даргаар Ц.Жанлавыг үргэлжлүүлэн томилсон юм.

Дорнод
аймагт үйл явц ингэж өрнөсөн. Энэ нь Хөвсгөл аймагт ч давтагдах
магадлалтай. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилох асуудлыг
гацаанд оруулчихаад буй Л.Ганболдод Засаг даргаар томилогдох магадлал
маш бага гэсэн үг. Тиймээс Хөвсгөл аймгийн Ардын намын хороо болон
Ардчилсан намын хорооныхон өөр өөрийнхөө хүнийг Засаг даргад дахин нэр
дэвшүүлэхээр зэхэж байгаа бололтой. Тус аймгийн Ардын намынхны хувьд
шүүхийн шийдвэр Л.Ганболдын эсрэг гарвал намын жагсаалтаар ИТХ-д гарч
ирсэн П.Отгон-Очирыг нэр дэвшүүлэхээр төлөвлөж буй гэсэн сураг байна.
Харин Ардчилсан намынхан нь Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг
гүйцэтгэгчээр ажиллаж байгаад тамгаа өгсөн Д.Амарбаясгаланг нэр
дэвшүүлэх магадлалтай байгаа ажээ. Хөвсгөл аймгийн Ардчилсан намынхан
аймгийн Засаг даргаар намынхаа гишүүнийг томилуулахад тодорхой
хэмжээгээр найдлага тавьж байж мэднэ. Тодруулбал, Монгол Улсын засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд олонхийн
суудал авсан нам ИТХ, Засаг даргын  суудлыг барина гэсэн заалт байхгүй.
Харин олонхийн санал авсан нам хүнээ ИТХ-ын болон Засаг даргад түрүүлж
нэр дэвшүүлнэ гэсэн заалт бол байгаа аж. Харин цөөнх болсон нам болон
бусад төлөөлөгч ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргад хүнээ нэр дэвшүүлэх
эрхтэй байдаг байна. Улмаар нэр дэвшүүлсэн хүмүүсээс олонхийн санал
авсныг нь Ерөнхий сайдад өргөн барих учиртай. Тус аймгийн Ардчилсан
намынхан Засаг даргад намынхаа гишүүнийг томилуулах магадлал өндөр
байгаа. Учир нь Ардын намаас ИТХ-д сонгогдсон зарим гишүүн Ардчилсан
намыг дэмжихээ илэрхийлсэн гэсэн мэдээлэл ч байна.

Дашрамд
дурьдахад, Хөвсгөл аймгийн ИТХ өнгөрсөн оны арван­хоёрдугаар сарын
29-ний өдөр хуралдсанаасаа хойш дахин хуралдаагүй байгаа аж. Хуулиараа
бол жилд хоёроос доошгүй удаа хуралдах ёстой гэсэн заалт бий. Одоо
болтол хуралдаагүй байгаа тус аймгийн ИТХ ирэх сарын 4-ний өдөр
хуралдаанаа хийхээр зар тараасан бөгөөд энэ өдөр аймгийн төсөв хэлэлцэнэ
гэж төлөвлөж байгаа аж. Харин аймгийн Засаг даргын асуудлыг 4-ний
өдрийн хурлынхаа өмнө юм уу дараа нь ээлжит бусаар хэлэлцье гэсэн санал
ИТХ-ын төлөөлөгчдийн дунд байгаа юм байна. Гол нь шүүх хурлын шийдвэрийг
харж байгаа гэдгээ ч ИТХ дахь Ардын намын гишүүд нь хэлсэн байна.
Ардчилсан намын зүгээс хурлаа хийж Засаг даргынхаа асуудлыг шийд гэж
шахаж байгаа гэсэн. Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг бүрдүүлдэг есөн
хүний зургаа нь Ардын намынх. Тэгэхээр Ардчилсан намаас хэчнээн шахаад ч
хурлыг хуралдуулах боломж байхгүй гэсэн үг.

Т.УРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж