Нэг жишээ дурдъя. “Оюутолгойд ажилд орохын тулд Зуучлах товчооны үүдэнд хонон өнжин дугаарлаж, Өмнөд Солонгосыг зорьдог байсан үеийнх шиг бэрхшээлтэй. Том арын хаалга хэрэгтэй” гэлцдэг. Үүний худлыг бас уржигдар нүдээрээ харлаа. Оюутолгойд ямар ч танилгүй боловч ажиллах хүсэлтэй, 22 настай Э.Амарсанаа гэдэг залуу ёстой л “Юмыг яаж мэдэх вэ” гэж бодоод хүнд механизм жолоодох сургалтад хамрагджээ. Бүртгүүлсэн хүмүүс хуваарийнхаа дагуу Оюутолгой руу явах гэж байхад нь горьдоод хараад зогсч байтал аз таарч долоон хүн дутсан байна. Гэнэтийн ажил гарсан ч юм уу, тэд ирсэнгүй. Сургалтад хамрагдсанаа хэлээд “Явж болох уу” гэсэн чинь ёстой л шууд “ачаад” явчихсан байгаа юм даа. Тэгэхээр чадвар л байвал арын хаалга энэ тэр хэрэггүй л байгаа биз дээ. Энэ мэтчилэн болж өгвөл ноолоод байдаг тоглоомын гэрээ биш гэдгийг мэдсээр байж учраа мэдэх хүмүүс ийм яриа гаргаад байгаа нь харамсалтай.
Манайхан 35-аас дээш насны ажилгүйчүүдээ ажлын байртай болгох талаар хэзээ анхаарч байсан юм бэ. Нэг дор 4000 орчим ажлын байр бий болгоод амьжиргааг нь дээшлүүлсэн тохиолдол сүүлийн 20 жилд бий билүү. Ажилгүй залуусаа архи ууж, сэлгүүцлээ гэж л ярьж байснаас биш цалин хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц тэтгэмж сар болгон өгөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд үнэ төлбөргүй үй олноор нь сургаж байсан уу гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхээр “Оюутолгойгоор оролдох нь талхаа өшиглөж тоглосонтой ижил” гэдэг нь үнэн байгаа биз.
Харин тэр оролдоод байгаа улстөрчид, жагсагчдын хувьд талх ч үгүй, юу ч үгүй л болгох болов уу. Лав тэр хүмүүсээс ажил гуйгаад нэмэргүй. Сургалтын төлбөр нэхвэл ам руу алгадах биз. Сард ганцхан хувий хүүтэй 30 хүртэлх сая төгрөгийн зээлийн тухайд бүр яриад ч хэрэггүй. Тиймээс хэнд итгэх гэдгээ шийдэхийн өмнө хэн юу хийж байна, юу хийхээр зорьж байна вэ гэдгийг бодох ёстой болж байна. Иргэд өнөөдөр хүний хөгжил сангийн мөнгөнд яагаад дугаарлаад байна вэ. “Төр надад эх орны маань баялагаас хувь хүртээж байна. Би хүртэх эрхтэй” “гэсэн бодлоор очиж байгаа. Түүнээс биш зүгээр л мөнгө гэвэл айгаад тэр бүр очихгүй болов уу. Энэ 21 мянган төгрөг бол их утга учиртай мөнгө. Мөнгөний хэмжээндээ гол нь биш гэдгийг өнөөдөр иргэн бүр ойлгохтойгоо болжээ. Тэд “Төрд зүгээр бэлэглэх мөнгө байхгүй ” гэдгийг ч мэднэ. “Оюутолгойн гэрээний урьдчилгаа төлбөрт орж ирсэн мөнгөөр засгийн газар санхүүжүүлж байгаа”-г ч ойлгож байна. Дэмжсэн учраа авч байгаа гэсэн үг. Жагсагчид ч гэсэн хэдийнээ авч, хувиа хүртсэн байх. Ард түмэн хангалтай мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон. Тэдний тархийшг угаахад амаргүй болсон шүү, улстөрчид өө.”Оюутолгой” компанийн сайтаар ороод хүссэн мэдээллээ олоод авна. Канадын телевизээр монголын засгийн газраар гаднын хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээний зүйл, заалтыг яриад сууж байж уу, үгүй юу гэдгийг ч мэдчихнэ. Тиймээс улс орны хөгжил, ард түмний амжиргаатай холбоотой энэ том төсөл рүү хэтэрхий жижигхэн чулуу шидээд элс, хайрга цацаад байха хэрэг байна уу.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин