"Оюутолгойн зардал өсөхөд Монголын талын нөлөө ч их бий"

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

"Оюутолгойн зардал өсөхөд Монголын талын нөлөө ч их бий"

"Оюутолгойн зардал өсөхөд Монголын талын нөлөө ч их бий"

Оюутолгойн орд газрыг тойрсон олон маргаанд тодорхой хариулт олох нь өнөөдрийн нөхцөл байдалд бэрхшээлтэй байгаа. Хө­рөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой аж­лын хэсэг хуралдаж буй ч мэдээлэл өгөхөөс тат­галзаж байна. Иймд “Оюу­тол­гой” ХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч асан А.Мөнх­батыг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр өн­гөрсөн найман жилийн ху­га­цаанд Оюутолгойн Мон­голын талын гүйцэтгэх удирлагыг тэргүүлэн ажил­лаж байсан бөгөөд өдгөө “INNOVA”компанийн ерөн­хий захирлыг албыг хаших болжээ.

-Та Оюутолгойн орд газ­рыг эдийн засгийн эр­гэлтэд оруулах бүх аж­лыг Монголд удирдаж, Хө­рөнгө оруулалтын гэ­рээ байгуулах хүртэл ажил­ласан. Иймд танаас энэ орд хийгээд гэрээтэй хол­боо­той олон асуултад ха­риулт авахыг зорилоо. Гэх­дээ одоогийн нөхцөл байдлаасаа үүдэн та Оюу­толгойн гэрээг хөнд­лөн­гийн нүдээр харж байгаа эсэхэд хариулт өгнө үү?
-Би ажлаа өгөөд  нэг жил орчим болсон. Анх Оюу­тол­гойн Хөрөнгө оруу­лалтын гэрээ байгуулах хэлэлцээний хоёр дахь үе шат эхлэхээс буюу 2004 оноос ажилд орж, гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Ерөнхийдөө най­ман жил “Ай­венхоу майнз”-д ажил­ласан байна. Энэ хугацаанд бүхий л ажлыг нь удирдаж, чиглүүлж байсан хүний хувьд өөрийгөө хөндлөнгийн гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ өргөдлөө өгөөд гарсан учраас өнөөдрийн байдлаар надад “Оюутолгой” ХК-тай ямар нэгэн байдлаар холбогдсон зүйл алга.

-Танаас асуух олон асуулт боловсруулсан. Зарим хүнд үүх түүхийн шинжтэй байж болох ч учир шалтгааныг нь тайлбарлуулах талаасаа танин мэдэхүйн шинжтэй асуулт ч асуух хэрэгтэй байх. Наад зах нь Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ удааширсан анхдагч хүчин зүйл нь юу болохыг тодруулахгүй юу?

-Анх 2003 онд хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээн дээр хоёр тал  “Гэрээг байгуулах хэрэгтэй” гэдэгт санал нийлсэн байдаг. Гэхдээ нэг зүйл дээр санал нийлээгүй. Тэр нь эрчим хүчний хангамжийн асуудал. Оюутолгойн хүчин чадлыг тооцсон хөрөнгө оруулагч тал “Улаанбаатараас эрчим хүчээ хангах боломжгүй юм байна” гэж үзээд хамгийн ойрын эрчим хүчний эх үүсвэрээ 80 км-ийн зайтай Хятадын нутгаас авах санал оруулсан байдаг. Үүнийг нь манайхан “Улаанбаатараас авах боломжтой. Дөрөвдүгээр цахилгаан станцаас нийлүүлнэ” гэдэг шаардлага тавиад зөрөлдсөнөөр тухайн үед Тогтвортой байдлын гэрээ байгуулж чадахгүй хоёр тийшээ болсон. Тэр үеэс хойш хоёр тал хэлэлцээ хийсээр байгаад 2009 онд дэлхийн эдийн засгийн хямралын үед байгуулсан. Хямрал зарим үед сайн талтай байдаг гэдгийн л баталгаа болсон байх. Хэрэв хямрал болоогүй бол өнөөдрийг хүртэл байгуулаагүй байж мэдэх байсан болов уу. Мэдээж тухайн үед олон даваа саад давсан. Хүнд үе дэндүү олон байсан. Манайхан Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан хүмүүсийг элдвээр хэлээд байдаг. Харин миний хувьд хажууд нь байж яриа хэлэлцээнд оролцож байсан хүний хувьд Монголын талаас Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалж ажилласан Сангийн сайд асан С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт нарт харин ч талархах хэрэгтэй. Тэд маш эх оронч үзэлтэй залуус. Тэд байсан учраас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд илүү ашигтай болж чадсан юм шүү дээ.

-Гэхдээ тэднийг олон нийтийн зүгээс “Эх орноосоо урвагч” гэж дүгнэх нь бий. Магадгүй таны нэр ч тэдний дунд орно байх?
-Гэрээг олон нийтэд маш буруугаар, буруу талаас нь тайлбарлачихсан юм. “Энэ гэрээ луйврынх болсон”, “Монгол Улсад ашиггүй гэрээ”, “Гэрээ байгуулагсад эх орноосоо урвалаа” гэх мэт лоозонгийн шинжтэй худлаа мэдээлэл цацсан. Уг нь энэ мэт үгийг хэлдэг хүмүүс нь тун цөөхөн. Би бол харин ч эсрэгээрээ тэднийг өөрсдийг нь эх оронч бус гэж үздэг.

-Яагаад вэ. Таны эсрэг үзэл баримтлалтай болохоор нь тэгж дүгнээгүй нь лавтай. Бодит үндэслэл юу вэ. Мэдээж таны харж байгаагаар?

-Тийм юм байхгүй. Энэ гэрээ байгаагүй бол 2009 оны хямралыг Монгол Улс яаж давах байсан юм бэ. Гэрээг байгуулсан учраас л манай улс дэлхийн эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулсан. 2013 оны хувьд ч адилхан. Энэ гэрээг байгууллаа гээд Монголд ямар ч өр нэмэгдээгүй. Өнөөдөр Монголын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Энэ бол харин өр. Тэр өрийг Монгол Улсын төсвөөс төлнө. Оюутолгойн гэрээ байгуулснаар үүн шиг ямар ч өр Монголын Засгийн газарт үүсээгүй. Оюутолгойн ордын зардал өслөө. Энэ нь манайд өр болно гээд байна. Тийм юм байхгүй. Оюутолгойг ашиглалтад оруулахад манайхаас нэг ч төгрөг гарахгүй. Ашиггүй боллоо гэсэн ч бид өрөнд орохгүй. Бодит нөхцөл байдал ийм байхад бүх асуудлыг муйхраар, сохроор эс бол хүчээр тулган ойлгуулж, муухайгаар харагдуулах ямар хэрэг байна. Хэрэв энэ худлаа эх орончид байгаагүй бол Оюутолгойн гэрээ 2009 оноос өмнө байгуулагдаад эдийн засгийн хямралаас өмнө үйл ажиллагаа нь жигдрэх байсан. Би энэ утгаар нь тэднийг хэзээ ч эх орончид гэж хэлж чадахгүй. Үнэн шүү.

-Гэхдээ саяхан Оюутолгойн хөрөнгө оруулагчид манайд зээл­сэн 250 сая ам.доллараа нэхсэн. Эндээс эхлээд “Хөрөнгө оруулагчид биднийг өөрсдийнхөө өмнө өрөнд оруулаад, том дуугарсан үед дарамталж байна. Тэднийг ингэж давруулж болохгүй” гэх эсэргүүцэл дахиад л өрнөх шиг болсон?

-Монголын Засгийн газар өөрсдөө гуйж авсан юм чинь төлөлгүй яахав дээ. “Рио Тинто” групп “Бид танайд мөнгө зээлнэ” гэж хэлж зээлээгүй. Тухайн үеийн Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж мөнгө зээлсэн. Энэ зээлийг гэрээгээр баталж, манай Засгийн газар “Төлнө” гэж үүрэг хүлээсэн. Тэгсэн атлаа мөнгөө төлөх болохоор “Энэ оны төсөвт тусгаагүй” гэдэг. Ингэж болохгүй. Гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хоёр тал хоёулаа үнэнч байх ёстой. Тэгж чадахгүй бол гэрээ байгуулах ямар хэрэг байна. Тийм биз дээ.

-Хөрөнгө оруулагч талын зүгээс энэ зээлийн төлөх хугацааг хойшлуулах замаар Монголын Засгийн газраар зээлжих эрхээ нээлгэх ёстой байсан юм биш үү. Нэгэнт далд уурхайн санхүүжилтийг зээлж олохоос хойш хэн хэндээ нааштай хандах харилцааг яагаад санал болгож болохгүй гэж. Энэ хэтэрхий энгийн бас явуургүй санаа байж болох ч “Бизнес бол наймаа” гэдэг талаас нь харвал бас л байж болох хувилбар шүү дээ?
-Яалаа гэж. Хэрэв далд уурхайг ашиглалтад оруулахгүй байсан бол энд ямар ч хөрөнгө оруулагч ажиллахгүй байсан. Далд уурхайг ашиглалтад оруулснаар хөрөнгө оруулагч тал зардлаа нөхөж, ашгаа авч, манай талд ноогдох ёстой ашгийг өгнө. Үүний тулд санхүүжилт олохоор олон улсын банк санхүүгийн байгууллагатай яриа хэлэлцээ хийгээд эхлэхээр манай тал боломж бололцоог нь хаачихаад байна. Ингэж болохгүй. Нэгэнт дэлхий нийтээрээ хямралтай байгаа хүнд ийм үед “Рио Тинто” ч гэсэн их хүнд байгаа. Тэднийг хямрал тойроогүй. Дэлхийн бүх уул уурхайн компанийг хямрал нэрвэсэн. Том компанид бол бүр ч хүнд тусч байгаа. “Рио Тинто” хямралтай холбоотойгоор олон  тооны уурхайгаа хааж борлуулж олсон орлогоороо Оюутолгойд гол хөрөнгө оруулалтаа оруулж байна. Бид энэ бэрхшээлийг ойлгох ёстой. Учир нь Оюутолгойн орд дээр Монголын Засгийн газар, “Рио Тинто” хоёр нэг тал байхгүй юу. Ер нь бол бизнес эрхэлж байгаа ямар ч компани үндсэн хөрөнгөөрөө шинэ төслийг санхүүжүүлдэггүй. Үндсэн хөрөнгөө хадгалаад бусад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг зээлийн журмаар хөшүүрэг болгож бүрдүүлдэг. Энэ бол бизнесийн зарчим. Тэгээд ч Монголын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаж, өр тавиад болоод байдаг. Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч талдаа зээл авах эрх олгохгүй байна гэдэг чинь шударга бус биз дээ. Гол түншийнхээ зээл авах эрхийг нээхгүй байснаараа зөвхөн “Рио Тинто” бус Монгол Улс ч бас хохирол амсах байхгүй юу. Тэгэхэд манайхан бодит нөхцөл байдлыг ойлгохгүй улс төр хийгээд байдаг.

-Танаас дахиад л таамаг, хардлагын тухай асуух нь байна. “Оюутолгойн нэрийг барьж эхний удаад дөрвөн тэрбум ам.доллар зээлчихээд түүнийхээ талаар нь бусад ордоо санхүүжүүлнэ. Үлдсэн хэсгийг нь оффшор данс ашиглан техник, тоног төхөөрөмж болгон оруулж ирэх маягаар мөнгө угааж магад” гэсэн сэрэмжлүүлэг гарч байгаа?

-Юу гэж тийм юм байх вэ дээ. Залхмаар олон хардлага сэрдлэгээ манайхан одоо болих хэрэгтэй шүү дээ. “Рио Тинто” бол дэлхийн нэр хүндтэй компани. Дэлхийд уул уурхайн бүтээн байгуулалтаараа гуравт ордог компани. Ийм компани санхүүгийн луйвар хийдэггүй юм.

-Баталгаа нь хаа байна. Бодит тайлбар нь юу юм бэ?

-Өнөөдрийн байдлаар Монголд оруулчихаад байгаа долоон тэрбум ам.доллар баталгаа нь болно биз дээ. Энд ажиллаж байгаа “Рио Тинто”-гийн ажилтнууд ч тэдний баталгаа. Гол нь “Оюутолгой” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл байна. Энэ бол хамгийн гол баталгаа нь. Өөр ямар баталгаа байх ёстой юм бэ. Хэрвээ “Рио Тинто” Монгол Улсын хуулийг зөрчих юм бол тусгай зөвшөөрлийг нь цуцалчихна шүү дээ. Ийм нөхцөл байдалд тэд орохыг хүсэхгүй нь тодорхой учраас хууль зөрчихгүй гэсэн үг. Манайхан оффшор данс гэхээр нэг их айх юм. “Луйвар хийх нь” гээд.

-УИХ-ын гишүүн С.Баярцогт л хашраачих шиг боллоо?

-Тийм биш ээ. Би харин ч С.Баярцогт, Д.Зоригт хоёрыг жинхэнэ эх орончид гэж боддог. Тэд Монголын талын үр шимийг нэмэхийн тулд олон шөнө нойргүй хоносон. Түүнийх нь хүчинд энэ гэрээ Монголын талд ашигтай болж чадсан. Би үүнийг хаана ч хэлнэ. Оффшор дансны тухайд хөрөнгө оруулагч тал манайхаас олсон ашгаа тийш нь шилжүүлэхэд манайд ямар ч алдагдалгүй. Манайд харин ч ашигтай. Бодоод үз дээ. Өнөөдөр баяжмал зарлаа. Тэр баяжмалынх нь хэмжээг манайх хянах бүрэн боломжтой. Алт биш учраас зэсийн баяжмалын хэмжээг хянахад ямар ч асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл ашгийг нь бүрэн тооцоолох боломжтой гэсэн үг. Тэндээс олсон орлогоо хөрөнгө оруулагч тал оффшор бүсэд аваачих нь харин ч ашигтай. Хэрэв тэд ноогдол ашгаа Англи юмуу, Америкт аваачвал 30-40 хувийг нь татварт өгнө. Энэ тохиолдолд Оюутолгойд өргөтгөл хийх болоход сая доллар хэрэгтэй боллоо гэж бод. Тэгэхэд оффшор бүсэд аваачсан сая ам.доллар нь тэр чигээрээ манайд ороод ирнэ. Харин Англи, АНУ-д хадгалуулсан сая доллар 600 мянган доллар болоод хасагдаад орж ирнэ. Тэгэхээр манайд аль нь ашигтай байна вэ. Хөрөнгө оруулагч тал оффшор бүсэд мөнгөө гаргасан нь зөв байгаа биз дээ. Бодит тооцоо нь энэ байхгүй юу. Иймд манайхаас олсон орлогоо оффшор бүсэд аваачиж байгаад харин ч баярлах ёстой. Айх хэрэггүй. Харин манайд төлөх ёстой татвараа төлөхгүй зугтчихаад оффшор бүсэд аваачиж нуусан бол асуудал юм.

-Та Оюутолгойн анхны санхүүжилтийг зарцуулж дуусах хугацаанд хөрөнгө оруулалтынх нь зардлыг хянаж, танаж, нэмж байсан л байх. Энэ утгаараа одоогийн үндэслэлгүй нэмсэн гэгдээд байгаа хоёр ч тэрбум ам.долларын тухай бодит тайлбарыг нь өгөхгүй юу?
-Зардал өссөнд зөвхөн хөрөнгө оруулагч тал гэхээс илүүтэй манайхны буруу үйл ажиллагаа бас их нөлөөлсөн байдаг юм. Ерөнхийд нь тоймлож хэлбэл дөрвөн үндэслэл бий.

-Тухай бүрт нь тайлбарлаж хэлбэл илүү ойлгомжтой болох болов уу?

-Тэгж болно л доо. Нэгд үйлдвэрийн хүчин чадал, өгөгдөхүүн нь анх Техник, эдийн засгийн үндэслэл батлагдаж байх үеийнхээс маш их өөрчлөгдсөн. “Айвенхоу майнз” компанийнхан “Рио Тинто”-г орж ирэхээс өмнө банк санхүүгийн байгууллагад зориулаад “Оюутолгойн уурхайг хөгжүүлэх цогцолбор төлөвлөгөө” гэдгийг боловсруулсан байдаг. Түүнийгээ Монголын Засгийн газрыг “Та нар Техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад аваад ир” гэхээр нь монголчуудаар хөрвүүлүүлээд өгсөн юм билээ. Түүнийг нь ШУТИС-ийн багш нар, уул уурхайн эдийн засагч гэсэн хэдэн шижигнэсэн, өрнөдийн орнуудад боловсрол эзэмшсэн залуучууд орчуулсан.Дээр нь өрнөдийн оронд манайх шиг Техник, эдийн засгийн үндэслэл гэж байдаггүй учраас аль, аль нь буруу ойлголцсон гэж болно. Шууд Монголын талын шаардлагад нийцүүлээд ерөнхийд нь Техник, эдийн засгийн үндэслэл болгоод буулгачихсан. Ингэхээр чинь тэнд дурдсан 5,4 тэрбум ам.доллар чинь ерөнхийдөө бодит амьдралаас зөр­чихөж байгаа юм. Хоёр дахь  үндэслэл нь дэлхий даяар ижил төрлийн уурхайн зардал нэмэгдсэн явдал. Зарим уурхайнх  бүр хоёр дахин өссөн. Өөрөөр хэлбэл 2006 онд зэсийн үнэ хамгийн өндөрт хүрсэн. Түүнээс үүдэн зэсийн уурхайнууд бүгд хүчин чадлаа нэмсэн. Бүх уурхайнууд хүчин чадлаа нэмэгдүүлэхээр тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид үнээ нэмчихэж байгаа юм. Тэр чинээгээр зардал нь  өссөн байгаа. Ерөөсөө зөвхөн “Оюутолгой” компанийн зардал өсөөгүй байхгүй юу. Зүгээр энгийн жишээг хар л даа. Монголд нэг км замыг өмнө нь зуун сая төгрөгөөр барьдаг байсан бол одоо бараг 500 сая болчихлоо. Барилга байна.

Нэг метр.квадратыг нь 200-300 доллараар барьдаг байсан бол одоо бараг сая төгрөгт хүрчихлээ. Өөрийнх нь өртөг ингэж 2-3 дахин нэмэгдсэн. Монголд зардал ингэж нэмэгдэж болоод байхад яагаад энд үйл ажиллагаа явуулах гэж буй хөрөнгө оруулагчийн зардал 30-40 хувиар өсч болохгүй гэж. Ийм шударга бус хандаж болохгүй биз дээ. Үүнийг зах зээлийн хүчин зүйл гэдгээр тайлбарлахаас өөр аргагүй. Нөхцөл байдал нь ийм байхад “Та нар зардлаа нэмлээ” гээд загнаад байна. “Рио Тинто” группын хувьд гэхэд Австрали, Чили, Канад гээд олон оронд ажилладаг уурхайнуудынх нь зардал хэтрээд байгаа. Ямар сайндаа “Олимпик Дам” гээд дэлхийд хамгийн томд орох уурхайнхаа өргөтгөлийн бүтээн байгуулалтыг царцаах вэ дээ.Зөвхөн Оюутолгойд хөрөнгө оруулалт хийх боломжоо нэмэгдүүлэхийн тулд олон уурхайгаа зарлаа. Манайх энэ тохиолдолд түншээ дэмжих хэрэгтэй.  Одоогийнх шиг хямд өртөгтэй зээл авах гэхэд нь “Үгүй” гээд бул чулуу болоод тэгнэж хэвтээд байж болохгүй.

-Зардал өсөх дараагийн хоёр шалтгаан нь?
-Гурав дахь нь монголчууд өөрсдөө зардал өсөх нөхцлийг удаа дараа үүсгэсэн. Хойшдоо ч гэсэн тэгнэ байх. Дандаа тэгдэг. Наад зах нь 2009 онд УИХ-ын нэг гишүүн санал гаргаад тухайн үед уул уурхайн компаниудийг НӨАТ-аас чөлөөлөгддөг байсан заалтыг хуулинд өөрчлөлт оруулах замаар долоо хоногийн дотор авч хаясан. Түүнээс болоод Оюутолгойн төслийн өртөг 400 сая ам.доллараар өссөн. Хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэдгийн 400 сая доллар нь түүнээс болсон. Мөн 2007 онд гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг Мэргэжлийн хяналтын нэг байцаагч очоод “Та нар босоо амныхаа бүтээн байгуулалтын ажлыг зогсоо. Манайх босоо амны  стандартгүй” гэж хэлээд зогсоосон. Түүнээс болоод 1500 монгол хүнийг ажлаас нь халж байсан. Нэг хүнийх нь ард 3-4 хүн байгаа гэж үзвэл 5000 гаруй хүний амьжиргааг жирийн нэг байцаагч шууд тасалдуулсан гэсэн үг. Тэдний халах тушаалд гарын үсэг зурахдаа би маш их шоконд орж байсан. Стрессдэж, сэтгэл санааны хүнд байдалд орсон. “Би яалаа гэж энэ хүмүүсийг ажлаас нь халж байгаа юм бэ” гэж бодохоор үнэхээр хүнд байсан. Тухайн үед дэлхий даяар эдийн засгийн хямрал газар авчихсан байсныг хэлэх үү амьдралаа залгуулахад тийм ч амаргүй байсан юм. Яах вэ, барууны компани учраас гурван сарынх нь тэтгэмжийг өгсөн л дөө. Гэхдээ л амар биш байхгүй юу. Сүүлд 2011 онд байна. Далд уурхайн босоо аманд бага хэмжээний гал гарахад “Энд гал гарсан тул та нар наад барилгаа нураа” гэж байгаа юм. Тэр олон зуун сая ам.долларын санхүүжилт орсон барилгыг нураана гэвэл юу болох вэ. Түүнээс нь болоод босоо амын ажлыг хагас жил орчим зогсоосон. Ингэж манайхан Оюутолгойн төслийн өртгийг нэмээд байгаа юм. Өмнө нь хоёр жил орчим зогсоосон. Дээрээс нь манайхан “Айвенхоу майнз”-ийг жижиг компани гэж голсон. “Та нар жараахай байна. Луйварчид байна” гэж байгаад гаргасан. Оронд нь “Рио Тинто”  групп орж  ирсэн. Том компани  орж ирнэ гэдэг зардал нь илүү том  болно гэсэн үг. Зөвхөн аюулгүй байдлын стандарт, шаардлага нь гэхэд их өндөр. Ядаж л харилцаа холбооных нь зардлыг “Айвенхоу майнз”-тай зүйрлэх аргагүй өндөр. Гадаадаас мэргэжилтэн авчирлаа гэхэд тэр хүний томилолт, нислэг, ахуй хангамж нь хамаагүй өндөр болдог. Хяналтынх нь зардал бол бүр ч их. Том компанийн хяналтын зардал дэндүү өндөр байдаг. Ерөөсөө стандарт нь тэр байхгүй юу. Энэ бүхнийг манайхан ойлгодоггүй. Ойлгохын оронд “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна” гэж зүтгээд байна шүү дээ. Монголын тал 2009 онд гуравны нэг хувийн эзэмшилтэй болоод ТУЗ-ийн төлөөлөлтэй болсон. Өөрөөр хэлвэл хувьцаа эзэмшигчийн хувьд үйл ажиллагаанд 2010 оноос оролцдог, мэдээлэл авдаг, төсвийг нь батлалцдаг болсон гэсэн үг. Тэгж төсвийг нь батлалцдаг, гүйцэтгэлд нь хяналт тавилцдаг болж явж байснаа гэнэт 2012-2013 онд “Та нар төсөв хэтрүүлсэн байна. Бид нар зардлыг чинь хуваалцахгүй” гэсэн үг, хэл гаргаж байгаа чинь хүнээр аваад үзвэл хуншгүй загнаж байгаа хэрэг.

-Яг үнэндээ хөрөнгө оруулагч тал ч гэсэн өөрсдийнхөө зүгээс зардал өссөн шалтгааныг ийм бодитоор тайлбарлаж байсныг би хувьдаа санахгүй байна. Энэ нь тэдний алдаа байх. Нөгөө талдаа тухайн үед гэрээг байгуулсан Монголын талын сайдууд, тэр бүү хэл Ерөнхий сайд асан С.Баяр хүртэл “Бид гэрээг байгуулсан. Явцын дунд сайжруулах үүрэг нь тухайн үеийн төр, засгийн удирдлагуудад бий” гэдэг тайлбарыг хийдэг шүү дээ. Тэд ингэж хэлж байхад жирийн иргэд болоод нэр бүхий УИХ-ын гишүүд өөрийн тань хэлсэн өөрчлөх, сайжруулах тухай шаардлагыг тавих нь зөв л дөө?

-Анзаараад байхад манайхан нэг зүйлийг ойлгохгүй байна.

-Юуг тэр вэ?
-Хэлэлцээ, хэлэлцээр хоёрыг нэг зүйл гэж бодоод байна. Тийм биш шүү дээ. Энэ бол хоёр өөр ойлголт. Гэтэл манайхан ОюутолгойнХөрөнгө оруулалтын гэрээн дээр энэ хоёрыг хольчихсон. Хэлэлцээ гэдэг бол яриа хэлэлцээний үеийг хэлдэг. Харин хэлэлцээр гэхээр батлагдаад, асуудал эцэслэн шийдэгдсэн гэрээ хэлэлцээрийг хэлдэг. Гэтэл манайхан энэ хоёрыг холиод хэлэлцээрийг цаг үргэлж нэмж, өөрчлөөд, шинэчлээд байдаг гэж ойлгоод байна.

-Гэхдээ байгуулсан хүмүүсийнх нь тайлбарыг би сая танд хэллээ шүү дээ?
-“Рио Тинто” бол гучин жилийн хугацаатай Монголын Засгийн газартай гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Үүнийгээ өөрчлөхгүй гээд сууж байгаа. Гэтэл Монголын Засгийн газар “Манай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа” гэдэг утгаараа “Гэрээг өөрчилнө” гэж дарамтлаад үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Өөр хуулиа барьдаг улсад ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Манайхан энэ гэрээг олон улсын түвшинд сайтар хянаж, судалж үзэх ёстой. Тэгж байж энэ гэрээнд дүн тавих хэрэгтэй. Тэгэхгүй өөрийнхөө гуу жалганд олж авсан мэдээллээрээ гэрээг дүгнээд байж болохгүй.Хэрвээ өөрсдөө харьцуулж судалж чадахгүй байгаа бол Дэлхийн банк, ОУВС- д ч юмуу хүсэлт тавиад бусад орны уурхайнуудтай харьцуулсан судалгаа хийлгэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол хэдэн популист УИХ-ын гишүүн гарч ирээд Засгийн газрын өмнөөс яриа хэлэлцээ хийх гээд давхиад байж болохгүй. Ядаж л гадаадын хүмүүсийн нүдэнд муухай харагдаж байгаагаа ойлгохгүй байгаа юм. Уг нь уул уурхайн салбарын томоохон төслүүдэд төрийн оролцоо, үр ашгийг нэмэгдүүлэх боломж нь татвар, эзэмшлээс гадна дэд бүтцээр хангаж төлбөр хураамж авах замаар үр ашигт нь оролцох юм. Цахилгаан станц, дамжуулах шугам, авто болон төмөр замыг нь барьж өгчихөөд төлбөрийг нь саагаад сууж байвал соёлтой бөгөөд үр дүнтэй. Гэтэл манайд тэр чиглэлээр нь ажил дорвитой хийгдсэнгүй. Одооноос л жаахан оролцох чиглэлээр ажиллаж эхэлж байх шиг байна.

-Оюутолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээг эсэргүүцэн жагсч байсан хүмүүсийн зүгээс “Бид байсан тулдаа энэ гэрээ өдий дайтай батлагдсан. Бид байгаагүй бол Монголын баялгийг үнэгүй ачаад гарчих байсан юм” гэх нь бий. Та тэдэнтэй хөрөнгө оруулагч талын өмнөөс хэлэлцээ хийж, уулзаж ярилцаж байсан хүний хувьд  гавьяаг нь бодитоор үнэлэх үү. Ер нь энэ гэрээний явцад тэдний гавьяа гэж байсан уу?

-Ойлгож ярьдаг байсан юм болов уу даа. Би сайн мэдэхгүй байна. Олонх нь Оюутолгойгоор дамжуулан улс төр хийж байгаад төрд орох зорилготой байсан байна л гэж би хардаг. Тухайн үед ч тийм байсан. Өнөөдөр ч тийм л байгаа. Тухайн үед явж байсан олон хүн өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон явж байна. Хүн болгон л харж байгаа. Тэгчихээд одоо хүртэл орилоод байна. Хэрэв тэр хүмүүс өөрсдөө судалж хүчирдэггүй юм бол олон улсад хандах хэрэгтэй. Тэгтэл тэтгэвэрт гарчихсан хөгшид “Эрдэнэт”-тэй харьцуулаад баахан юм яриад байдаг. Хоёр огт өөр жишээ байхад шүү дээ. Тэгсэн хэрнээ англиар анхан шатны ч мэдлэггүй байх жишээтэй. Хүн бас тийм хариуцлагагүй, хий хоосон шоудагч байж болохгүй.  Оюутолгойн гэ­рээний үйл явц гэдэг бол үнэ цэнийг хэрхэн ямар харьцаагаар хуваах талаар л яриа хэлэлцээ болсон.Тэгэхэд “50:50” гэдэг хөдөлгөөн хүртэл байгуулагдаж байсан. Гавьяат эдийн засагч гээд нам солиод явдаг нэг хүн байдаг даа. Тэр хүн 50 байтугай хувийг нь Монголын тал хүртэх юм байна гэдгийг ойлгоод одоо чимээгүй болчихсныг харж байгаа биз дээ. Энэ бүхнийг одоо мартчихаад “Оюутолгойн гэрээг авилга авч байгуулсан” гэж яриад байгаа болохоос биш. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулж үйл ажиллагаа  явуулахад  их хүнд.  Пиар-ийг нь дийлдэггүй юм. Дандаа гадаадын хүмүүст хариуцуулчихаар тэд Монголын нөхцөл арга барилд зохицож ажиллаж чаддаггүй юм билээ. Оюутолгойгоос гадна “Бороо Гоулд”, “Арева”, “Хөшөөт”, газрын тос, занар гээд л олон жишээ байна.”Монголд хөрөнгө оруул” гэж урьж залж уриалж авчирчихаад, ирсэн хойно нь боомилж алчих гээд, болж өгвөл төсөл хөрөнгийг нь булааж авчих гээд байгаа юм шиг харагддаг.

-Та үнэнээр нь хариулаарай. Тэднийг эсэргүүцэл зарлах бүрт “Мөнгөний төлөө” гэх дүгнэлт мэр сэр гардаг байсан. Жагсагчдын дунд байсан шиг хэвлэлд бичиж танайхаас мөнгө нэхэх тохиолдол гарч байв уу?

-Зарим нь мөнгө нэхэж явж байгаад буу шийдэмдээ хүрээд сая шоронд орлоо шүү дээ. Тухайн үед сурсан зангаа л гаргаж байгаа байхгүй юу. Иргэний хөдөлгөөний гаралтай, гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд орилоод байдаг хуурамч эх оронч хүмүүсийн олонхи нь өөрсдөө бүтээн байгуулалтыг хийж үзээгүй, нэг ч ажлын байр бий болгож үзээгүй шахам хүмүүс байдаг юм.

-Тэгэхээр мөнгө нэхдэг байсан байх нь ээ?
-Тийм тохиолдол гардаг байсан.

-Тэгээд яаж зохицуулдаг байв?

-Оюутолгойн зүгээс хувь хүн, албан байгууллагад нэг ч төгрөг өгч байгаагүй. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компанийн хувиар хуулийн дагуу асуудалд хариуцлага хүлээж ханддаг байсан. Хэвлэлээр зөвхөн жагсагчид ч бус Ерөнхий сайд асан С.Баяр болон хэлэлцээрт оролцсон сайдуудад сая, сая ам.доллар өгсөн тухай бичсэн. Биднийг авлига өгсөн гэж гүтгэдэг. Би энэ хэлэлцээнд эхнээс нь дуустал нь оролцсон хүний хувьд зуун хувь баталгаа өгч чадна. Монголчууд өөрсдийнхөө хэмжээнд сэтгээд ингэж харддаг. Хэрэв тэгсэн бол Оюутолгойн зөвшөөрлийг аль хэдийнэ булааж авах байсан. Анх Оюутолгойг эсэргүүцэж гарч ирсэн нэг улстөрч надад “Оюутолгой Монголд байгаа юм чинь наад хөрөнгө оруулагчдыг чинь хөөгөөд гаргачихъя. Таван тэрбум ам.доллар хэрэгтэй л гэх юм. Монголын мянган бизнес эрхлэгчид тус бүртээ тав, таван сая ам.доллар гаргачихад наад уурхайг чинь нээчихнэ. Ядах юм алга. Өөрсдөө авчихъя” гэж хэлж л байсан. Тийм юм ярьдаг улстөрчид байж л байсан юм даа.

-Та ямар хариулт өгсөн бэ?

-“Тийм юм байхгүй ээ. Олон улсад нэр хүндтэй гадаадын компани ороод ирвэл манай улсын аюулгүй байдалд баталгаа болж чадна” гэж хэлж байсан. Би өөрөө олон улсын харилцаагаар сургууль төгсч гадаад харилцааны албанд олон жил ажилласан хүн. Би Монгол Улсад үнэнч байна гэж тангараг өргөсөн. Гадаад харилцаа чинь цэргийн албатай адилхан тусгай алба байхгүй юу. Би хэзээ ч тэр тангаргаасаа буцаагүй.

-Гэхдээ та хөрөнгө оруулагч талыг төлөөлж ажиллаж байсан. Энэ утгаараа Монголын эрх ашиг хийгээд хөрөнгө оруулагчийн хүсэл сонирхол хоёрын зөрчил дунд танд эргэлзэх үе байсан уу?
-Хувь хүний дотоодод зөрчил гарах үе байлгүй яах вэ. Гэхдээ би Монгол Улсын эдийн засаг нээлттэй байх тусмаа улс орны маань аюулгүй байдал баталгаатай болно гэсэн суурь итгэл үнэмшилтэй хүн. Гадаад харилцааны мэргэжилтнийхээ зэ­рэгцээ эдийн засагч мэргэжилтэй. Дэлхийн банканд ажиллаж байлаа. Банкны гүйцэтгэх захирал ч хийж байсан. Энэ утгаараа би “Монголд юу ашигтай вэ” гэдгийг сайн мэднэ. Тэр утгаараа “Монголын талд ашигтай байх ёстой. Энэ төсөл хэрэгжвэл Монголд ашигтай” гэдэг итгэл үнэмшлээр ажилласан. Би одоо ч гэсэн тэр итгэл үнэмшилдээ үнэнч байгаа. Хэдийгээр өнгөрсөн оноос эхэлж “Оюутолгой” ком­паниас явсан ч гэсэн  Монголын   ирээдүй хойч үеийг  тэжээх   бо­ломж  бололцоо нь энэ ордод  бай­­гаа  учраас  би өөрийнхөө итгэл үнэмшлээс урвахгүй. Өнөө­дөр жишээ нь манайхан хө­рөнгө оруулагчдыг хөөгөөд явуул­чих­лаа. Ганц хөрөнгө оруулсан ком­панийнхаа үйл ажиллагааг нь зогсоогоод, санхүүжилт олох эрхийг нь хаагаад цаг үргэлж гэрээг нь өөрчилнө гэж загнаад байхаар бусад хөрөнгө оруулагчид нь гараад явчихлаа. Бод доо, энэ оны гуравдугаар сард Мьянмарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болсон. Тэнд 40 гаруй компани оролцсоны 28 нь Монголд үйл ажиллагаагаа зогсоож, салбараа татан буулгасан компани байсан. Энэ чинь асуудал биз дээ. Тэд бүгд “Монголд ажиллахад хэцүү болчихлоо” гэж байсан. Салбар хариуцсан яамных нь нөлөө бүхий хүн гэхэд Зүүн өмнөд Азид уул уурхайн чиглэлээр компани байгуулах гээд явж байна шүү дээ. Нөхцөл байдал ийм л байгаа. Одоо яригдаж байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл байна. Хөрөнгө оруулагчдыг үргээгээд дуусах төсөл боловсруулчихаад түүнийгээ “Сайн төсөл” гэж яриад байна. Манайх ингэж болохгүй. Хө­рөнгө оруулагч зугтахаар мөнгө зугтдаг гэдгийг ойлгохгүй байгаад би хувьдаа маш их гайхаж байгаа.

-“Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дамжуулан Монголын баялгийг хянаж, хөрөнгө оруулагчдын хэт даварсан үйл ажиллагааг хязгаарлана” гэдэг тайлбар яваад байгааг та лав анзаарсан байх?

-Манайхан буруу асуудал дэвшүүлээд түүнийгээ ард түмэнд буруугаар тайлбарлаж, буруу зүйлдээ итгүүлээд байдаг юм. Наадхи чинь түүнийх нь нэг илэрхийлэл. Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулбал хайгуулын ажлыг хийх боломжоор хангаж өгөх хэрэгтэй.Хайгуулын лицензийг шилжүүлдэг боломжийг хангаж нээж өгөх хэрэгтэй. Энэ салбарт том нь жижгийгээ залгидаг бичигдээгүй хууль үйлчилддэг. Манайхан түүнээс нь хэрвээ ашиг олсон бол татвараа л аваад явах хэрэгтэй болохоос тэр шилжилт хөдөлгөөнийг нь шууд хааж, боож болохгүй. Харин хайгуулын зөвшөөрлийг ашиглалтынх болгож хөрвүүлэх үед төрийн оролцоо байх эсэх, татварын хувь хэмжээ, дэд бүтэц гэх мэт асуудлуудаа ярьж авмаар байгаа юм.  “Эскондида”-гийн зөвшөөрлийн эзэмшил гэхэд л ашиглалт эхлэхээс өмнө есөн удаа солигдож байсан гэдэг. Оюутолгой гэхэд л дөрвөн удаа солигдлоо шүү дээ.Тийм болохоор энд гох дэгээ тавилгүй харин ч дэмжээд өгмөөр байгаа юм. Гэтэл манайд хувийн атаархалаар л хандаад байх юм. Нэг хэсэг бүгдээрээ уурхайчид болцгоосон. Одоо энэ салбар бэрхшээлтэй учраад ирэхээр буцаад дүрвэцгээж байна.Өрсөлдөх чадвараа дээшлүүлье гэдэг үг төр засгийн удирдлагын амнаас ч гарахаа болилоо.Эдийн засгийн өсөлтийн удаашралыг хохирол багатай давах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах хамгийн бага эрсдэлтэй арга чинь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах шүү дээ.

-Тэгвэл Оюутолгойн ордод “Айвенхоу майнз” ажиллаж эхэлснээр Монголд хэр хэмжээний ам.доллар орж ирэв. Нарийн биш юм гэхэд багцаа тоо танд байгаа л байх даа?
-Ойролцоогоор тухайн үедээ лав 13-14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Муу хэлээд л байдаг нөгөө муу Фрийдланд чинь Монголыг дэлхийд сурталчилсан байхгүй юу. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын хийж чаддаггүй ажлыг Фрийдланд ганцаараа хийдэг байсан юм. “Монгол бол ирээдүйтэй орон. Монголд хөрөнгө оруулбал ашигтай. Монголд баялаг бий” гэснийх нь хүчинд дээр хэлсэн 13-14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд шууд орж ирсэн. Түүнийх нь хүчинд Улаанбаатар хотын энэ сайхан өндөр, өндөр барилгууд чинь баригдсан. Зах зээл тэлж, эдийн засгийн чадавхи өссөн. Үүнийг манайхан ойлгоогүй. Ойлгохыг ч хүсээгүй.

-Фрийдландыг магтах цөөхөн монголчуудын нэг нь та байх. Учир нь түүнийг “Хорт Боб” гэдгээр гоочлох нь их шүү дээ?

-Фрийдландыг манайхан зөндөө муулсан. Уг нь хувь хүнийхээ хувьд тийм муу хүн биш шүү дээ. Монголд орж ирэхдээ л тэрбумтан болчихсон байсан хүн. Оюутолгойгоос Фрийдландын олсон ашиг нь их биш. Бага шүү дээ. “Айвенхоу майнз”компанийн 100 сая ширхэг хувьцаатай байсан. Түүнийгээ зараагүй байж байгаад сая энэ оны дөрөвдүгээр сард хамгийн бага ханштай байхад нь буюу дөрвөн ам.доллар гаруй дээр буух үед нь 50 сая ширхэг хувьцаагаа зарсан. Гэтэл энэ хувьцаа чинь 30 орчим ам.долларт хүрч байсан үе бас бий.

-Хувь хүнийх нь тухайд та уулзаж ярилцаж байсан хүний хувьд дүгнэхэд Оюутолгойн ордод хэр их итгэл, найдвар тавьж байсан юм бол?
-Анх надтай уулзахдаа “Би насан туршдаа хайгуулчин хийлээ. Одоо уурхайчин болмоор байна. Надад тийм мөрөөдөл байна. Би тэр мөрөөдлийнхөө төлөө зүтгэнэ ээ” гэж хэлж байсан. 2012 он хүртэл тэр мөрөөдөлдөө үнэнч яваад Оюутолгойн үйлдвэрийг ашиглалтад оруулаад зогсох шиг боллоо. Фрийдланд бол маш хурц ухаантай хүн. Хүмүүс маш муугаар хэлдэг. Тийм биш. Хурц ухаантай, чадалтай хүн. Нүд рүү хараад чиний хэн болохыг шууд хэлдэг. Хүн загнана. Гэхдээ шударга юман дээр загнана. Би тэр хүнийг муу хэлж чадахгүй. Манай Үйлдвэр, худалдааны сайд байсан хүн гэхэд надад “Танай Фрийдландад монголчууд хөшөө босгох хэрэгтэй. Зэсээр хөшөө босгож, Хөдөлмөрийн баатар цол олгох ёстой” гэж хэлж байсан удаатай юм шүү. Би хэзээ нэгэн цагт тэр хөшөөг босгох байх гэж боддог. Гэхдээ Фрийдланд монголчуудад гомдоод явчихсан. Надтай гэхэд сүүлийн 1-2 жил огт холбогдоогүй. Тэр хүн дахиж Монголд ирэхгүй байх. “Намайг үнэлэхгүй байна. Танай монголчууд миний талаар маш буруугаар ойлгодог” гэж хэлж байсан. Уг нь бол тэр хүн манай улсад маш том гавьяа байгуулсан байхгүй юу.

-Ер нь хөрөнгө оруулагч хүн тухайн баялаг нь байгаа улс орондоо нэр хүндтэй байх тохиолдол хэр олон байдаг юм бол. Энд тэндгүй л “Луйварчин, Хулгайч” гэж цоллуулах нь түгээмэл байдаг шүү дээ?

-Байлгүй яах вэ. Зүгээр монголчуудын хувьд хэлэхэд манайхан маш атаархуу хүмүүс. Өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд технологио нэвтрүүлээд ажиллаж хүчрэхгүй  байж цаг үр­гэлж атаархдаг. Зөвхөн хөрөнгө оруу­лагчид ч бус бие биедээ хүртэл тэгж ханддаг. Гадаадын хөрөнгө оруулалтын төлөө дэлхий даяар өрсөлдөж байхад манайх л түлхээд байна. Хамгийн хүчирхэг эдийн засагтай Америк, Хятад гэхэд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө чадах бүхнээ хийж байгаа. Манайх шиг эмзэг эдийн засагтай, геополитикийн  хувьд  хязгаарлагдмал улсын хувьд га­даадын хөрөнгө оруулалтыг түшиж хөгжихөөс өөр ямар ч гарц байхгүй. Тэгж байж тусгаар тогтнолоо баталгаажуулж чадна. Нээлттэй жижиг эдийн засаг гэсэн ойлголт эдийн засгийн ухаанд байдаг. Ийм эдийн засаг гадаад зах зээлд үнэ тогтоож чадахгүй ч гэсэн хөрөнгө оруулалтынхаа хөгжлийг дагаад өргөжин тэлж байдаг байхгүй юу. Бид энэ замаар явах ёстой. Оюутолгойн хувьд гар бариад бугуй барив гэгч болоод байх юм.  Бүх юмыг харьцуулж үзэж байж ашигтай байна уу гэдгийг дэнслэх хэрэгтэй. Өнөөгийн байдлаар үр дүнг дэнслэхэд эрт байна. Долоон тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн болохоор үр дүн нь шууд гарахгүй, дор хаяж 2-3 жил харах хэрэгтэй. Үйлдвэрлэл эхлээд зургаан сарын дараа луйвардсан байна гээд байж болохгүй.

-Уучлаарай, хувь хүнтэй тань холбоотой асуулт асуумаар байна л даа. Ярилцлагаа цогц болгох зорилгоор гэх үү дээ. Наад зах нь та Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ эхлэх үеэс л Оюутолгойтой  хамт байж, Хө­рөнгө оруулагч талыг төлөөлж явсан. Энэ утгаараа танд ирсэн ашиг, хожил нь юу байсан юм бэ
-Их юм сурсан. Уул уурхайн туршлагатай боллоо. Монголын хамгийн том төслийг эхлүүллээ. Би ер нь уул уурхайн салбарт орох тавилантай байсан шиг байгаа юм. Би долоодугаар ангиа төгсөөд л зуны амралтаараа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллаж байсан Болгарын экспедицтэй хоёр жил дараалан ажиллаж байсан. Сар хагас ажиллахад л хоёр мянга орчим төгрөг авдаг байсан. Тэр үеэс хойш их, бага хэмжээгээр уул уурхайн салбарт ажилласан байна.

-Тэгээд яагаад “Оюутолгой”-н гэрээ батлагдаад, яг үр ашгаа өг­дөг үед нь ажлаасаа гарсан юм бэ?
-Хувийн байгууллагад найман жил ажиллана гэдэг хангалттай хугацаа. Эндээсээ хувийн бизнестээ гол анхаарлаа хандуулах шийдвэр гаргасан.

-Таны удирддаг “INNOVA” компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?
-Уул уурхай, барилга, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх гээд олон салбарт ажилладаг.

-Танаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа ярилцлага авахад “Оюутолгойн гэрээ бай­гуулагдсанаар дэлхийн то­моохон хөрөнгө оруулагчдын их нүүдэл эхэллээ. Зууны бүтээн байгуулалт болгоё” гэх мэт романтик гэмээр үгсийг хэлж байсан байна билээ. Одоо ч тэр үгэндээ итгэлтэй байгаа юу. Оюутолгойн ажил зогсч, хөрөнгө оруулагчид гарч эхэлсэн ч гэсэн шүү дээ?
-Итгэлтэй байгаа. Гарах нь гараад, хүлээх нь хүлээгээд сууж байгаа. Тэднийг хөдөлгөх түлхүүрээ Монголын төр олох ёстой. Олох ёстойгоо мэдэж байгаа гэж найдаж байна.

-Ер нь хөрөнгө оруулагчдын хувьд Монголын улстөрчидтэй харилцах нь хэцүү байдаг уу. Олон нийттэй ойлголцох нь илүү хүнд үү?
-Энд нэг гомдол хэлмээр байгаа юм. Хөрөнгө оруулагчид ард түмэнтэй харилцахад маш хэцүү юм билээ. Хэлний бэрхшээлээс үүдээд санаагаа, хийх гэж байгаа ажлаа бодитоор ойлгуулж чаддагүй. Энэ тохиолдолд төрийн албан хаагчид нь нэгэнт хамтарч төсөл хэрэгжүүлж байгаа учраас нөхцөл байдлыг бодитоор нь тайлбарлах ёстой. Гэтэл олон нийтийн шахалтаас үүдээд нэг нь ч үг хэлж чадахаа байчихсан.. Одоо гэрээ байгуулахад оролцсон хүмүүс нь ч үг хэлэхээ байчихсан байгаа биз дээ. Ярьдаг байсан С.Баярцогт, Д.Зоригт, Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн хүртэл амыг барьчихсан. Бүгдийг нь “Чи авлига авсан. Чи худалдагдсан. Чи Монголоос зайл” гэсээр байгаад дуугарах боломжгүй болгочихлоо. Ингэж болохгүй шүү дээ. Гадна байгаа хөндлөнгийн гуравдагч хүмүүс байтугай дотор нь ажилладаг, гүйцэтгэх удирдлагад нь байгаа монголчууд хүртэл айдаг бололтой. Дуугарахгүй, хэвлэлийнхнээс дөлөөд байдаг нь гайхмаар. Хэвлэл мэдээллийнхэнд ч гэсэн гомдолтой байдаг юм. Би хувьдаа шүү дээ. Оюутолгой гэхээр л мөнгө гэж хардаг. Төлбөртэй мэдээг нь нэгдүгээр нүүрэндээ тавиад төлбөр төлөхгүй бол нүүр рүүгээ шидчихдэг. Үүнийгээ бизнес гэж ярьдаг. Угтаа бол Монголд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрөө дэмжиж болно доо. Гэтэл тэгдэггүй.

-Энэ яриаг авлаа гээд манайх лав танаас мөнгө нэхээгүй шүү?
-Тийм ээ. Түүнийг бол хэлэлгүй яах вэ.

-Та өмгөөлөөд, дэмжээд яриа өгөөд болж л байна шүү дээ?
-Би яах вэ дээ. Ганц хүн шүү дээ. Би уг нь их ярьдаг байсан юм. Гэтэл Сүхбаатарын талбай дээр нэг удаа цагаан хоолой бариад гарсан юм. Иргэний хөдөлгөөнүүдийн жагсаалын үеэр шүү дээ. Гэтэл миний ард хүрч ирчихээд нэг нь “Энэ муу урвагчийн нуруунд араас нь хутга зоочих уу” гэж хэлсэн. Тэр үеэс хойш би ил гарч үг хэлэхээ байсан.

-Айсан уу?

-Айсандаа биш ээ. Ер нь бол онцгүй юм билээ. Тэр С.Баяр тэргүүтэй хүмүүс хүртэл байнга тэгж дарамтлуулахаар залхаа байлгүй дээ. Нөхцөл байдал ийм л байгаа.

-Одоо Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэр холбоотой байна вэ?
-Сүүлийн жил гаруйн хугацаанд ямар ч холбоогүй байгаа. Би зүгээр л энэ төсөл Монголд хэрэгтэй гэсэн итгэл үнэмшилтэй хүн. Монголчууд гадаад ертөнцөд нэр төртэй баймаар, хэлсэн үгэндээ эзэн баймаар байна шүү дээ. Заримдаа ичмээр байх юм. Хөрөнгө оруулагчид үргэж зугтаад байна.“BHP” гараад явсан, “Англо Американ” орж ирж байж байгаад гараад явсан. Саяхан харин эргээд ирсэн байна лээ “Vale” бас гараад явлаа. “Peabody”, “Cliff Natural”, “Teck” гээд л томоохон компаниуд хөрөнгө оруулалтын орчин ямар болохыг хараад сууцгааж байх шиг байна.

-Эцсийн бүлэгт бид энэ бүхнээс айх, эмээх ёстой гэдгийг та энэ ярилцлагаар хэлж байх шиг байна. Хэрэв төр засаг ч тэр, иргэд ч тэр өөрийн тань хэлсний эсрэг хөдөлсөөр байвал нөхцөл байдал хаашаа эргэх бол. Холыг харахыг хүссэн асуулт гэж ойлгоорой?
-Манайхаас холгүй Чита мужид байдаг Удоканы ордыг Оросын Засгийн газар 500-600 сая доллараар үнэлээд хувийн хэвшилд өгчихлөө. Өөрсдөө төсвийн хөрөнгөө эрсдэлд оруулахгүй гэж ийм шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл тэнд стратегийн орд гэсэн ойлголт байхгүй байгаа юм.  Гэтэл тэр ордын нөөц нь Оюутолгойтой өрсөлдөхүйц түвшнийх. Нэг ёсны бид яарахгүй бол Оюутолгойн үйлдвэрлэлийн оргил үе буюу 2018-2019 оны үед Удоканы уурхай бас ашиглалтанд орж таарах юм билээ. Хятадын хилд ойрхон тийм том уурхай ашиглалтад орохоор манайд яалт ч үгүй хүчирхэг өрсөлдөгч гарч ирнэ гэсэн үг. Шууд утгаараа нийлүүлж байгаа баяжмалын үнэнд нөлөөлөл үзүүлнэ. Тэгэхээр бид энд мунгинаж цаг алдаж болохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид өрсөлдөөний зах зээлд алдах нөхцөл үүсчихээд байгааг улстөрчид ойлгохгүй бол Монгол Улс үүнийх нь төлөөсөнд хохироод үлдэнэ. Гэтэл зөвхөн Ханбогд сумын Засаг даргаар 2008-2012 онд ажиллаж байсан нөхөр гэхэд л Оюутолгойгоос суманд нь хийж болох олон ажилд саад тотгор болсон доо. Тэр сумын ард түмний хүртэж болох байсан үр өгөөжийг хаасан. Бүтээн байгуулалт хийх гэсэн газрын зөвшөөрлийг нь танил талдаа, өөрийн хүрээллийнхэндээ олгочихдог. Тэд нар нь Оюутолгойд зарах гээд дарамтална. Одоо харин шинэ удирдлага гарч ирээд тэнд харилцаа арай гайгүй болж байх шиг байна. Байнгын эрчим хүчний эх үүсвэрт холбогдлоо. Энэ мэт жижгээсээ эхлээд том хүртэлх нь асуудлыг нааштайгаар шийдчихвэл Оюутолгой Монголын хөгжил дэвшлийн зүтгүүр, хөдөлгөх хүчин хэвээр байх болно гэдэг итгэл үнэмшил, Монгол Улсын түүхэнд хамгийн том бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд гар бие оролцсон гэдэг бахархал надад байдаг юм.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж