
Жиргээчдийн дунд өчигдөр хамгийн олонтаа давтагдсан үг нь “Чингис хот” байлаа. Хэнтий аймгийн ИТХ хуралдаж Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг Чингис хот болгох төслийг хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Чингис хот болгох тогтоолыг гаргасантай холбоотойгоор жиргээчдийг зөв буруу гэх хоёр талд хуваалаа.
Нэгэн хэсэг нь “Өндөрхаан сайхан нэр. Солих шаардлагагүй” гэх төв байр суурийг баримтлаж байв. Зарим нь үүнийг хамгийн товчоор туйлшрал гэж дүгнэлээ. Ийнхүү шүүмжилсэн байр суурьтай жиргээчид “Өндөрхаанд нэг очоод уздээ.Чингис хаан нэр хундэднэ” “Зууны онигоо-Монголчууд нэг тосгоноо Чингис хот гэж нэрлэв”, “Чингис хот болгохоосоо өмнө жоохон юм хийхгүй.Гадныхан ирээд Чингис хотод очихоор үзээд байх юмгүй. Хааныхаа нэрээр нэрлэсэн хот нь ийм гээд л муулна” “Хэнтийн төвийг Чингис хот болгохын нутгийнхан 100 хувь дэмжлээ гэж тархи угааж байна.Олон хүн Өндөрхаан уулаараа овоглосон нэрээ өөрчлөхгүй гэж байсан” “Хэнтийн Чингис хаан хот бүтэц, зохион байгуулалт, хөгжлөөрөө Сүхбаатар аймгийн төвийн дайны болчихвол би ичихгүй, одоо бол ичиж байна” “Чингис хаан нисэх онгоцны буудал, Чингис хаан хот, Чингис зочид буудал, Чингисийн талбай, Чингис архи… Та нарт өөр нэр олдоогүй юмуу гэх байхдаа гадаадынхан” гэх зэргээр жиргэцгээв.
Харин нөгөө талд дэмжигчид зогсож байлаа. Өчигдрийн хувьд дэмжигчдийн дуу хоолой шүүмжлэгчидтэй харьцуулбал сулхан байлаа. “Хэнтий аймгийн төвг Чингис хот болгон Ииргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлаж зарлалаа. Яагаад болохгүй гэж. Архи хүртэл Чингис байхад агуу хаанаараа нэрлэв” “Чингис хот болгож болохгvй гэж vv, хятадууд нэг хотоо чингис гээд нэрлэвэл өмнө нь аваагvй малнууд гээд чарлах уу” гэх мэт жиргээг энд онцлож болох юм.
Ийм нэртэй болсонд нутгийн жиргээчдийн зарим нь ичиж, шүүмжилж суусан бол зарим нэг нь бахдаж бахархаж хүлээж авч буй бололтой Чингис хотоос мэндчилгээ дэвшүүлж хүртэл харагдана.
Шүүмжлэлийн гол хандлага гэвэл, өмнөхөн нь ойр ойрхоноор нэр ус, хөшөө дурсгал сольж буйн үргэлжлэл болж буйд дургүйцсэнд л байв. Өчигдрийн голлох жиргээ өнөөдөр ч үргэлжлэх бололтой. Жиргээд байцгаа болжморууд минь.
