
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 20 дугаар бага хурал болж өнгөрлөө. Иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ хууль ёсны язгуур эрх ашгийг тууштай хамгаалж, гишүүнчлэлээ байнга өргөтгөхийг эрхэм зорилгоо болгосон тэдний хувьд энэ удаагийн хурлаараа хэд хэдэн томоохон шийдвэрийг гаргажээ. Тухайлбал аймгийн ҮЭХ-ны дүрмэндээ шинэчлэн баталж, хөдөлмөрчдийн эрх ашиг, сонирхолыг хамгаалах талаар 2011-2015 онд явуулах бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталгаажуулсан юм. Үндсэн чиглэл нь зохист хөдөлмөр, хөдөлмөрийн хүн, хөгжлийн үндэс гэсэн үзэл санааг хангахад чиглэгдсэнсээрээ онцлогтой болсон. Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний хөгжлийг хангах, гишүүд, хөдөлмөрчдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын талаар болон нийгмийн түншлэлийг төлөвшүүлэх талаарх ажлууд тусгалаа олжээ.
М.Дэлгэржаргал
