Златан уу, эсвэл Роналду юу?

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Златан уу, эсвэл Роналду юу?

2014 онд Бразил улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорих үлдсэн зургаан эрхийн төлөөх Европ, Африк тивийн шигшээ багуудын шийдвэрлэх тоглолтууд өнөө шөнө болно. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн энэ цаг үеийн ногоон талбайн чимэг болсон хөлбөмбөгч Португалийн Криштиан Роналду эсвэл Шведийн Златан Ибрахимовычийн нэг өнжих нь тодорхой болсон. Роналду юу? Златан уу? Энэ асуултын хариу шөнө тодорно. Эхний тоглолтод Португалчууд нутагтаа Шведийн шигшээг Криштиан Роналдугийнхаа оруулсан нэг гоолын ачаар хожсон. Харин өнөө шөнийн тоглолт Шведийн нийслэл Стокгольм хотноо болно. Златан нутагтаа хожиж Португалийг, Криштиан Роналдуг дараа жилийн ДАШТ-ийг өнжөөхийг хүсч байна. Магадгүй Златаны хувьд дараагийн ДАШТ гэхэд одоогийнх шигээ тун сайн формтой байх эсэх нь эргэлзээтэй. Одоогийн байдлаар нутагтаа хожсон Криштиан Роналдугаар удирдуулсан Португалчууд давуу байдалтай. Гэхдээ Шведийг талбайд хожно гэдэг тун амаргүй. Тоглолтын үр дүнг урьдчилан таах ч боломжгүй. Юу үнэн гэвэл Роналду, Златаны нэг нь дараа жил Бразилд болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг зорино.

Швед, Португал хоёр хоорондоо 16 удаа учраа таарсан. Үүнээс зургаад Швед, дөрөвт нь Португал хожсон. Үлдсэн зургаан тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Хэдийгээр Швед Португалийг илүү хожсон мэт харагдаж байгаа ч 1986 оноос хойш Португалийг Шведийн шигшээ томоохон тэмцээнд хожоогүй л явна.

Өмнөх тоглолтод Португалчууд 65 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 15 удаа цохисон. Үүний гурав нь хаалга онож, 12 нь “шувуу буудсан”. Харин Швед 35 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу ердөө таван удаа цохисон. Үүний хоёр нь л хаалга чиглэсэн. Тэгэхээр хоёр багийн тоглолт талбайн төвд ширүүн өрнөсөн нь харагдана. Харин булангийн цохилтыг Португал 14 удаа, Швед дөрвөн удаа гүйцэтгэсэн гэсэн тоон баримт харагдаж байна. 

Франц – Украйн /0-2/ Хаалтад эхний тоглолтын дүнг оруулав.

Францын шигшээ баг Украйнд зочлон 2:0-ийн харьцаатай хожигдсон. Гэсэн ч Францын шигшээ баг нутагтаа Украйныг хүлээн авна. Тоглолтын өмнө 2013 оны Европийн шилдэг хөлбөмбөгч Франк Рибери сэтгүүлчдийн асуултад тун итгэлтэйгээр “Франц дараа жилийн ДАШТ-ийг зорих болно” гэж хариулж байна. Францын хөлбөмбөг уналтаас гарч, өдгөө тун боломжийн тоглолтыг үзүүлж байгаа билээ.

Харин Украйнчууд өнөө шөнө тун сайн хамгаалах ёстой. Нутагтаа оруулсан хоёр гоолоо хамгаалж чадваас Францыг ДАШТ-ээс мултлах боломжтой. Франц мултарвал томоохон шуугиан дэгдэх нь тодорхой. Өнөө шөнө Украйний шигшээд Анатолий Темощук хүч нэмэх болсон нь сайхан мэдээ болж байна. Бага зэрэг бэртэлтэй байгаа Темощук өнгөрсөн тоглолтод сэлгээнд суусан билээ.

Румын – Грек /1-3/

Хамгаалалтаараа алдартай Грекчүүд нутагтаа Румынийг 3:1-ийн харьцаатай хожсон. Өнөө шөнө Румыний нийслэл Грекчүүд нутагтаа оруулсан гурван гоолоо хамгаалахаар ирнэ. Хамгаалж чадвал “Ариун Иллиад” орны шигшээ баг дараагийн ДАШТ-д оролцоно.

Хорват – Исланд /0-0/

Исландчууд анх удаагаа ДАШТ-д оролцох боломжтой болсон. Гэхдээ Хорватчуудыг нутагт нь, нийслэл Загреб хотод хожсон тохиолдолд ДАШТ-ийг зорино. Хэрвээ Исландчууд хожвол хөлбөмбөгийн түүхэнд хамгийн цөөн хүн амтай улс ДАШТ-ийг зорьсон анхны тохиолдол болно. Гэхдээ “Реал Мадрид”-ийн Лука Модрич, “Байерн”-ий Марио Манжукич тэргүүтэй ододтой Хорватыг Загреб хотод хожно гэдэг тун амаргүй. Магадгүй Хорват дараагийн ДАШТ-ийш зорих магадлал илүү. 
 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж