Монгол Улс 2014 оны нэгдсэн төсвөө хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөртөө амжиж баталлаа. УИХ дахь АН болон МАН намын бүлэг хэд хэдэн асуудал дээр санал зөрөлдөж, хэлэлцүүлгийн явцад хэсэгтээ завсарласан ч эцэст нь бараг л нэг амьсгаагаар дөрвөн шатны хэлэлцүүлгийг хийж дууслаа.
ДНБ-ий 33.6 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг төсөв рүү татан оруулж, тэндээсээ эргүүлээд ДНБ-ий 35.6 хувьтай дүйх зарлагыг хуваарилна. Тоогоор илэрхийлбэл, 6 их наяд 883.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 7 их наяд 239.8 тэрбум төгрөгийн зарлага гаргана. Төрийн нуруун дээр яваа ачаа гэж хэлэхээс илүүтэй төрийн эдийн засаг дахь оролцоог төсвийн энэхүү хэмжээгээр илэрхийлж болно. Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд улсын төсвийн орлогын 70 орчим хувийг татвараас, энэ дундаа төр оршин байгаагийнхаа хувьд сүр далайлган авдаг татварын орлогоос бүрдсээр ирсэн жишиг ирэх ондоо төдийгүй ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөхгүй бололтой.
Тэр дундаа уул уурхайн экспортын орлогоос хамааралтай орлого төсвийн үлэмж хувийг бүрдүүлэхээр байна. Уг нь баялаг үйлдвэрлэгчид буюу ашиг, орлоготой аж ахуйн нэгж, ажилтай иргэдийн тоо нийгэмд олширвол тэдний ашгийн болон орлогын албан татвараас төсөв дэх татварын орлогын дийлэнх бүрддэг болох юм. Одоохондоо ийм үзүүлэлт Монгол Улсын нэгдсэн төсвөөс харагдахгүй байгаа. Энэ нь тухайн улс оронд дундаж давхарга бий болж чадсэн эсэх нийгмийн дүр зургийг харуулдаг нэг хэмжүүр. Тэгэхээр Монголд чинээлэг дундаж давхарга хангалттай бүрдээгүйг төсвийн орлого харуулсан хэвээр.
Харин эрх баригчдын хувьд дээрх үзүүлэлт мэтийн асуудал огт сонин байсангүй. Тэдний хувьд нийгмийн анхаарлыг авлигын албан ёсны хэлбэр болтлоо идээшсэн төсвийн хөрөнгийг зувчуулдаг хөрөнгө оруулалтад түлхүү хандуулахыг чармайсан нь нэг талаас яах аргагүй дэвшил байлаа. Ерээд оноос хойш л Монголд яригдах болсон авлигын хэлбэр хэд хэдэн үе шаттайгаар өрнөсний эхэн үе нь өмч хувьчлалын ард явагдсан бол ерээд сүүлээр төсвөөс тендер хүртдэг хэлбэрт шилжээд байсан. Харин 2000 оны эхээр албан тушаалын арилжаа, лицензийн наймааг дагаж цэцэглэсэн бол сүүлийн дөрвөн жилд төсвийн хөрөнгө оруулалтын ард амьдарч ирсэн хэрэг аж. Хөрөнгө оруулалт нэрээр энд тэнд баригдаж буй эмнэлэг, цэцэрлэгийн барилгаас эхлээд төсвийн хөрөнгөөс санхүүжиж байгаа объектүүд өндөр өртөг нэхэж эхэлсэн нь ардаа хэсэг бүлгийнхний авлига, ашгийг шингээгээд байсан хэрэг. Авлигын нэг хэлбэр боловч албан ёсны байдалтайгаар эзэддээ хүрдэг энэ аргыг 2014 оны төсвийн төсөл бэлээхэн илчилснийг хаа очиж эрх баригчид нууцалсангүй. “Авлигажсан төсөв” гэсэн нэр томьёонд оруулж, буруу жишгээс буцах алхам хийсний үрээр энэ удаад 300 тэрбум төгрөгийн хэмнэлтийг төсөвт хийлээ. Баригдаад эхэлчихсэн барилгуудын ажлыг царцааж, аудит оруулж “авлигагүй” үнийг нь бодитоор тогтоохоор болсноо “хөрөнгө оруулалтын реформ” гэж нэрлэлээ. Шинэчлэлийн гэх Засгийн газар маань тодотголдоо тохирох нэг алхам хийлээ гэсэн үг.
Гэхдээ эрх баригчид үнэхээр шинэчлэлийг зорьсондоо ийн шийдэмгий хөдлөв үү, эсвэл эдийн засгийн орчин эвгүйрхэж, экспорт буурч, хүссэн хүсээгүй хоолоо сойхоос аргагүйд хүрсэн өнөөгийн байдал тэдний чихийг зөөллөөд өгөв үү? Өмнөх жилүүдийнх шиг экспортын орлого, хөрөнгө оруулалт халгиж цалгиж байсан бол үнэндээ “авлигаас” татгалзаа ч уу, үгүй ч үү… гэх эргэлзээ олон нийтэд байна. Хямрал бол боломж гэдэг үгийн тайлал төсөв дэх авлигыг илчилсэн үр дүнгээр илэрч байгаа нь ч энэ байж мэдэх юм.