
Үүнээс өмнө өнгөрсөн зургаадугаар сард Пакистаны Засгийн газраас экс Ерөнхийлөгч Первез Мушарафыг эх орноосоо урвасан хэрэгт буруутай хэмээн мэдэгдэж байжээ. Харин Засгийн газраас ийнхүү Дээд шүүхэд хандах болсон нь Мушараф шоронгоос суллагдан, гэрийн хорионд орсонтой холбоотой аж.
Первез Мушараф хэдийнэ Исламабад хотын Улаан сүмээс зэвсэгт дайчдыг зайлуулах 2007 оны цэргийн ажиллагааны үеэр 100 гаруй хүн амь үрэгдсэн хэрэг болон экс Ерөнхий сайд Беназир Бутто, босогчдын толгойлогч Наваб Акбар Бугти нарын захиалгат аллагад буруутгагдаад байгаа юм.
Первез Мушараф нь 1999 онд цуст цэргийн эргэлтээр Ерөнхий сайд Наваз Шарифыг суудлаас нь буулгасны дараа Пакистаны Төрийн эрхийг барьж байсан аж.