Нуруу нугасны өвчин дэлхий нийтийг харшлаас дутуугүй шаналгаж байна. Үүнийг эмч нарын орчин үеийн, хотжилтын өвчин гэж нэрлэж байгаа. Жолоо болон ширээний ард олон цагаар суух зэрэг хөдөлгөөнгүй байдал нь л нуруу нугасны өвчнийг бий болгож буй томоохон хүчин зүйлийн нэг болж хувираад байгаа юм.

Нийгмийн энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах, бүх төрлийн үзлэг шинжилгээ, оношилгоо, мэс заслыг дэлхийн хэмжээнд Монголдоо хийх, эмнэлгийн салбараар дамжин гадаад руу урсдаг мөнгөн урсгалыг эх орондоо бага ч болов тогтоох тоног төхөөрөмжийн болон боловсон хүчний өндөр хүчин чадалтай “Гранд мед” эмнэлэг өчигдрийн Шинийн 15-ны билигт сайн өдөр нээлтээ хийлээ. Нуруу нугасны загвар эмнэлэг болох зорилттой тус эмнэлэгт өндөр ур чадвартай Монгол, Солонгос эмч, сувилагч нар ажиллаж байгаа аж.
Нээлтийн ажиллагаанд ЭМ-ийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа болон “Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр нарын хүндэт зочид оролцлоо.
ЭМ-ийн сайд Н.Удвал “Гранд мед” эмнэлгийг онцлон хүрэлцэн ирснээ гурван хүчин зүйлтэй холбон тайлбарлалаа. Нэгд, Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилт тавьсан. Хоёрт, “Гранд мед” эмнэлэг ашиглалтад орсноор Монголд эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлэгддэг нугасны ёзоорын дарагдал өвчнийг төгс эмчлэх боломж нээгдэж байна. Гуравт, Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-нызорилтод тусгагдсан техникийн менежментийн Монгол дахь том сургалтын бааз болно гэж найдаж буйгаа хэллээ.
Нээлтэнд ирсэн хүмүүс тоног төхөөрөмжүүдтэй нь танилцаад толгой сэгсрэн шагширч байлаа. Бүгд орчин үеийн, ихэнхи нь Монголд өөр хаана ч байхгүй төхөөрөмжүүд байна. Хамгийн гол нь эдгээр тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах эмч, сувилагч, ажилчдыг БНСУ-д олон удаа давтан сургажээ. Тухайлбал, Нуруу нугасны мэс заслын их эмч Б.Нурбек БНСУ-д 1000 орчим хагалгаанд орсон гэнэ. Их эмч Б.Нурбек дөрвөн давхарт байх хагалгааны гурван өрөөг танилцууллаа. Энэ давхрын агааржуулалтын систем бусад давхруудаас өөр гэнэ. Агааржуулалтын систем нь орчин үеийн эмнэлгүүдэд ашиглагддаг зөвхөн цэвэр агаар нэвтрүүлэх үүрэгтэй учир “вакуумжсан” гэж нэрлэдэг аж. Ямар нэгэн нян орох нүх сүвийг бүрэн битүүлж чаджээ. Өвдөг хүрэхээр гарын шингэн саван болон ус нь гоождог автомат гар угаалтуур хүртэл байна. Хагалгааны өрөө рүүгээ орохдоо мэдрэгчид хөлөө хүргэхэд л автоматаар онгойх юм. “Мэс заслын эмчийн гар юунд ч хүрч болохгүй шүү дээ” хэмээн тэрбээр тайлбарлалаа.
Хагалгааны гурван өрөөний тоног төхөөрөмж нь бүгд орчин үеийн юм байна. Хагалгааны ор нь гэхэд л өвчтөний биеийн байрлалд зохицон хотойж, гүдийж байдаг гельтэй гэнэ.
“Гранд мед” эмнэлгийн бүх тоног төхөөрөмжийг дэлхийд алдартай Seimens, General electronics, Olympus, Zeiss, Medtronic брэндийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоногложээ. Орчин цагийн шилдэг эмнэлгүүдэд ашиглагддаг PACS системийг суулгаснаар цахим эмнэлэг болох гараагаа тавьжээ. Энэхүү систем “Гранд мед” эмнэлэгт нэвтэрсэн нь дэлхийн аль ч эмнэлэгтэй алсын зайны оношилгоо эмчилгээг нэвтрүүлж ажиллах боломжтой болж байгаа юм байна.
Нуруу нугасны бичил мэс засал, дүрс оношилгоо, клиникийн лаборатори, дотор /зүрх судас, уушги, бөөр, элэг цөс/, ерөнхий мэс засал, мэдрэл, арьс харшил, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, шүд, нөхөн сэргээх, VIP үйлчилгээ гэсэн үйлчилгээг ард иргэддээ чанарын өндөр төвшинд үзүүлэх аж.
Тус эмнэлгийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч “Жигүүр гранд” групп нь саяхан эмнэлгийн барилгыг нь чанарын өндөр төвшинд хүлээлгэн өгчээ. Найман давхар энэхүү эмнэлэг нь 100 ортой, 160-аад эмч ажилтантайгаар үйл ажиллагаа явуулах юм байна.
10 сарын 21-нд барилгын нээлтийн дараа тус эмнэлэгт оношлуулах, үзүүлэх, хагалгаа хийлгэх гэсэн хүний хөлд нэг хэсэгтээ дарагджээ. ЭМЯ-наас тусгай зөвшөөрлөө хүлээн аваагүй байсан тул эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй байснаа учирлан хэлээд буцааж байсан гэнэ. Зарим нь “Яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй байна” хэмээн нулимс дуслуулан гуйж суусан байна.
“Гранд мед” эмнэлгийн зөвлөх Би Ён Жин:
-Нуруу нугасны мэс заслын эмч нарын баг “Гранд мед” эмнэлэгт ажиллана. Бид нарыг дагалдан монгол эмч нар мэс засал хийнэ. Ирээдүйд монгол эмч нарын баг нуруу нугасны мэс заслыг дэлхийн төвшинд хийж эхэлнэ хэмээн хэллээ.Ингэснээр БНСУ-д давтан сургагдсан эмч нар солонгос эмч нартай гар нийлэн ажилласнаар монголчуудыг эрүүлжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргах нь тодорхой юм хэмээлээ.
Монгол эрүүл хүний төлөө уриатай “Гранд мед” эмнэлэг өргөн их үүдээ нээлээ.
Эрүүл мэндийн сайдын хэлсэнчлэн:
Үзүүлсэн хүн бүр инээмсэглээд гараасай
Үзүүлсэн хүн бүр сэтгэл хангалуун үлдээсэй…