“Талын түрлэг” бүлгэмийн сэтгүүлчид Сүхбаатар аймгийн Дарьганга нутаг дахь Талын агуйгаас хөдлөөд, зүүн урагш 57 км зам туулсны эцэст Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотолхаан ууланд хүрсэн юм. Нэн үзэсгэлэнтэй энэ хайрханд хүний хөл харьцангуй бага хүрсэн тул онгон дагшин байдлаа өнөөг хүртэл хадгалж чаджээ. Уулын эргэн тойронд галт уул дэлбэрэх үеэр үүссэн том том хүрмэн чулуунууд болон агуйнууд элбэг. Аялалын багт Эрдэнэцагаан сумын уугуул дөрвөн ч сэтгүүлч байсан бөгөөд “Ийгл” телевизийн редактор Э.Ариунцэцэг маань ээжийнхээ төрсөн нутагт анх удаа ирж байгаадаа сэтгэл нь маш их хөдөлж байв. Бид орчны байгальтай танилцаж, хэсэг саатаад, цааш Эрдэнэцагаан сумын төв уруу хөдөллөө.
Сумын төвд ирээд, юуны түрүүнд Егүзэр хутагтын музейг сонирхлоо. Энэ нутгаас төрсөн их мэргэдийн нэг том төлөөлөгч Егүзэр хутагтын дурсгалд зориулсан музей 2012 оны зун ашиглалтад орсон бөгөөд үүнийг тохиолдуулан, Хатагин хошууныхан наадмаа хийж байсан билээ.
Бидний дараагийн зочилсон “айл” сумын Соёлын төв. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан болон Дарьганга сумдад зай талбай, зохион байгуулалт, архитектур гээд бүх талаараа яг адилхан хоёр Соёлын төв ашиглалтад орж, үүдээ нээсэн нь нэг жилийн өмнөх явдал. Гэвч эзэмшиж, ашиглаж буй эздийн сэтгэл, санаачилгаас хамааран, өнөөдөр хоёр өөр өнгө зүстэй байгааг анхаарахгүй байхын аргагүй. Эрдэнэцагааны Соёлын төвийн ажилтнууд нөхцөл бололцоогоо бүрэн дүүрэн дайчилж, хөдөө нутагт соёлын үрийг тарих гэж эрмэлзэн ажиллаж байгаа нь жижиг гэлтгүй зүйлээс ажиглагдана.
Цаг орой болж, ажил тарсан тул бид өөр олон газраар орж чадсангүй, Эрдэнэцагааны отрядад буудаллав. Хуучин цэргүүд халагдаад, шинэ цэргүүд хараахан ирээгүй байсан болохоор цэргийн анги хөл хөдөлгөөн багатай байлаа. Маргааш нь бид эртлэн босч, Бичигтийн боомтыг зорьсон юм.
Түүх сөхвөл…
Сүхбаатар аймгийн зүүн урд хязгаарт орших Эрдэнэцагаан сумын төвөөс урагш 75 км яваад Бичигтийн боомтод хүрнэ. Бид эхлээд боомтын захиргаагаар орсон юм. Боомтын Ажлын албаны дарга Д.Гансүх биднийг угтан авч, боомтыхоо үйл ажиллагаатай танилцууллаа.
Анх 1963-1970 оны үед Бичигт-Хатавчийн заставын гарцаар Хэнтий, Сүхбаатар аймгийн адууг экспортолж байжээ. 1970 оноос хоёр улсын харилцаа муудсанаар хил хаагдсан байна. Ерээд оноос хоёр орны харилцаа сэргэсэн бөгөөд 1992 онд Бичигт боомт нээгдэж, улирал бүрийн эхний 15 хоногт хилээ нээж байх төлөвлөгөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.
1997 онд Дорнодын Тосон уулын 19-р талбайн гуравдугаар цооногоос газрын тос оргилж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээжээр нь цагаан дээлээ мялааж байсан түүхэн үйл явдлыг монголчууд мартаагүй. Энэ үйл явдал Бичигт боомтын хөгжилтэй салшгүй холбоотой. Учир нь тус цооногоос олборлох газрын тосыг 1998 оноос Бичигт боомтоор дамжуулан урд хөрш уруу экспортлох болсон юм. 2008 оноос Бичигт боомт нь Олон улсын зэрэглэлтэйгээр байнгын үйл ажиллагаанд шилжжээ.
1999 онд нээгдсэн Бичигтийн Гаалийн хороо нь анх Дорнод дахь Гаалийн газарт харъяалагдаж байсан бол 2004 оноос Сүхбаатар аймгийн Гаалийн газрын харъяанд шилжсэн байна. Харин боомтын захиргаа буюу Ажлын алба нь хожуу 2011 онд байгуулагдсан юм. Сүхбаатар аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар ажлын албаны даргыг томилж, хилийн боомтод төрийн захиргааны анхан шатны нэгжийг байгуулсан байна.
Газарзүйн ашигтай байршил нь Бичигт боомтын хамгийн том давуу тал болдог. Өөрөөр хэлбэл, МУ-аас далайд гарах хамгийн дөт зам энэ боомтоор дамжиж байгаа юм. Ялангуяа зүүн бүсийн аймгууд болон төв суурин газруудаас Замын-Үүдийн боомт хүртэлх зайнаас харьцангуй бага зайтай. Тухайлбал:
Д/д | Хүрэх | Замын-Үүдээс | Бичигтээс |
1 | Улаанбаатар | 700 | 860 |
2 | Багануур | 832 | 725 |
3 | Хэнтий | 500 | 510 |
4 | Дорнод | 685 | 360 |
5 | Сүхбаатар | 465 | 290 |
6 | Улаанхад | 800 | 540 |
Монголчууд БНХАУ-ын Бээжин, Эрээн, Улаанхад хотуудаас бараа материал, техник тоног төхөөрөмж импортолж, дотоодын зах зээл, хэрэглээгээ хангадаг. Гэтэл Замын-Үүд, Эрээний боомтоор импортлохоос Бичигт, Зүүнхатавч боомтоор импортлоход тээвэрлэх зай бага бөгөөд энэ нь цаг хугацаа, зардал хэмнэгдэх ач холбогдолтой.
Эндээс үзвэл, Бичигт боомт нь Ази-Европийг холбох чухал зангилаа болох бүрэн боломжтой нь харагдаж байгаа юм. Үүний тулд тус боомтыг төмөр зам, авто зам, агаарын замд холбох шаардлага урган гарч ирнэ. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэчих юм бол Бичигт боомт нь Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улс, бүр цаашилбал, Азийн улс орнуудад өгөөжтэй гэдэг дээр эдийн засагчид санал нэгддэг. Энэ боломжийг олж харсан хил залгаа аймаг, хошуу, сумдын удирдлагууд 2007 оноос эхлэн томоохон хэмжээний уулзалтуудыг удаа дараалан зохион байгуулж, Бичигтийг төмөр замтай холбох асуудлыг эрчимтэй тавих болжээ. 2011 онд Засгийн газар Дорноговиос Дорнод хүртэл төмөр зам тавих шийдвэр гаргасан нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ маршрутыг Бичигтийн боомт болон Хөөтийн уурхайгаар дамжуулах тухай яригдаж байгаа. Энэ асуудал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саяхан БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нэлээд нааштай шийдэгдсэн байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Сүхбаатар аймаг, БНХАУ-ын Ляонин мужийн хооронд найрсаг харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг үйлдсэн бөгөөд уг санамж бичигт Бичигт-Зүүн хатавчийн боомтыг монголын хоёр дахь төмөр замын боомт болгох талаар тусгажээ.
Бичигтийг чиглэсэн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ тус боомтыг түшиглэж, 10.000 орчим хүн ам төвлөрсөн хот байгуулах ерөнхий төлөвлөгөө одоогоор цаасан дээр байна. Гэхдээ ойрын таваас зургаан жилд багтаан хэрэгжүүлнэ гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байсан.
Шинэ хотыг дагаж, аж үйлдвэрийн парк, тухайлбал, дугуйны үйлдвэр байгуулах саналыг урд хөршийнхөн тавиад байгаа. Энэ үйлдвэрийг монголд байгуулах гэсэн цаад шалтгаан нь нэгдүгээрт тооны хязгаарлалтгүй, хоёрдугаарт татварын хөнгөлөлт эдлэх юм байна. Мэдээж, ажлын байр олноор бий болохоос эхлээд улсын төсөвт татвар төлөх, орон нутагтаа нэмэгдсэн өртөг шингээх гээд манайд ч ашигтай.
Хөрш зэргэлдээ орших Замын-Үүд, Эрээн хотын хөгжлийн хурд эрс ялгаатай байгааг бид мэднэ. Энэ нь худалдаа зөвхөн нэг талдаа буюу Эрээн хотод төвлөрснийх гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгвэл Замын-Үүдийн алдааг давтахгүйн тулд Бичигт хотод худалдаа, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж, хөрш хоёр хот эдийн засгийн хувьд харилцан ашигтайгаар хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригт илэрхийлж байсан. Бичигт хотын өчигдрийн болон маргаашийн дүр зураг товчхондоо энэ. Тэгвэл өнөөдөр тус боомтын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг анзааралгүй өнгөрүүлж боломгүй.
Хилийн боомтод төрийн захиргааны анхан шатны нэгж байгуулсан тохиолдол урьд нь гарч байгаагүй тул Бичигт боомтод захиргаа буюу Ажлын алба байгуулсан нь Монголд анхдагч болжээ. Гэхдээ уг нэгж нь засаг захиргааны хувьд хаана харъяалагдах вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Учир нь энэ харилцааг зохицуулах тодорхой заалт хуулинд байдаггүй. Өөрөөр хэлбэл, манай улс хилийн боомтын талаар тухайлсан хуульгүй гэсэн үг. Үүний улмаас боомтын хөгжлийн асуудал, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон ажил нэгдсэн бодлого, зохицуулалтгүйгээр өнөөдрийг хүрчээ. Хэдийгээр боомттой холбоотой харилцааг Хилийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газраас ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хийсэн хэлэлцээр, УИХ, ЗГ-ын тогтоолоор зохицуулж байгаа ч эдгээр нь дээр дурдсанчлан олон асуудлыг зохицуулах чадамжгүй. Тиймээс Хилийн боомтын тухай хууль боловсруулж батлах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм. 2013 оны эхээр Хилийн боомтын тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан бөгөөд ойрын хугацаанд нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэнэ. Хууль батлагдсанаар хилийн боомт нь зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг боомтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах болмж бүрдэх юм.
Ямартай ч өнөөдрийн байдлаар захиргаа нь боомтод ажилладаг гааль, шалган нэвтрүүлэх алба, мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн алба зэрэг төрийн захиргааны болон тусгай албадын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажиллах нөхцөл боломжоор хангах үүрэг хүлээн ажиллаж байна.
Одоогийн байдлаар боомтод харъяалагдах 13 байгууллагад 80 гаруй хүн ажиллаж байгаагаас гадна тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд гээд нийт 300-аад хүн боомтын бүсэд аж төрж байна. Иймд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн тусламжийн үйлчилгээ шаардлагатай болж байгаа юм. Цэцэрлэгийн тухайд Эрдэнэцагаан сумын цэцэрлэгийн харъяа 20 хүүхэдтэй анги нээгдээд, үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн насны хүүхдүүд одоогоор мөн сумын сургуульд хамрагдаж байгаа аж. Харин эмнэлгийн тусламжийн тухайд Эрдэнэцагаан сум эсвэл Улиастай балгаст ханддаг байна. Аль, аль нь адил зайд орших ч урд хөрш зам сайтай болохоор илүү хурдан хүрдэг, тиймээс боомтынхон голдуу Улиастай балгасын эмнэлэгт үзүүлж харуулдаг гэж оршин суугчид ярьж байлаа.
Орон байрны тухайд, захиргааныхан, гаалийнхан, мэргэжлийн хяналтынхан гээд өөр хоорондоо ялгарах намхан боловч цэгцтэй баригдсан цөөн тооны байр байгаа ч энэ нь өсөн нэмэгдэж буй хүн амынхаа хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Захиргаанаас хойхно тус бүр нь гурван саяар үнэлэгдсэн 60 айлын жишиг хороолол баригдсан ч эрчим хүчинд холбогдоогүй болохоор эзэд нь суурьшаагүй байлаа. Газрыг нь үнэгүй өмчлүүлж , хашааг нь гурван саяар үнэлсэн аж.
Боомтын захиргаа болон хяналт шалгалтын хэсэг гэрэл цахилгаанд холбогдсон. Гэхдээ БНХАУ-аас импортолж буй эрчим хүч нь харьцангуй өндөр үнэтэй байгааг Д.Гансүх дарга хэлж байлаа. Нэг газраас эрчим хүчээр хангагддаг Эрдэнэцагаан сумын төв 1 квт цахилгааны үнэд 110 төгрөг төлдөг бол боомтынхон 1 юань буюу 280 орчим төгрөг төлж байна. Эрдэнэцагаан сумын хувьд Засгийн газар хоорондын гэрээгээр төлбөрийн зөрүүг улсын төсвөөс хийдэг аж. Цаашид эрчим хүчний эх үүсвэрийг Баруун-Уртаас авахаар төлөвлөж байгаа гэнэ. Баруун-Урт нь хоёр өөр эх үүсвэрээс буюу Дорнод, Хэнтий аймгаас эрчим хүч авдаг юм.
Хилээр нэвтэрсэн зорчигч 2011 онд 2010 оноос 20%, 2012 онд өмнөх оноос 45%-аар, тээврийн хэрэгсэл 2011 онд 2010 оноос 14%, 2012 онд өмнөх оноос 64%-аар өссөн судалгаа байна. Энэ нь уг боомтоор үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо хурдацтай өсч байгааг харуулж байна. Мөн Бичигт гаалийн хороо нь улсын төсөвт 2010 онд 432.9 сая.төг, 2011 онд 1564.1 сая.төг, 2012 онд 2070.5 сая төгрөгний орлого төвлөрүүлжээ.
Тээврийн хэрэгслийн тухайд боомтоор өдөртөө талдаа 140 орчим тээврийн хэрэгсэл орж, мөн тооны тээврийн хэрэгсэл гардаг бөгөөд эдгээрийн 70 хувь нь ачааны тэрэг байх аж. Энэ нь боомтын онцлогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, боомтоор дамжин өнгөрч буй ачаа эргэлтийн 70 хувь нь газрын тос, 15 орчим хувь нь барилгын материал, тоног төхөөрөмж, үлдсэн 15 хувь нь хэрэглээний бараа байдаг байна. Цаашид боомтоор зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийн асуудлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгааг Д.Гасүх дарга хэлж байлаа.
Бичигтийн боомттой танилцсаны дараа бид боомтоос холгүй орших Лхачинвандад уулыг зорив. Дарьгангын нутаг манхан элс, молцог толгойгоор “чимэглэгдсэн” тал хээр нутаг байдаг бол Эрдэнэцагаан сум, тэр дундаа Лхачинвадад уулын орчмын газар бол ухаа гүвээ ихтэй, хангайрхуу нутаг юм. Ан амьтдаар баян Дархан цаазат Лхачинвандад хайрхан д.т.д 1233м өндөрт өргөгдсөн бөгөөд улсын хил дагуу 10 гаруй км өргөнтэйгээр 70шахам км урт үргэлжлэн сунан тогтжжээ. Тус уулыг 1965 онд дархан цаазат газарт оруулсан бөгөөд 1995 онд 58800 га талбайг байгалийн нөөц газар болгож, тусгай хамгаалалтад авсан билээ.
1886 онд Өвөрмонголын нэгэн ноён Егүзэр хутагт Ж.Галсандашид хоёр ил /бугын зулзага/ бэлэглэсэн нь өсч үржсээр 1915 оны үед 100 орчим толгой болсон байна. Хутагт бугын сүргээсээ 30 орчим толгойг таслан, Лхачинвандад уулнаа нутагшуулсан нь өдгөө мөн хэдэн зууд хүрчээ. Биднийг очих үед буга согоо олноороо таарсан бөгөөд энэ үед нутгийнхан "Та нар их азтай байна. Буга ийм олноороо тэр бүр таардаггүй юм. Та нар нутгийнхаа төлөө сайн үйлс хийж яваа болохоор зориуд олноороо өмнө чинь гарч ирж харагдаж байгаа юм байна" гэцгээж байлаа. Бид ч машины явдал дунд үсэрч, нисэх нь холгүй, зэвсгээ барьж, “овоо хараа”-гаа тохируулан, “ан хийнэ”. Аяны богцоо багагүй “олз”-оор мялаасан бид уул овоондоо цагаан сүүний дээж өргөн, сайн сайхныг хүсэн залбираад, боомтын зүг буцлаа.
Аялалын багийнхан Бичигт, Зүүн хатавчийн боомтоор нэвтрээд боомтоос урагш 65 км зайд байх Улиастай хотыг чиглэн давхилаа. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн 12 хошууны нэг Зүүн үзэмчин хошуу нь 48.000 км ам дөрвөлжин талбайг эзлэх бөгөөд нийт 70.000 орчим хүн амтай аж. Газар нутгийн хэмжээгээр Сүхбаатар аймгаас ялимгүй бага ч хүн амын тоогоор арай олон юм. Зүүн үзэмчин хошууны төв Улиастай хот нь сүүлийн 10 гаруй жилийн дотор эрс хурдацтай хөгжсөн байдаг. Үүний нууц боомтын орлого тус балгасын төсөвт шууд ордогтой холбоотой гэнэ.
Урд хөршийнхөн Бичигтийн боомтоор дамжуулан, бидэнтэй холбогдох боломжийг эрэлхийлж, алхам алхмаар урагшилж байна. Аж үйлдвэрийн парк нь эхнээсээ ашиглалтад ороод эхэлсэн. Бөөний худалдааны төв ашиглалтад орсон бөгөөд эндээс бараа татах нь Эрээнээс авахаас найман хувиар хямд үнэтэй байх боломжтой гэдгийг бидэнд хөтөч хийсэн Зүүн хатавчийн боомтын дарга Насанмөнх хэлж байлаа. Мөн барилгын материалын бөөний худалдааны төв байгуулах асуудал яригдаж байгаа. Эхний хувилбараар Улиастай хотод байгуулах байсан ч одоо Зүүн хатавчийн боомт эсвэл Бичигтийн боомтод байгуулах асуудал сөхөгдөж байгаа юм. Монголын тал Бичигтийн боомтод байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ нь дээр хэлсэнчлэн, Замын-Үүдийн алдаанаас суралцан, хилийн наана худалдаа хийх гэсэн санаа явж байгаа хэрэг. Ямартай ч, энэхүү төв нээгдсэнээр барилгын материалыг Эрээнээс 12 хувь хямд үнээр худалдаж авах боломж бүрдэх юм байна.
Зүүн-Хатавч тосгон болон Улиастай хотын дэд бүтэц, тохижилтын асуудал ерөнхийдөө шийдвэрлэгджээ. Мөн авто зам хилийн шугаманд тулж ирсэн байлаа. Төмөр замын тухайд, урдаасаа Улиастайд ороод ирсэн бөгөөд 2014 ондоо багтааж, хилийн шугаманд хүргэх зорилттой ажиллаж байгаа юм байна. Ийнхүү Бичигт боомтын гадаад нөхцөл байдал нааштай шийдвэрлэгдэж байгаа болохоор дотоод дахь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Бидний аялалын хамгийн цаад цэг нь Улиастай байлаа. Энэ хотод нэг хонохдоо сургууль, эмнэлгээс эхлээд хэд хэдэн үйлдвэртэй танилцаад, нутгийн зүг буцлаа. Аймгийн төвд хоноод, өглөө нь орон нутгийн BBS телевиз болон Баруун-Урт хотод саяхан нээгдсэн яруу найрагч, сэтгүүлч И.Батсүхийн нэрэмжит "Манайд ирээрэй" ном соёл, утга зохиолын өргөөгөөр зочлов. Мөн УИХ-ын гишүүн асан, яруу найрагч О.Дашбалбарын музейг сонирхох гэсэн ч урсгал засвар хийх гээд үзмэрүүдийг цааш хураасан байгаа гэсэн шалтгаанаар музейн ажилтнууд биднийг дотогш нэвтрүүлсэнгүй. Ингээд бид Улаанбаатарын зүг хүлгийн жолоо заллаа.
Ийнхүү өдөр тутмын сонин, портал сайт, телевизийн төлөөлөл болсон, нутгаараа овоглогдсон 10 гаруй сэтгүүлч Улаанбаатар-Баруун-Урт-Дарьганга-Эрдэнэцагаан-Бичигтийн боомт-Улиастай-Баруун-Урт-Улаанбаатар гэсэн маршрутаар 6 хоногийн турш 2500 орчим км замыг туулан аялахдаа нутгийнхаа намрын өнгө, байгалийн сайхныг үзэн, сэтгэл ихэд баясч, эрч хүчээр дүүрэн цэнэглэгдлээ. Сэтгүүлч бид байшин барьж, зам тавьж чадахгүй ч нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, болохгүй бүтэхгүй зүйлийг уудлан илчилж, сайн сайхан зүйлийг уухайлан дэмжиж, энэ бүхнээрээ улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг билээ. Аялалд оролцсон сэтгүүлчид аяны богцоо задалж, үзэсгэлэнт Дарьганга нутгийн маань экологийн өмнө тулгамдаад буй асуудлууд, Сүхбаатар аймгийн хөгжлийн тулгуур цэг болох боломжтой Бичигтийн боомтын өнөөгийн байдал, ойрын ирээдүйд сүндэрлэн босох шинэ хотын тухай, хөрш зэргэлдээ орших Улиастай балгасынхны аж амьдралын талаар цуврал нийтлэл, ярилцлага, аян замын тэмдэглэлүүдээ уншигчдадаа хүргэсээр байна.
Энэ аялалд биднийг олон хүн дэмжиж, тал бүрийн туслалцаа үзүүлснийг дурдахгүй өнгөрч боломгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн, “Мөнхчулуун” сангийн тэргүүн М.Зоригт, түүний бие төлөөлөгч Д.Болорцэцэг , “Сүхбаатар” клуб ТББ-ын тэргүүн Д.Дэлгэрцогт, Сүхбаатар аймгийн боксын холбооны тэргүүн Н.Ганибал, СХД-ийн Засаг дарга М.Чинболд, мөн аймгийн уугуул С.Төмөрхүү, Г.Чинтөмөр нарын нутгаа гэсэн сэтгэлтэй иргэд болон Онгон, Эрдэнэцагааны отрядъ, хилийн заставууд, Дарьганга, Эрдэнэцагаан сумд, Баруун-Урт сумын “Нийтлэг” үйлчилгээний хамт олон, Бичигтийн боомт, Улиастай балгасын удирдлагуудын дэмжлэгтэйгээр бид бүхэн ая тухтай аялж, ажиллаад ирлээ. Энэ өдрүүдэд нутгийн тэнгэр ч биднийг ивээж, тогтуун сайхан байлаа. Эцэст нь хэлэхэд, сэтгүүлч бид хэн нэгэн даргын тушаалаар бус өөрсдийн санаачилга, хүсэл зоригоор энэхүү аялалд нэгдсэнийг зориуд онцлон тэмдэглэе. Мөн мэргэжил нэгт нөхдөд маань нутгаа эргэх боломж олгосон хамаарах редакцийн удирдлага, хамт олонд болон бидний бэлтгэсэн мэдээ, мэдээллүүдийг олон нийтэд дамжуулан хүргэж буй хэвлэл мэдээллийнхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин