ЮНЕСКО Монголын санаачилгыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО Монголын санаачилгыг дэмжлээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн жилийн ээлжит чуулганаараа Ардчиллын боловсролын асуудлаарх тогтоолыг Монгол Улсын санаачилгаар баталсан юм. Тэгвэл уг тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үүнд ЮНЕСКО-гийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх гэсэн Монголын талын санаачилгыг энэ өдрүүдэд Парис хотноо хуралдаж буй тус байгууллагын Ерөнхий бага хурлын ээлжит 37 дугаар чуулганаас санал нэгтэй дэмжлээ.

Монгол Улс энэ удаад “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолыг ЮНЕСКО-гийн ээлжит чуулганд оруулсныг тус байгууллагын албаны хүмүүс болон чуулганы төлөөлөгчид үр дүнтэй санаачилга хэмээн үнэлж, ийнхүү санал нэгтэйгээр баталсан байна.

ЮНЕСКО энэ удаагийн чуулганаараа 2014-2021 онд баримтлах Дунд хугацааны стратегийн баримт бичгийг хэлэлцэж буй юм. Энэ хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны гол зорилтоо “энх тайван, харилцан ойлголцол, тогтвортой хөгжлийг дэмжсэн боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал” хэмээн тодорхойлж байна. Монгол Улсын санаачилсан дээрх тогтоол ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд дэмжлэг болно гэж албан хүмүүс онцолжээ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж